ӨГҮҮЛЛЭГ: Бүрхэг тэнгэр


Өсвөрийн сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-03-21

“Бүрхэг өдөр байх чинь. Яг л тэр үе шиг...” гэж бодсоор цонх руу харж гартаа барьсан кофегоо шимэх төдий амтлаад гараа буулгахад аяга барьсан гар нь үл ялиг чичирхийлвэл кофены гадарга дээр үүссэн алтлаг хүрэн өнгийн хөөс шиг нимгэн өрөм нь цааш нааш хэлбэлзэнэ.

Хатнаа ийнхүү гашуун оргисон хүчтэй хар кофе уусаар даруй таван жил өнгөрчээ. Утас жингэнэв. Голдоо ганц товчлууртай ардаа хазсан алимны дүрстэй энэ утаснаас хэрвээ Хатнаа хүсвэл хэдийг л бол хэдийг аваад тавьчих хангалттай мөнгө бий. Дуудлагаа аваад сонсвол туслахынх нь нөгөө л танил илт намжирдсан хоолой

“-Сайн байна уу? Захирал аа. Өглөөний мэнд. Та сайхан амарсан уу? Өглөөгөөр уулзалт байхгүй ээ, захирал аа. Харин өдөр 12 цагийн үед гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудтай уулзаж шинэ гэрээнд гарын үсэг зурах юм байна. Тэр хүртэл та юу хийх вэ? Би очоод авах уу?” гэхчилэн асууна.

Би ч үүгээр  яах вэ дээ. Тустай жолоочтой хүн шүү дээ гэж бодсоор “Хэрэггүй” хэмээн шүднийхээ завсраар сийгүүлэн хэлээд утсаа тасалчихав. Одоо лав туслах нь “-Надаас нас залуу байж гэнэт амжилтанд хүрчихээд их томорч байх шив дээ. Нохой долоо хээ цэс” гэж харааж байгаа. Дахиад л утас дуугарав. Хяламхийн харвал нэгэн бүсгүйн давхраатай алаг нүдээрээ цоо ширтэж ягаахан уруулын өнгөө дарж улаанаар тодруулан будсан уруулных нь цаанаас сувдан цагаан шүд нь гялалзан харагдах зураг гарч ирэн дээр нь “Миний хайр” хэмээн дотночлон бичсэн нэр үзэгдэнэ. Хатнаа дуудлагаа авсангүй.
Утсанд нь нэлээн хэдэн зурвас ирснийг ажвал “Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?, Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Зүгээр үү, Утсаа ав л даа, Уурлачихсан юм уу” гэх мэт санаа тавьж халамжилж царайчлан гуйсан ажгуу. Би яагаад ийм хүйтэн хөндий болчихоо вэ? Урд минь бөхөлзөх бүх хүн гутал үнсэх шахам долигонож уурлуулах вий хэмээн эмээж дальдчих юм. Би тийм харгис хэрцгий болчихсон гэж үү? Хүний сайхан үрийг хайрлана гэж амалчихаад би яагаад ингэтэл нь гуйлгаад байгаа юм бол? Урнаа юу ч буруу хийгээгүй шүү дээ. Би түүнд ингэхэд хайртай билүү? Эцгийнх нь хөрөнгөнд хайртай билүү?

Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн билээ? Тийм ээ, энэ бүхэн тэр хар дарсан зүүд шиг бүрхэг өдөр л эхэлсэн. Тэр өдөр зүрх сэтгэлд минь өс хонзон, ядуурал, үзэн ядалт, баян болох их хүслийн үр сууж бүрхэг тэнгэрээс урсах борооны дуслаар услагдсан. Тэр өдөр ээжийн минь, энэ орчлонг гэрэлтүүлсэн ганц “нар”-ын минь төрсөн өдөр байсан. Ээж минь дөнгөж 33 насны босгыг алхаж байсан юм. Хажуугаар зөрөх залуусын харцыг булааж сэтгэл зүрхийг нь гижигдэж урт хар гэзгээ задгайлан намируулж цэцгэн хээтэй дэрвэгэр даашинзаа дэрвэлзүүлэн , инээмсэглэлээр нүүрээ будаж явсан цэл залуухан тэр бүсгүйг 20 насанд нь үрийн зулай үнэрлүүлж ээж хэмээх эрхэм алдрын эзэн болгож мэндэлсэн аминаасаа хайртай ганц үр нь би.

“Ажил төрөлгүй хүүхдээрээ шахуу байж дээрээс нь бас яаж хүний эх болж дахиж нэг амь авч явах гээв?” хэмээн ээж аавыгаа загнахад хүүхдээ төрүүлнэ хэмээн зөрүүдлэн байж өөрийн гэсэн эд хогшлоо аваад хоёр чемодан дүүргэн шөнө дөлөөр гэрээсээ оргон зайлахаар тэнэг алхам хийхэд нь хүргэсэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь ч би. Эвий миний залуухан ээж тэгэхэд гар дээрээ өргөж газар гишгүүлэхгүй гэж тангарагласан хайртай залуу нь гэнэтхэн л гадаад руу зугтах шахам хэл чимээгүй яваад өгнө гэж санаагүй биз.

Эмнэлэгийн хуучин муу модон орон дээр яраглан зовж хоноод үүрийн гэгээтэй уралдан орчлонд шинэ хүн мэндэллээ гэдгээ зарлах гэсэн шиг эмнэлгийн хана таазыг доргитол бархиран уйлж төрүүлсэн бяцхан үрээ тэврээд ижий минь лав “Хоёулаа яаж амьдарна даа” хэмээн нүдэндээ нулимстай бодсон биз. Гэрт орж эм, гадаа гарч эр болсоор машин угааж, сав суулга цэвэрлэж, зөөгч хийж сайн муу ажлыг голж шилэлгүй бүгдийг нь хийсээр ээж минь намайг өлсгөж цангаалгүй 13 нас хүргэсэн. 33 насны төрсөн өдрөө тэмдэглэх гээд дөрвөн ханаар хүрээлэгдсэн түрээсийн жижиг өрөөндөө ширээ засан өөрийнхөө хамгийн дуртай шоколадны кремтэй бялуугаа тавиад хүүхэд шиг гэнэн хонгороор инээмсэглэж байсан ээж минь тэгэхэд анх намайг хэлд орон шулганахад, хөлд орон бээцэгнэн алхахад харагдсан тэр залуухан бүсгүй дүрээрээ харагдаж билээ. 13 жил өнгөрсөн ч ижий минь үзэсгэлэнтэй хэвээрээ.

Үргэлж намируулдаг байсан хар гэзгээ дээш нь шууж, жимсний үнэртэй өнгөлөгчөөр бүдэгхэн буддаг байсан уруул нь омголтож, нүднийх нь доогуур багахан хар хүрээ татсаныг эс тооцвол ээж минь хэний ч харааг булаам гоо үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ ажээ. Бялуугаа зүсээд хоёр тавган дээрээ тавиад инээмсэглэн суухад нь хаалга хүчтэй балбан  орж ирсэн хар хувцастай нэлээн ихэмсэг байрын ах нар ээжийг минь харааж загнан мөнгөө өгөхийг шаардав.

Зэрвэс зэрвэс над руу санаа зовсон харцаар харан байж ээж минь нөгөө хүмүүсийг аваад гараад явчихав. Лаа нь хайлан урсаж байгаа бялуу бид хоёр ээжийг хүлээсээр, идэх хүсэл байвч төрсөн өдрийн эзэн нь эхэлж амсах ёстой гэж бодсоор хүлээсэн. Гэрээсээ гарч ээжийгээ хайхаар эвдэрхий шүхрээ барин гарлаа. Хөл хөдөлгөөн ихтэй байдаг урд талын зам дээр хүмүүс  бөөгнөрөөд зогсчихож. Яаран яарсаар гүйж очтол цэцэг шиг үзэсгэлэнтэй ижий минь цус гүйхээ больж хүйтэн оргисон гараа хөсөр хаян, омголтож хуурайшсан уруулыг нь хацар даган урссан нулимс нь чийглэж, байнга шуудаг гил хар гэзэг нь задгайран усны долгион шиг урсжээ. Амьдралаар минь тоглосон тэр бүрхэг өдрийн бүрхэг тэнгэр рүү харан байдаг тэнхээгээрээ орилсон ч нус нулимстайгаа холилдон ижийгээ тэврэн уйлан чирэн замаас гаргахад ч хүмүүс бүгд л завгүй царайлан хаашаа ч юм яаран утсаар ярин явж байсансан. Тэр үеэс л дэндүү сайхан ижийгээ алдсан тэр үеэс л би сэтгэл хөдлөлгүй болсон. Амжилтанд хүрч баян болохоос өөр сонголтгүй болсон. Хэрвээ тэгвэл дэндүү харамсалтайгаар амиа алдсан ижийн минь сэтгэл тайтгарах байх гэж бодсон.

Одоо би жаргалтай байна гэж үү? Бодолд дарагдан хүрэл шиг болсон царайтай сууж байтал хаалганы код хийгдэн дуугарч гаднаас Урнаа ороод ирлээ. Хацар дээр минь үнсээд ширээн дээр авчирсан бялуугаа задлан тавьтал шоколадтай бялуу байв. Бялуугаа зүсэн өмнө минь тавиад инээмсэглэн байж “-Чи лав баярласандаа болоод үхэх шахна даа хэхэ. Одоо миний хэлэхийг сайн сонсоорой. Өнөөдрөөс би биш чи надад шоколадны кремтэй бялуу авч өгч байна. Яагаад гээч? Яагаад гэвэл би одоо хоёулаа болсон. Их идэх хэрэгтэй” гэж хацраа ягааруулан ичингүйрч нүднийх нь хүүхэн хараа томрон нүд нь гялалзаж хэллээ.

Хөөрхий ижий минь намайг олоод ингэж л баярласан байхдаа гэж бодсоор Урнааг тэврэн духыг нь үнсээд бялуунаасаа амталлаа. Ээж минь, таны тэр өдөр идэх гээд идэж чадаагүй хамгаас дуртай тэр бялууг би өнөөдрөөс үргэлж таныг санагдуулдаг гэнэн бэрд чинь бас хэвлийд нь амилаад буй жаахан ачид чинь идүүлж байх болно оо. Тэр өдөр ч гэсэн тэнгэр бүрхэг байсан. Нүднээс минь нулимс урсаж байсан. Гэхдээ өнөөдрийнх бол баярын нулимс...


/2016.08.24/ Зохиогч: Б.Намуун

#LOVEStory #LOVE #Teenagers #Parents