Залгисан бохь шингэх гэж үнэхээр 7 жил болдог уу?


Г.Нандин | YOLO.MN
2022-04-12

Бохь зажилж байгаад санамсаргүйгээр залгих, эсвэл залгихаас өөр аргагүй нөхцөл байдал  бишгүй тохиолддог. Залгисан бохь шингэх гэж гэдсэнд 7 жил болдог гэх хүмүүсийн түгээмэл итгэдэг ойлголт бий. Тэгэхээр бид бүгдийн ходоодонд дор хаяж нэг бохь 7 жил “амьдарч” шингэхээ хүлээж байгаа гэсэн үг үү?

Уг асуултад Гастроэнтерологич Доктор Nancy McGreal – “Тийм зүйл болох магадлал бага" гэж хэлжээ. Тэгвэл бохь ямар тохиолдолд урт хугацаанд шингэдэг тухай тайлбарлаж өгье.

Бохийг залгисны дараа юу болдог вэ?

Доктор McGreal - "Бохь нь түүхий ногоо, эрдэнэ шиш, попкорны үртэй адил хүний гэдсэнд шингэдэггүй. Бидний биед бохийг задалж шингээх хоол боловсруулах фермент буюу задлагч байдаггүй."

Бохь нь гутал, хувцас, үс, ширээнд наалддаг ч ходоодны хананд наалддаггүй ба бусад шингээгүй хоолны хамт гадагшилдаг.

Харин гастропарез буюу ходоодны саажилттай тохиолдолд энэ төрлийн шингэдэггүй бүтээгдэхүүнүүд цугларч гадагшлахгүй асуудал үүсгэж болно.

Гэхдээ бохь ходоодны саажилтаас болж гэдсэнд байх ёстой хугацаанаасаа удсан ч 7 жил болно гэж бараг байхгүй.

Доктор McGreal – “Хүний гэдсэнд бохь эргэлдээд явж байгааг харж байсан тохиолдол надад байхгүй.”

Бохь залгих нь биед муу юу?

Бохь зэргийн хүний шингээж чаддаггүй бүтээгдэхүүн нь биеийн эрүүл мэндэд төдийлөн муугаар нөлөөлдөггүй ч нэмэлтээр амь үнэр оруулсан бүтээгдэхүүнүүд нөлөөлөх магадлалтай. 

Сахаргүй бохинд байдаг байгалийн болон химийн гаралтай чихрийг их хэмжээгээр залгивал дотор муухай оргих, толгой өвдөх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд муугаар нөлөөлөх аюултай.

Тэгэхээр уг ойлголт нь эцэг эхчүүдийн хүүхдүүддээ бохь залгихгүй байхыг анхааруулахын тулд гаргаж ирэн ам дамжуулж, улмаар өөрсдөө итгэсэн ташаа ойлголт ажээ.

Эх сурвалж: dukehealth

 

#Зөвлөгөө