Видео тоглоом хөгжүүлэгчдийн хар дарсан зүүд бол ХААЛГА


Ц. Эрдэнэ | YOLO.MN
2021-10-14

Бид видео тоглоом тоглох үедээ өвөрмөц хэв шинж, дүр, газрыг нь маш сайн санадаг ч хаалгыг нь тэр бүр санаад байдаггүй. Гэвч видео тоглоом хөгжүүлэгчдийн хувьд хаалганы асуудал яг л хар дарсан зүүд шиг хэцүү сорилт аж.

Ихэнх тоглоом хөгжүүлэгчдийн хэлж буйгаар хаалгыг маш олон төрлийн нөхцөл байдалд ашиглах шаардлагатай болдог тул хөгжүүлэхэд цаг хамгийн их ордог гэжээ. Бодит амьдрал дээр бид хаалганы бариулыг барьж доош нь дараад түлхэхэд л онгойдог. Гэвч видео тоглоомын хаалга тоглоомын систем, нөхцөл байдал, дүр гээд бүхий л зүйлтэй нийцэх шаардлагатай байдаг.

The Last of Us Part II тоглоомын хөгжүүлэгчийн хэлж буйгаар "Хаалга бол хөгжүүлэлт хамгийн их ордог объект. Тоглогч өрөөний хаалгыг онгойлгох шаардлагатай боллоо гэж бодъё. Гэвч энэ үед хаалга ид шидийн мэт нисээд алга болж болохгүй шүү дээ. Тоглогч хаалганы бариулыг гараараа барьж, зарим тохиолдолд түлхүүр, товчны тусламжтайгаар онгойлгох шаардлагатай тулгардаг. Мөн хаалга чамайг дараагийн өрөө рүү яваад даалгаврыг гүйцэтгээд ирэхэд хаагдчихсан байвал яах вэ? Энэ мэт хаалгатай холбоотой ээдрээтэй олон асуудал байдаг” гэжээ.

Бас нэгэн хөгжүүлэгчийн дурдсан асуудал бол харагдах өнцөг. Зарим тохиолдолд тоглогч хаалгаар нэвтрэхэд алдаа гарч “third person camera” буюу тоглоомын дүрийг харуулдаг камер хаалганд гацдаг. Иймээс хөгжүүлэгчид дараах гурван шийдлээс сонгох шаардлагатай нүүр тулдаг байна.

1. Хаалгагүй байх - Хэдий инээдтэй ч яах аргагүй нэг шийдэл бол хаалгагүй байх. Цөөнгүй видео тоглоомууд энэ аргыг хэрэглэдэг. Нэг ёсондоо тухайн орчныг анхнаас нь хаалгагүйгээр хөгжүүлснээр дээрх асуудлууд шийдэгдэх юм.

2. Маш том хаалгатай болох – Ингэснээр харагдах өнцгийн асуудал шийдвэрлэгддэг.

3. Төгс хаалга бүтээх – Хэрвээ тоглоом бүтээгчид тоглоомыг яг л амьдрал дээрх шиг орчин нөхцөлтэйгөөр дүрслэх зорилготой бол хэцүү ч гэсэн төгс хаалгыг бүтээх хэрэгтэй.

Эх сурвалж: Vox, The Verge, Games Radar

#Сонин хачин #Видео тоглоом