Ажлаас халшрах хам шинжийг даван туулах талаар ХЭН, ЮУ гэж зөвлөв?


Сэтгэцийн эрүүл мэндийн цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт ажлаас халшрах хам шинжид өртсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

СЭТГЭЛ СУДЛААЧ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ?

МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэл судлаач Н.Должин:

YOLOХүмүүс ажлаас халшрах хам шинжид өртсөн гэдгээ мэдэлгүй явсаар мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг байдаг шүү дээ. Тэгвэл үүнийг эрт үед нь хэрхэн таньж илрүүлэх вэ?

- Энэ чиглэлийн судалгаа хийдэг Паркер болон Куллик (1995) нарын судлаачдын үзэж байгаагаар  ажлаас халшрах хам шинжийн үед хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчидтэйгээ байхдаа болон ажлын орчиндоо бухимдах, байнга ядарч сульдах, өдөр бүр ажилдаа очихоос бэрхшээх, ажлаасаа хоцрох, өөрийгөө “хэрэггүй амьтан” гэж мэдрэх, бүтээмж буурах шинжүүд ихэвчлэн илэрдэг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэлээр унах, ажлаа таслах, ажлын гүйцэтгэл буурах, ажлаа солимоор санагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Ажлаас халшрах хам шинжийн тест бөглөхийг хүсвэл ЭНД дараарай.

YOLOДээрх шинж тэмдгүүд илэрч байвал хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Энэ үед юун түрүүнд өөртөө санаа тавих талаар бодож үзэх хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн хувьд амралтаа авах, ажил, амьдралын цагаа зохистойгоор тохируулах арга үр дүнтэй байдаг ч хүн бүрийн нөхцөл байдал, ажлын онцлог ялгаатай учраас өөртөө юу хэрэгтэй байгааг тунгаах нь зөв. Амралтаа авч, ажилдаа ажлын цагаар л анхаарснаар стресс буурч, ажлаас халшрах хам шинжийн илрэл ч багасна. Мөн суудлын ажил хийдэг хүмүүс ажлын завсарлагаар дасгал хийдэг дадалтай болох хэрэгтэй.

YOLOАливаа албан байгууллага ажилчдаасаа ажлаас халшрах хам шинж илэрч буй эсэхийг тодорхойлох сэтгэлзүйн тест явуулдаг байх хэрэгтэй юу?

- Зарим албан байгууллагын ажлын ачаалал их, үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэх төвөгтэй, хамтран ажиллагсдын харилцаа тааруу байх зэргээс үүдэлтэйгээр ажилтны стресс нэмэгдэж, ажлаасаа халширч, бүтээмж буурч, ажлаас гарах нь түгээмэл байдаг.

Тиймээс ажлаас халшрах хам шинжийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зөвхөн ажилтны хариуцлагын асуудал биш. Өөрөөр хэлбэл албан байгууллага ч мөн стресс, ажлаас халшрах хам шинжийг илрүүлэх тестээр сэтгэлзүйн оношилгоо хийж, үүнээс урьдчилан сэргийлэх болон бууруулах арга хэмжээ авдаг байх хэрэгтэй.

YOLOАжлаас халшрах хамж шинжид өртсөн бол хоолны дэглэмдээ ямар өөрчлөлт оруулбал зүгээр вэ?

- Шим тэжээл судлаачид стресс болон ажлаас халшрах хам шинж илэрсэн үед биед шим тэжээл өгөх хүнсийг санал болгодог. Тухайлбал, омега 3 агуулдаг чиа үр, маалингын үр, далайн байцаа, загас,  витамин B агуулдаг жимс, хүнсний ногоо, үр тариа, тараг зэргийг түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Мөн бие цэвэрлэх нөлөөтэй антиоксидант агуулсан жимс, халуун ногоо, ногоон өнгийн хүнсний ногоог тогтмол хэрэглэх нь тохиромжтой.

Харин кофе, хийжүүлсэн ундаа, боловсруулсан хүнс, архи согтууруулах ундаа, тамхинаас татгалзсан нь дээр. Учир нь эдгээр нь тархинд түр зуурын нөлөө үзүүлж, дотоод шүүрлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг учраас стресс, ажлаас халшрах хам шинжийг архагшуулах эрсдэлтэй байдаг.

YOLOДөнгөж их сургуулиа төгсөөд ажилд орж буй шинэхэн ажилчдад ийм зүйл тохиолддог уу? Аль эсвэл олон жил ажилласан хүмүүст тохиолдох нь элбэг байдаг уу?

- Канадын судлаачдын 2009-2012 онд хийсэн судалгаанаас харахад эрэгтэйчүүдийн дунд тохиолдох ажлаас халшрах хам шинж нас ахих тусам буурч байсан бол 20-35 болон 55-аас дээш насны эмэгтэйчүүдийн ажлаас халшрах хам шинж өндөр түвшинд байсан.

Харин Финляндын судлаачдын судалгаагаар 50-аас дээш насны хүмүүсийн дунд ажлаас халшрах хам шинж түгээмэл ажиглагдаж байв. Эдгээр судалгаанаас харвал олон жил ажилласан хүмүүс болон шинээр ажилд орсон эмэгтэй ажилчид ажлаас халшрах хам шинжид өртөх магадлал өндөр байна.

YOLOҮүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Стрессээ зохицуулж сурах нь ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэхэд хамгийн их нөлөөтэй. Ялангуяа, ажлын байран дахь стрессээ зохицуулахад анхаарах хэрэгтэй. Хэд хэдэн судалгаагаар ажлын байр баталгаагүй байх, ажилдаа тохирохгүй байх, хамт олны дэмжлэг дутмаг байх, ажил үүргийн тодорхойгүй эсвэл зөрүүтэй байдал үүсэх, цалин хөлсийг шударгаар олгохгүй байх, байгууллагын бүтцийн өөрчлөлт болох, ажил дээрээ өсөж хөгжих боломжгүй байх, тэтгэвэрт гарахаар төлөвлөх зэрэг нь стресс үүсгэдэг болох нь тогтоогдсон.

Иймээс эдгээр стресс үүсгэгч хүчин зүйлсээс сэргийлснээр ажлаас халшрах хам шинжээс мөн урьдчилан сэргийлэх боломжтой.

Сонирхолтой баримт:

Японы хүн амын дундаж наслалт 82-87 байдаг ч хүмүүс ажлын байраа орхин, тэтгэвэрт гарах гэж буйдаа шаналан, стрессдэх нь ховор байдаг байна. Учир нь ажиллах хэв маягаа зөв удирдан чиглүүлснээр элдэв хууч өвчин тусах магадлал нь бага байхаас гадна тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллах ажлын байр элбэг байдаг тул ажлаас халшрах хам шинжид бага өртдөг ажээ.

#Сэтгэлзүй #Ажлаас халшрах #Хам шинж