TEDx Talks: Стресстэй хэрхэн НАЙЗЛАХ вэ?


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-10-04

Ихэнх хүмүүс стресс өөрсдөд нь зөвхөн сөргөөр нөлөөлдөг гэж боддог байх. Хэрэв чи ч бас ингэж боддог бол энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай. Бид “TEDx Talks”-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг илтгэгчдийн нэг Kelly McGonigal-ийн “Стрессийг хэрхэн найзаа болгох вэ?” илтгэлийг орчуулан хүргэж байна.

Kelly McGonigal нь салбартаа нэртэй сэтгэлзүйч бөгөөд Стэнфордын их сургуульд урилгаар лекц уншдаг нэгэн. Тэрээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хүмүүст эрүүл мэндийн холбогдолтой зөвлөгөө хүргэсэн ч үр дүн нь тийм ч сайн байсангүй. Энэ асуудал яалт ч үгүй стресстэй холбоотой байв.

Өмнө нь тэр хүмүүст стресс энгийн нэгэн ханиадыг ч зүрх судасны өвчин болгох эрсдэлтэй талаар ярьдаг байв. Харин одоо тэр стресстэй холбоотой сөрөг бодлуудаа судалгаа шинжилгээний үндсэн дээр ор үндсээр нь өөрчилсөн байна.

СТРЕССИЙН ҮР НӨЛӨӨГ ХАРУУЛСАН ТУРШИЛТ

Kelly бүтэн найман жилийн турш 30,000 гаруй америкчуудын дунд туршилт явуулсан байна. Тэрээр оролцогчдоос “Чи өнгөрсөн жил хэр их стресстсэн бэ?”, “Стресс чиний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэгт итгэдэг үү?” гэсэн үндсэн хоёр асуултыг асуужээ.

Үүний үр дүнг тэрээр нас баралттай холбон тайлбарласан юм. Тухайлбал, их хэмжээгээр стресст орсон хүмүүсийн нас барах эрсдэл 43 хувь байсан. Гэхдээ энэ тоо стресс эрүүл мэндэд нь халтай гэж боддог хүмүүст л хамааралтай байв. Өөрөөр хэлбэл их хэмжээгээр стресстсэн ч энэ нь эрүүл мэндэд нь тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэж боддог хүмүүсийн нас барах магадлал харьцангуй бага байжээ. Стрессийн тухай бодлоо өөрчлөхөд бие махбодын чинь стресст үзүүлэх хариу үйлдэл хүртэл өөрчлөгддөг байх нь.

Дээрх судалгааны үр дүн итгэмээргүй санагдаж байж магадгүй юм. Тэгвэл энэ үйл явц хэрхэн явагддагийг Харвардын их сургуулийн судалгааны багийнхан судалжээ. Тэд судалгаа эхлэхийн өмнө оролцогчдод стресс тэдний бие махбодод хэрхэн эерэгээр нөлөөлж болох тухай мэдээлэл өгсөн юм. Жишээ нь, стрессийн үед зүрхний цохилт болон амьсгал хурдасдаг. Ингэснээр бие махбод болон сэтгэл зүй чинь аливаа сорилтод бэлэн болдог. Ийнхүү судалгааны төгсгөлд оролцогчид стрессийг харьцангуй хөнгөн давсан төдийгүй өөртөө итгэлтэй болсон байлаа.

Стрессийн үед зүрхний цохилт хурдассанаар судас чинь зурагт үзүүлсэн эхний судас шиг нарийсдаг. Байнга ийм байснаар зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлтэй. Харин судалгаанд оролцогчид стресс өөрсдөд нь эерэгээр нөлөөлж болохыг мэдсэн учраас зүрх нь хүчтэй цохилж байсан ч зүрх судасны үйл ажиллагаанд хал болох хэмжээнд байсангүй. Үнэндээ энэ хэмжээ нь баяр хөөртэй байх үеийнхтэй нь ижил байв.

Kelly McGonigal хэлэхдээ “Энэ судалгааны дараа миний зорилго үндсэндээ өөрчлөгдсөн. Өмнө нь би стрессийг аль болох үгүй хийхийг хүсдэг байсан. Харин одоо стрессээ зөв чиглүүлэх чадвартай болоход чинь туслахыг хүсэж байна” гэжээ.

Стресс эерэг нөлөөтэй байж болно гэдгийг ойлгосон бол дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

1. Завсарлага авах – Стресстэй нөхцөл байдалд орсон бол юун түрүүнд завсарлага аваарай. Ажил, хичээлээсээ түр холдож, гадуур алхаад хүнгүй газар сууж ч болох юм. Ингэснээр нөхцөл байдлыг байгаагаар нь харах боломжтой.

2. Хөгжим сонсох – Намуухан аялгуутай хөгжим сонсоорой. Ийм хэмнэлтэй хөгжим цусны даралтыг бууруулж, сэтгэлзүйг тайвшруулах чадалтай байдаг.

3. Шоколад идэх – Хэрэв богино хугацаанд үр дүнд хүрэхийг хүсвэл бага зэргийн шоколад идэж болох юм. Шоколад идсэнээр биед аз жаргалын эндорфин даавар ялгардаг бөгөөд үүний тусламжтайгаар бид асуудлаа илүү тайван сэтгэлзүйтэйгээр шийдэж чадах юм.

4. Инээх – Эндорфин ялгаруулах бас нэгэн арга бол инээх. Тиймээс дуртай инээдмийн цуврал, эсвэл комеди шоугаа үзээрэй.

#Хувь хүний хөгжил #Стресс #Найз