Кпопын эргэн тойронд: “Start-Up” киноны жүжигчин Kim Seon Ho дуу гаргана


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2021-05-03

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

“START-UP” КИНОНЫ ЖҮЖИГЧИН KIM SEON HO ДУУ ГАРГАНА

“Start-Up” киноны жүжигчин Kim Seon Ho шинэ дуу гаргахаар болжээ.

Дөрөвдүгээр сарын 30-нд SALT энтертайнментаас:

- “Kim Seon Ho болон Epitone Project хамтран “Because It’s You” нэртэй шинэ уран бүтээлээ тавдугаар сарын 6-ны өдөр олны хүртээл болгоно.

Тэд өнгөрсөн жил “Sleepless” дуун дээр хамтран ажилласныг санаж байгаа байх. Энэ бол Kim Seon Ho-гийн зүгээс шүтэн бишрэгчдэдээ зориулж буй бэлэг юм. Kim Seon Ho-гийн чин сэтгэлээсээ бэлдсэн бэлэг учраас та бүхэн аз жаргалтайгаар хүлээж авна гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгджээ.

P NATION АГЕНТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Реппэр Swings P Nation агентлагийн уран бүтээлч болжээ.

“Gangnam Style”-ийн од PSY 2019 онд P Nation агентлагийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө Penomeco, HyunA, Jessi, Crush, Dawn, Heize, D.Ark зэрэг уран бүтээлчдийг агентлагтаа нэгтгэжээ.

Харин энэ сард реппэр Swings тус агентлагтай гэрээ хийсэн байна. Тэрээр 2009 онд Just Music агентлагийг үүсгэн байгуулсны зэрэгцээ 2014 он хүртэл Brand News Music компанийн уран бүтээлчээр давхар ажиллажээ. Харин энэ удаад P Nation агентлагтай гэрээ хийхдээ Just Music болон Indigo Music агентлагийг удирдах эрхийг өөр хүнд өгсөн эсэхийг олон хүмүүс сонирхож байгаа боловч Swings энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байгаа аж.

NA-EUN PLAY M ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ГЭРЭЭГЭЭ СУНГАХГҮЙ

Apink хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин Na-Eun Play M энтертайнменттай гэрээгээ сунгахгүй байхаар шийджээ. Тэрээр шүтэн бишрэгчдэдээ дараах зурвасыг үлдээсэн байна:

- “Сайн байна уу? Apink хамтлагийн Na-Eun байна. Урлагийн ертөнцөд хөл тавиад аль хэдийнэ арван жил болчихжээ. Эргээд харахад “I Don’t Know” дууг дуулж байсан 18 настай Son Na-Eun та бүхний хайр, дэмжлэгийн ачаар өсөж том болсоор өдгөө 28 настай Son Na-Eun болсон байна. Бас амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг та нартай өнгөрүүлжээ.

Би хамтлагийн гишүүд, шүтэн бишрэгчид болон Play M гэр бүлийнхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Миний бие хамтлагийн гишүүд болон компанитайгаа удаан хугацаанд ярилцсаны эцэст гаргасан шийдвэрээ та бүхэнд мэдэгдэх гэж байна.

Цаашид бид бүгд өөрсдийн сонгосон замаар явах боловч Apink хамтлагийн хүсэл зорилго биднийг нэгтгэх болно. Ирээдүйд гэрэлтэх Apink хамтлагийг илүү их дэмжиж өгөөрэй.

Арав гаруй жил хамт байсан гэр бүлээ орхиж, бүгдийг шинээр эхлүүлэх гэж байгаа болохоор сандарч байна. Гэсэн хэдий ч хичээнгүйлэн ажиллаж өсөж дэвжсэн Son Na-Eun болохын тулд энэ алхмыг хийх шаардлагатай боллоо. Баярлалаа”.

Харин Play M энтертайнментаас Na-Eun-ий гаргасан шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд цаашид Apink хамтлагийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй гэдгийг мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Na-Eun энтертайнментаа сольсон ч хамтлагийн үйл ажиллагаанд урьдынх шигээ оролцох боломжтой аж.

Ташрамд дурдахад, Na-Eun YG энтертайнменттай гэрээ байгуулжээ.

IZ*ONE ХАМТЛАГ ТАРСАН ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

IZ*ONE хамтлагийн гэрээний хугацаа дөрөвдүгээр сараар дуусгавар болж хамтлагийн гишүүд цаашид өөрсдийн энтертайнментийн үйл ажиллагаанд анхаарахаар болжээ.

Энэ нь тийм ч гэнэтийн үйл явдал биш бөгөөд MNET компаниас хэд хэдэн удаа тус хамтлаг тарах гэж буй талаар мэдэгдэж байсан юм. Учир нь IZ*ONE хамтлагийг MNET сувгийн “Produce 48” нэвтрүүлгээс байгуулжээ. Тус хамтлагт зөвхөн солонгос төдийгүй япон гишүүд орсон бөгөөд хамтлагийн гишүүд өөр өөр энтертайнментэд харьяалагддаг юм байна. Иймээс IZ*ONE хамтлагийн төсөл дуусгавар болсон тул тарахаар болсон аж.

IZ*ONE хамтлагийн гишүүд шүтэн бишрэгчдэдээ хандаж:

- “Бид хэчнээн ядарсан ч шүтэн бишрэгчид маань байгаа учраас бүгдийг даван туулсан. Үргэлж бидний талд байж сайхан дурсамж бүтээж өгсөнд баярлалаа. Та нар минь байсан болохоор өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлсэн шүү” гэжээ.

Эх сурвалж: Allkpop, Koreaboo

#Кпопын эргэн тойронд