Японы анимэ ертөнцийн харанхуй тал


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-06-22

Амжилттай анимэ жилд 19 тэрбум гаруй долларын орлого олдог. Харин анимэ бүтээгчид нь амьжиргаагаа залгуулах орлогоо ч бараг олж чадамгүй нөхцөлд байдаг аж. Энэ удаа бид Японы анимэ ертөнцийн сүүдэр буюу анимэйторуудын ажлын байрны нөхцөл байдал, цалин хөлсний талаарх мэдээллийг  хүргэж байна.

АНИМЭЙШНЫ ЭХЛЭЛ ТАВИГДСАН НЬ

Анимэ нь хорьдугаар зууны эхэн үед үүссэн бөгөөд хамгийн анхны анимэ бол "Кацудо шашин" (1907) хэмээх 4 секунтын анимэ юм. Харин анимэ олон улсад түгж эхэлсэн нь 1998 он бөгөөд Пикачугийн аянга хүчтэй цохилт өгснөөр АНУ-д нэгэн үеийнхний амьдралыг өөрчилсөн юм.  2002-2017 оны хооронд Японы анимэйшн салбарын цар хүрээ хоёр дахин өсөж, нэг жилийн дотор л 19 тэрбум гаруй долларын орлого олох болжээ. Хамгийн алдартай анимэ болох “Neon Genesis Evangelion” 2019 оны зургадугаар сарын 21-нд Нетфликст байршсан нь олон жилийн хүлээлтийг төгсгөл болгож, анимэйшныг дэлхийн хэмжээнд хүрэх шинэ гүүр болсон билээ.

 

Гэвч анимэйшны зах зээл дээрх энэхүү ололт амжилт нь бодит байдлыг нуун дарагдуулдаг аж. Бидний үздэг ердөө нэг цагийн анимэйшныг бүтээх гэж маш олон анимэйторууд дэлгэцийн цаана ядаргаанд ортлоо ажилладаг байна. Зарим тохиолдолд хэт их ачаалалтай ажилласны улмаас амиа хорлох тохиолдол ч бишгүй бий. Анимэйшн дэлгэцийн бүтээлүүд дотроосоо их ярвигтай төрөлд хамаарна. Нэг хүн ганцаараа анимэйшн хийнэ гэдэг бараг л бүтэшгүй зүйл.

АНИМЭ БҮТЭЭГЧДИЙН ЦАЛИН ХӨЛС

Анимэг бараг бүхэлд нь гараар зурдаг. Долоо хоногт нэг цуврал гаргахын тулд мэдээж хурдан атлаа чанартай зурдаг, чадварлаг анимэйторуудтай байх хэрэгтэй. Бидний мэдэх “Sword Art Online”-ийн анимэйтор, дүрийн дизайнер Адачи Шинго: "Авьяас чадвартай нэгэн хомстож байгаа нь ноцтой асуудал болж байна. Зөвхөн Японд л гэхэд жил бүр 200 орчим цуврал анимэйшн гардаг ч чадварлаг анимэйторууд хангалтгүй байна" гэв.

Ихэнх студиүд чадварлаг боловсон хүчний оронд анимэ сонирхдог, цалин хөлсгүй ажиллах чөлөөт ажилчдад найддаг болсон гэхэд болно. Анимэйторууд нэг зураг тутамд 200 орчим иен олдог. Хэрэв зураач бүр өдөрт 200 зураг гаргаж чадвал энэ дүн тийм ч муу биш. Гэхдээ ганц зураг зурахад багадаа цаг гаруйн хугацаа шаардагдана. Мөн барууны анимэйшнуудын үл тоодог хоол хүнс, архитектур, ландшафт гэх зэргийг зурахад дунджаас дөрөв, тав дахин урт хугацаа шаардагдана. Хэдийгээр хүнд бэрхийг туулсаар сайн анимэйтор болсон ч тийм ч сайн орлого олж чадахгүй. Бүр бүтээл чинь “Attack on titan” шиг хит болсон ч хангалттай орлоготой байж чадахгүй гээд бод доо. Энэ бол анимэ үйлдвэрлэлийн бүтцийн нэг алдаа гэж хэлж болно. 

Анимэйторууд сардаа 400-600 цаг ажиллах үе ч бий. Тэдний ажлын байрны нөхцөл тийм ч таатай биш гэхэд болно.  Японд ажиллаж, амьдардаг Америкийн анимэйтор Хэнри Тарлов ядаргаанд орсны улмаас олон удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай “BuzzFeed News”-т ярьсан байдаг. Бодит баримт дурдвал “Madhouse” хэмээх Японы нэгэн студи хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж буруутгагдаж байжээ. Уг студийн ажилчид нь сард бараг 400 цаг ажилладаг. Зарим тохиолдолд нэг ч өдөр амралгүй 37 хоногийн турш тасралтгүй ажиллах үе ч олон байжээ. Гэтэл нэг эрэгтэй анимэйтор нь 2014 онд амиа хорлосон бөгөөд цагдаагийн мөрдлөгөөр залууг өмнөх сард нь 600 гаруй цаг ажилласан болохыг тогтоож, ажлын дарамтаас болж амиа хорлосон гэж дүгнэж студийг буруутгасан байдаг. Студиүд хөлсний ажилчид авдаг нэг шалтгаан нь хөдөлмөрийн тухай хуульд санаа зовох шаардлагагүй болдог аж. Хөлсний ажилчид бол бие даасан гэрээт гүйцэтгэгч гэж явах учир тэтгэмж олгохгүйгээр мөнгөө хэмнэж, хүнд хэцүү болгоноо хийлгэж болох хүмүүс. Анимэйторууд хамгийн нямбай буюу чимхлүүр гэж хэлж болох ажил хөдөлмөрийг эрхэлнэ. Нэг зүсэлт, нэг үзэгдэл дээр гурваас дөрвөн анимэйтор ажиллана. Жишээлбэл, би анимэйтор нь байлаа гэж бодъё. Би хар зургаа зурлаа гэхэд ахлах анимэйтор, найруулагч гэсэн хоёр хүнд зургаа шалгуулна. Дараа нь тэр зургийнхаа цэвэрлэгээг мөн би л хийнэ. Цэвэрлэгээ хийгээд л тэр зураг дуусна гэсэн үг биш. Дараагийн анимэйтор луу шилжүүлж эцсийн зураг гарна. Энэ мэтчилэн нэг хийсэн үйлдлээ давтаад зураад л байна.

 

Японы анимэйшн бүтээгчдийн холбооны мэдээлснээр Японд нэг анимэйтор хориод насандаа дунджаар 1.1 сая иен (~28 сая төгрөг), 30 насандаа 2,1 сая иен (~ 53 сая төгрөг), 40-50 насандаа 3.5 сая иен (~ 86 сая төгрөгөөс бага) олдог байна. Амьжиргаанд хүрэлцэхээр боловч бага л үнийн дүн. Япон улсад ядуурлын шугам нь 2,2 сая иен (~ 52 сая төгрөг) байдаг. Анимэйторууд нэмэлт орлого олохын тулд ажлынхаа хажуугаар видео тоглоомын анимэйшн хийдэг аж. Анимэ одоогийнх шигээ хөгжөөгүй байх үед зураг зурах маш энгийн байв. Та бөөрөнхий толгойтой, цэгэн нүдтэй дүрийг 10 минутын дотор л зурж дуусгана. Ийм хурдаар бол хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ одоо нэг дүрийн зураг л гэхэд маш нарийн ажиллагаатай болсон атал нэг цагийн ажлын үнэлгээ нь хоёр доллар.

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮНЭ ЦЭН

Анимэйшны уран сайхны үр дүн бол хэний ч урмыг хугалахгүй гэхэд хислтэхгүй. 2016 онд бокс оффист тэсрэлт хийсэн "Your Name" бүтээлийн зөвхөн хоолны дүрслэл нь “Токиогийн шилдэг арван хоол” жагсаалтад зүй ёсоор нийцэхээр байсан гэдэг. Гахайн мах, чанасан өндөгтэй тослог гоймон,  хан боргоцой тоороор чимэглэж сироп асгасан хөвсгөр өндөгтэй бин, гар аргаар хийсэн бэнто, нямбайлан ороосон амтат япон омлет, зайдас, боловсорч гүйцсэн улаан лооль, даршилсан чавга гэх мэт нь харахад арааны шүлс асгарам өнгөлөг байсан шүү.

Нетфликс шиг барууны компаниуд Японы анимэйшны зах зээлд нэвтэрсэн ч эрт дээр үеэс тогтсон хямд өртгийг л төлдөг. 2016 оны “Teikoku Databank” тайлангаас үзэхэд Японы үндсэн 23 анимэйшн студийн орлого сүүлийн 10 жилийн хугацаанд 40 хувиар буурсан байна. "Анимэйшн салбар цаашид илүү их хөгжихийн тулд ашгийг бус бүтцийг эрс шинэчлэх шаардлагатай байна" гэж дээрх тайланд дурджээ. 

Анимэйторууд гар зургаараа хамгийн сайн сайхныг амилуулж байгаа ч тэвчихийн аргагүй хүнд ачааг нуруун дээрээ үүрдэг аж. Таны шимтэн үздэг бүтээлийн тань ард нөр их хөдөлмөр ордог. Гэсэн ч энэ хөдөлмөрөө цагийн 2 доллараар л үнэлүүлдэг гээд төсөөл дөө. Гэсэн ч тэд зурсаар л...

эх сурвалж: VOX.com

#Энтертайнмент #анимэ