“Deepfake” бичлэгийг хэрхэн ТАНИХ вэ?


Ц. Эрдэнэ | YOLO.MN
2021-10-27

Мэдээлэл, технологийн салбар асар хурдацтай хөгжиж байгаа нь сайшаалтай ч үүнийг дагаад олон эрсдэл үүсэж байгаа нь нууц биш. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид интернэт хэрэглэгчдийг багагүй төөрөгдөлд оруулдаг “deepfake” хэмээх технологийг товчхон танилцуулах болно.

Энгийнээр тайлбарлавал “deepfake” гэдэг нь хэн нэгэн хүний царай төрх, дуу хоолойг ашиглан хийгээгүй зүйлийг нь хийсэн, яриагүй зүйлийг нь ярьсан мэтээр дүрслэх боломжтой технологи юм. Хэдийгээр уг технологийн кино урлаг, видео тоглоомын салбарт үзүүлэх давуу тал үнэлж баршгүй ч үүнийг муугаар ашиглан хуурамч зураг, дүрс бичлэг бүтээх нь түгээмэл байна. 

“Deepfake” хэрхэн бүтдэг вэ?

Үүнийг хийхийн тулд чамд ухаалаг гар утас, тухайн хүний зураг эсвэл бичлэг байхад л хангалттай. Гэхдээ үүгээр хийсэн “deepfake” бичлэгийг хуурамч гэдгийг энгийн хүн ч хараад таньдаг. Тиймээс чадварлаг “deepfake” бүтээгчид маш өндөр хүчин чадалтай техник технологийг ашигладаг билээ.

Үйл явцын  хувьд A хүний царай, биеийн хөдөлгөөн, дуу хоолойг B хүнийхээр орлуулах замаар бүтээнэ. Жишээ нь, чи тийм ч сайн бүжиглэдэггүй байлаа гэхэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дурын бүжигчний бичлэг дээр өөрийн биеийг орлуулан түүн шиг эвсэлтэй бүжиглэж байгаа мэт “deepfake” бичлэгийг гаргаж болно. Ерөнхийдөө бичлэгийн чанар сайн байх тусам хуурамч эсэхийг нь танихад амаргүй байдаг.

Тэгвэл энэ төрлийн контентийг хэрхэн таних вэ?

Үүнийг таних хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, тухайн контентыг цацсан байгууллага найдвартай эх сурвалж мөн эсэхийг бататгах. Хоёрдугаарт, сайтар ажиглах. Өөрөөр хэлбэл, тухайн бичлэг дээрх хүн нүдээ хэр ойр давтамжтай цавчиж байгааг ажиглаарай. Ихэнх “deepfake” бичлэг дээрх хүмүүсийн нүдний цавчилтууд хэт удаан, хэт хурдан, аль эсвэл нүдээ огт цавчихгүй байх нь бий. Мөн зарим тохиолдолд бичлэг дээрх хүний арьс, үс нь хэт өөгүй, цаашлаад гэрлийн тусгал нь буруу байдаг. 

Нийтлэлийн төгсгөлд жүжигчин Tom Holland болон Robert Downey Jr. нарыг "Back to the Future" кинонд тоглуулсан "deepfake" бичлэгийг хүргэж байна. 

Эх сурвалж: Business Insider, The Verge, DeepTomCruis

 

#Технологи #Deepfake