ЗАХИДАЛ: Уйлж байгаа бичлэгээ интернэтэд тавьснаас болоод нөхцөл байдал ДОРДСОН


ССҮТөв | YOLO.MN
2021-08-09

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би тэр хүүхдэд атаархсан

Би 12 настай, эмэгтэй. Үеийнхэн маань надаас түрүүлж яваад байх шиг байна. Хэд хоногийн өмнө би Фэйсбүүк дээрээс нөгөө ангийнхаа хүүхдийн нэг постыг харсан юм. Ээж нь англи хэлний багш. Би өөрөө зөвхөн англи хэл ч гэлтгүй олон хэл сурах хүсэлтэй. Харин тэр хүүхэд энэ зун Lingors-ийн эрхийн бичгүүд авсан байсан. Би атаархсан ч гэх үү, өөртэйгөө харьцуулсан. 

Энэ бол ганцхан энэ удаа болж буй зүйл биш ээ. Тэр англи хэлний, бүжгийн дугуйланд явдаг, хичээлдээ сайн, математикийн олимпиадад олон орж байсан, дуулдаг. Харин би өөрийгөө харааж их жигшсэн. Би хичээлдээ дажгүй сайн ч гэсэн надад муухай санагдсан. Тэгээд англи хэлээ сайжруулах гэхээр надад "ингэж хий" гээд зааварлах хүн байхгүй. Ээж, эгч маань надад хааяа тусалдаг ч тийм ч их биш. Би өөрөө хичээх гэхээр зуны амралт эхлээд, залхуу хүрээд. Энэ тухайгаа найздаа хэлэх гэхээр хөдөө явчихсан. 

ЗӨВЛӨГӨӨ: Энэ нийгмийн хаа нэгтээ чамаас чадвартай хүмүүс байх л болно. Мөн чиний чаддаг зүйлийг хийж чадахгүй хүмүүс ч байх болно. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд үе тэнгийнхээ хүмүүсийг ажиглаж, тэдэнтэй өөрийгөө харьцуулж эхэлдэг. Өсвөр нас гэлтгүй ямар ч насны үечлэлд өөрийгөө бусадтай харьцуулах хандлага байдаг. Үүнээс харахад байдаг л зүйл мэт харагдана.

Гэвч өөрийгөө бусадтай хэт харьцуулах нь эерэг болоод сөрөг талтай. Аливаа зүйлд чадвартай хэн нэгнийг хараад "би ч бас чадна, тиймээс хичээх болно" гэх мэтээр эерэг байдлаар өдөөгдөж болно. Нөгөө талаар өөрийгөө хэт доошоо хийж бусадтай харьцуулах үед аливаа зүйлд идэвхгүй, сонирхолгүй болдог. Энэ нийгмийн хаа нэгтээ чамаас илүү чадвартай хүмүүс байх болно. Мөн чиний чаддаг зүйлийг хийж чадахгүй хүмүүс ч байх болно.

Чиний амьдрал бусдын амьдралтай үүрд огтлолцохгүй тул өөрөөс чинь чадвараар илүү сайн байгаа хүнийг үнэлж магтаж, дутуу байгаа хүнд урмын үг хэлж байхыг хүсье. Ингэснээр өөрт мэдрэгдэж байгаа дарамтаа өөрийн дотроос чөлөөлөх боломж бүрдэнэ. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Хамтдаа гадаад явах талаар ярилцсан ч гэр бүл нь хариу хэлээгүй. Хэрвээ би яваад, тэр минь үлдвэл...

Сайн байна уу? Би 17 настай. Энэ жил 12 дугаар ангид орно. Багаасаа л гадаадад суралцахыг хүсэж, зорилгынхоо төлөө хичээнгүйлэн суралцсанаар зорилго маань бараг л биелж байна. Гэр бүлийнхэн ч миний хүслийг дэмжиж, яадаг ч байсан гадаадад сургана гээд шийдчихсэн юм. Тэгээд яг л ингээд бүх зүйл болчихсон, ирээдүй гэрэлтэж байгаа мэтээр мэдэрч байтал...

Би найз хөвгүүнтэйгээ үерхээд хоёр жил болж байна. Манай нөгөө ангийн хүүхэд л дээ. Намайг үргэлж дэмжиж, ойлгож, хамгаалж энэ бүх хугацаанд дэргэд минь байсан хүн минь. Хоёрхон жилд хамтдаа маш ихийг бүтээж тэр хэрээрээ бие биендээ маш их дассан. Өмнө нь "хэрвээ би яваад чи үлдвэл яах вэ?" гэх мэтээр ярилцаж байсан ч сүүлд нь шийдтэй хариугүй хоёулаа гуниглаад үлддэг байлаа.

Харин надад цаг хугацаа өнгөрөх тусам хэцүү болж, тэр хүн байхгүй бол хаашаа ч явмааргүй санагддаг болчихсон. Хамтдаа явах тухай ярилцсан ч гэр бүл нь хариу хэлээгүй. Ер нь л худлаа. Явж чадахгүй юм шиг санагдаж байгаа ч явахаас өөр аргагүй. Явчихвал хамаг аз жаргал байхгүй болчих юм шиг хэрнээ үлдвэл ирээдүй харанхуйлж байгаа мэт мэдрэмж өдөр бүр шаналгаж байна. Яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хол зайны харилцаа хэцүү ч ойлголцож чадсан хосууд харилцаагаа илүү бат бөх болгосон тохиолдлууд бий.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хамтдаа явахыг хүссэн ч нөгөө талын шийдвэр боломжгүй бол нөхцөл байдлыг хүссэнээрээ өөрчилж чадахгүй шүү дээ. Өөрийн хүчнээс давсан зүйлийг шийдэх гэж оролдох нь зөв үү? Хэрэв ганцаараа явахаар болсон бол харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар ярилцсан уу? Хосын харилцаанд одоо мэдэрч байгаа мэдрэмжээ хоорондоо ярилцах нь их чухал байдаг. Харилцах явцдаа асуудлаа шийдвэрлэх гаргалгаа олж чадна.

Тиймээс өөрийнхөө бодлыг, түүний бодлыг сонсоорой. Мөн хол зайны харилцаа хэцүү ч ойлголцож чадсан хосууд харилцаагаа илүү бат бөх болгосон ч тохиолдлууд байдаг. Мөн бие биенээсээ тусдаа байх хугацаандаа хувь хувьдаа илүү хөгжиж болох үе ч байж болно. Хол зайны харилцаатай болох юм бол ямар нэгэн асуудал тулгарвал хэрхэн шийдвэрлэх дүрмээ өөрсдөө тогтоогоорой. Харилцаанд гарах үл ойлголцол, ойлгомжгүй байдал, завгүй байх үе гэх мэт болзошгүй нөхцөл байдлуудыг тооцоолон хоорондоо ярилцахыг зөвлөж байна.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Мэдэрч буй зүйлээ гэр бүлийнхэндээ хэлэхэд хэрүүл болдог. 

Сайн байна уу? Би өсвөр насны эмэгтэй хүүхэд. Би найзуудтайгаа үнэхээр ний нуугүй сайн харьцдаг ч гэр бүлийнхнийхээ хажууд чимээгүйхэн байдаг. Миний сонирхлыг үнэлэхгүй эсвэл надад таалагдаж байгааг (сонирхдог төрлийн кино, хөгжим, хүн гэх мэт) хийхгүй байхыг шаардах үед уурлаж гомддогоо найз нартаа илэрхийлж ойлгуулж чаддаг ч гэр бүлийнхэндээ сайн ойлгуулах гэж оролдох үед хэрүүл болдог. Би бусад ээж аавууд бас ингэдэг болов уу гэж бодоод дуугаа хураадаг. Тэрнээс болж аав ээжтэйгээ ний нуугүй сайн ойлголцож чаддаггүй. Би олон газраас хайж судалж үзэхэд судалгааны ихээхэн хувь нь нэг өдөр аав ээжтэйгээ ярилцахыг зөвлөсөн байсан. Гэхдээ би ярилцахыг хүсэхгүй байна. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Оролдлого хийхгүй бол нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй шүү дээ.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд хүүхдүүд эцэг эхтэйгээ ойлголцож ярилцахаас илүүтэй найзуудтайгаа ярилцаж, ойлголцож чаддаг. Яагаад ийм нөхцөл байдал үүсдэг вэ? Ихэнх үед бидэнд зөвлөгөө, зааварчилгаа өгдөг хэн нэгнээс илүүтэй зүгээр л сонсдог нэгэн хэрэгтэй байдаг. Эцэг эх хүүхдээ байгаагаар нь сонсохоос илүүтэй зааж, зөвлөдөг тул хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцахаас зайлсхийх байдал ажиглагддаг. Найзууд зөвлөгөө өгөх гэхээсээ илүүтэй бидний ярьж байгаа зүйлсийг сонсож байгаагаа “тэгсэн юм уу”, тэгээд юу болсон бэ”, “ямар гоё юм бэ”, “таагүй санагдлаа” гэх мэтээр бататгасан үгнүүдийг харилцаандаа их ашигладаг. Ингэснээр байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмж авдаг тул, найз нөхөдтэйгөө харилцахад илүү ойр дотно байдаг.

Эцэг эхтэйгээ дотно харилцмаар байна гэдгээ илэрхийлээрэй. Эхний алхмыг хийхээсээ битгий зугтаарай. Тэдэнтэй илүү сайн ярилцаж, ойлголцохыг хүсэж байна. Мөн намайг сонсохдоо ямар нэгэн нөхцөл, шаардлага тавихгүйгээр байгаагаар минь хүлээж авахыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй. Оролдлого хийхгүй бол нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй шүү дээ. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Нэг ч удаа харж, уулзаж байгаагүй хүнтэйгээ үерхсэн ч...

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Жилийн өмнө би хуучин сургуулийнхаа эрэгтэй хүүхэдтэй танилцаад удаагүй үерхсэн юм. Нэг ч удаа харж байгаагүй, уулзаж байгаагүй хүүхэд. Гэхдээ тэр үед би хөдөө байсан болохоор сэтгэл хөдлөлөөрөө түүнтэй үерхчихсэн юм. Миний анзаарснаар тэр надад маш их хайртай, надад чинь сэтгэлээсээ сайн болчихсон байсан.

Удалгүй би хотод ирсэн. Ирсэн өдрөө түүнээс шууд салчихсан. Тэр миний араас зөндөө гуйсан. Гэхдээ түүнтэй нэг ч удаа уулзаагүй, түүнийг зөвшөөрөөгүй. Тэр үед надад араас хүн гүйгээд байх ядаргаатай санагдсан болохоор би түүнд "би өөр хүнд хайртай, тэрнийг мартах гэж чамтай үерхсэн" гээд хэлчихсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй.

Харин саяхнаас түүнтэй дахин чатлаад уулзаж үзсэн. Тэр миний төсөөлснөөс маш өөр. Бүх зүйл нь таалагдсан. Одоо чат ирэх болгонд түүнээс байгаасай гэж хүсээд түүнтэй өдөр болгон уулзмаар санагдаад, өдөр шөнөгүй бодолд минь эргэлдээд, стори хийхдээ зөвхөн түүнд зориулсан стори хийдэг болчихлоо.

Би түүнд сайн болчихсон юм болов уу? Өөрийгөө ойлгохгүй байна. Яаж түүнтэй дахин харилцаагаа сэргээх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ нуух биш, илэрхийлж байгаарай. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өмнө нь сайн танихгүй байсан болохоор татгалзсан байна. Харин одоо илүү сайн мэддэг болсон тул түүнд татагдаж байгаа юм байна. Үүнд буруу зүйл байхгүй. Тухайн нөхцөл байдал л тийм байсан байна. Харин одоо түүний гаргаж байгаа сэтгэлээс татгалзах хүсэл байхгүй байгаа бололтой. Түүнтэй харилцахыг хүсэж байгаа болохоор мэдрэмжээ батлахын тулд энэхүү захиаг илгээсэн болов уу?

Яг одоо түүнтэй харилцахад юу садаа болоод байгаа вэ? Хэрэв садаа болсон зүйл байхгүй бол өөрийн мэдрэмжийг илэрхийлэхэд буруудах зүйл байхгүй болов уу? Мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг маань шууд сэтгэлээ илчлэх гэсэн үг биш юм шүү. Энгийн үг үйлдлээрээ түүнд санаа тавьж байгаа гэдгээ илэрхийлж болдог. Өглөөний мэнд асуух, сайхан амраарай гэж бичих нь энгийн бөгөөд халамжилсан харилцааны нэг жишээ байдаг. Түүнийг өөрөө илүү сайн мэднэ. Ийм учраас өөрийн мэдрэмжийг нуух биш илэрхийлж байгаарай. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Өсвөр насыг яаж туулна даа гэж бодож байна.

Сайн байна уу? Би 14 настай. Би яагаад ч юм аливаа зүйлээс амархан уйдаад, залхаад байх юм. Гэр бүлийнхэнтэйгээ ч дотно харьцахаа больж аль болох л ганцаараа, чимээ шуугиан багатай, нам гүм газар байхыг хүсдэг болсон. Тэгээд л ер нь өсвөр нас, амьдрал, хайр дурлал гээд бүгдийг хуурамч зүйл гэж бодоод юунд ч итгэхгүй, юу г ч ойлгохгүй хэцүү байна. Өсвөр нас болоод ч тэр үү хайр дурлал хүсээд л, хэн нэгэнтэй бүх зүйлээ нуухгүй ярилцахыг хүсээд л... Тэгээд бас сэтгэл хөдлөл аягүй хурдан. Амархан уйлаад инээгээд сонин. Өсвөр насыг яаж туулж давна даа гэж бодож байна. Надад зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Дуртай зүйлээ хийж, өөрийгөө тайвшруулж, өөртөө амралт өгч байгаарай.

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрт төрж буй мэдрэмжээ тодорхойлж байгаа чинь сайн байна. Өсвөр насанд сэтгэл санаа ойлгомжгүй тогтворгүй байх нь хэвийн зүйл. Гуниглаж ганцаараа баймаар байгаа нь ч хэвийн. Яг үнэндээ сөрөг мэдрэмжүүд хэвийн хэмжээндээ байх үедээ бидний найз байдаг. Жишээ нь: Богино хугацааны стресс биднийг аливаа зүйлийг илүү сайн хийхэд өдөөж өгдөг шүү дээ. Харин сөрөг сэтгэл хөдлөл удаан үргэлжилсэн үед бидэнд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Тиймээс гуниглах, уурлах, түгших, стрессдэх гэх мэт мэдрэмжүүдийг мэдрэх нь хэвийн бөгөөд удаан хугацаанд дотроо хадгалахгүйгээр зөв илэрхийлэх хэрэгтэй. Өөрөөр сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй гэсэн үг юм. Өсвөр насан дээрээ яваа учраас бага багаар суралцах учраас өөрийгөө чадахгүй байна гэж битгий шантраарай. Аливаа зүйлийг хийхэд тодорхой хугацаа хэрэгтэй шүү дээ. Энэ нь чиний сэтгэл зүйн эрүүл мэндэд ч чухал нөлөөтэй. Энгийн арга бол юу мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөх, түүнийгээ бусадтай хуваалцах, гунигласан үедээ юу хийвэл сэтгэл санаа чинь дээрдэх вэ гэдэг үйлдлүүдээ олох гэх мэт өөртөө анхаарч, өөрийнхөө дуртай зүйлийг хийж, өөрийгөө тайвшруулж, өөртөө амралт өгч байгаарай. Амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг


АСУУДАЛ: Би заавал өөрийгөө хүчлэн байж нийтэч болох хэрэгтэй юу? 

Сайн байна уу? Би 15 настай. Би танихгүй хүмүүстэй харьцахдаа, шинэ газарт дасахдаа үнэхээр муу. Дотнын хүмүүстэйгээ байхдаа нээлттэй, хөгжилтэй байдаг ч танихгүй хүмүүстэй байхдаа чимээгүй болчихдог.

Гэр бүлийнхэн маань намайг "нийтэч бол", "илэн далангүй бай" гэдэг ч би үнэхээр яагаад ч чаддаггүй. Эсвэл би зүгээр л хичээдэггүй байх л даа. Гэхдээ би заавал өөрийгөө хүчлэн байж нийтэч болох хэрэгтэй юу? Эсвэл энэ хэвээрээ байх хэрэгтэй юу?

ЗӨВЛӨГӨӨ: Зарим тохиолдолд бусадтай ойлголцоход харилцааны чадвартаа анхаарах хэрэгтэй болдог.

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Энэ нь чиний онцлог байж болно шүү дээ. Нийгмийн харилцаанд чинь асуудал үүсэхгүй байвал, мөн чи өөртөө сэтгэл хангалуун байгаа бол өөрчлөгдөх шаардлагагүй болов уу. Гэхдээ зарим тохиолдолд бусадтай ойлголцохын тулд харилцааны чадвартаа анхаарах хэрэгтэй болдог. Тиймээс дараах зөвлөмжийг хүргэе.

Танихгүй хүмүүстэй нээлттэй байхын тулд чамд туршлага хэрэгтэй. Өөрийгөө хэт хүчлэхгүйгээр, бага багаар энэ чадварыг олж авахад л болох юм. Юун түрүүнд өөрөө нээлттэй байя гэсэн бодолтой байх хэрэгтэй. Заавал нээлттэй байх шаардлагатай юу гэж бодох үед бидний үйлдэл цаанаасаа хаалттай мэт болдог. Үүний дараагаар хүмүүстэй түрүүлж мэндлэхийг хичээж тэд яриа өдвөл аль болох хариулахыг хичээгээрэй. Энэ мэт бага багаар өөртөө хэвшүүлээрэй. Яарах хэрэггүй ээ. Аливаа зүйлийг сурахад хугацаа хэрэгтэй шүү дээ. Зарим өдөр үнэхээр ярьмааргүй байвал ярихгүй байж болно. Дараа өдрөөс нь дахиад л туршихад болно. Амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


АСУУДАЛ: Уйлж байгаа бичлэгээ интернэтэд тавьснаас болоод нөхцөл байдал маань улам дордсон.

Сайн байна уу? Би их асуудалтай гэр бүлд өссөн юм. Эцэг эхтэйгээ нээх дотно биш. Аав минь архи уух дуртайгаасаа болоод ээжид хэд хэдэн удаа гар хүрч байсан. Надад ч бас гар хүрч байсан. Энэ нь намайг их эмзэглүүлдэг. Үүнээс гадна би их олон toxic friends-тэй байснаасаа болоод бага ангиа хүндхэн байдалд төгссөн. Одоо би 9-р ангийн сурагч. 

Би дунд ангид ордог жилдээ сэтгэл санаанаасаа болоод уйлж буй бичлэгээ интернэтэд тавьж, бусдын сөрөг сэтгэгдлээс болж нөхцөл байдлаа улам дордуулж, найман сар гаруй хугацаанд ямар ч идэвхгүй явсан. Одоо бодоход тэдгээр сар их хүндхэн байдалтай өнгөрсөн. Сургууль даяар намайг янз бүрээр ярьж байснаас гадна гэр бүлийн асуудалтай байсан болохоор шинэ сургууль руу шилжсэн. Шилжээд бүх зүйл зүгээр болно гэж бодсон ч ээжийгээ өөр хүнтэй харьцдагийг мэдээд дахиад л сэтгэлээр унах болсон. Төд удалгүй ангийн маань охин нөгөө зургийг минь барьсаар над руу ирэхэд би үхээд сэхэх шиг л болсон. Ахиад л бусдад дээрэлхүүлж, элдвээр хэлүүлнэ гэхээс айсан ч найз болон ангийнхан маань үүнийг эерэгээр хүлээн авсан. 

Гэхдээ энэ ангид, энэ газар гурван жил амьдрахдаа нэг л илүүдээд байгаа мэт мэдрэмж төрсөөр байна. Энэ бүх зүйл намайг үнэхээр зовоож байна. Нэг том зүйл намайг дараад байх шиг. Жижиг зүйл хүртэл нөлөөлөөд байна. Энэ байдлаас гарахын тулд би юу хийх вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Чамайг өөрийгөө уучлаасай гэж хүсэж байна.

Сайн уу? Юуны өмнө бидэнд итгэж захидал илгээсэнд баярлалаа. Чамд тухайн үед ямар хэцүү байсныг төсөөлж байна. Гэр бүлийнхэн, найз нар нь чамд муухай сэтгэгдэл төрүүлсэнд харамсалтай байна. Хэцүү зүйл тохиолдоход тэрийгээ гэр бүл, найз нөхдөдөө илэрхийлэхгүй явсаар тухайн асуудал нь чиний дотор хуримтлагдан, чамайг тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн байж болох юм.

Чи өөрт тохиолдож буй асуудлаа гэр бүлдээ ч юм уу, ойр тойрныхоо хүмүүстэйгээ хэр ярилцдаг вэ? Өөрт төрж буй мэдрэмжээ, тулгарч буй асуудлаа итгэж найдсан хүнтэйгээ ярилцаж хуваалцах нь бага ч гэсэн тайвшрахад туслах бөгөөд сэтгэл зүйн эрүүл мэндэд ч чухал нөлөөтэй юм шүү. Мөн чамайг өөрийгөө уучлаасай гэж хүсэж байна. Хүн бүр алддаг шүү дээ.

Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг гэж байдаг. Энэ гурван цаг үеийн өнгөрснийг бодож шаналахгүй, ирээдүйг бодож түгшихгүй “яг одоо” гэх зарчмыг баримтлаад үзээрэй. Өөрийгөө уучилж, хайрлаж, хүндлээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter