Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №10


“Залуу хүний заавал унших ном” цувралын маань ээлжит дугаарын зочноор шог зураач, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн нэг С.Цогтбаяр гуайг оролцуулах боломж тохиосонд уншигч та бүхнийхээ өмнөөс маш их баяртай байна. Нийгэмд тохиож буй аливаа үйл явдлыг өвөрмөц өнцгөөс нь харж, зургаар дамжуулан хүмүүсийн сэтгэлд хүргэх ажлаа гарамгай хийдэг түүний уран бүтээлийг цахим орчинд үзээгүй хүн ховор биз ээ.

Асар өргөн боломж, сонголт дундаас гагцхүү өөрт хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг олж авахын чухлыг онцлох С.Цогтбаяр гуайн санал болгож буй номыг заавал нэг уншиж үзээсэй хэмээн хүсэж байна. 

Санал болгож буй ном: Дори идэр дүүдээ

Зохиолч: Б.Баабар

Төрөл: Хувь хүний хөгжил

Товч агуулга: Суут хүмүүсийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, соёл, утга зохиол, урлаг, уран зургийн гайхамшгийн тухай багцлан эмхтгэсэн танин мэдэхүйн ном. 

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Та бүхний асууж буй “Залуу хүн ямар ном унших ёстой юм бэ?” хэмээх асуултад “Дори идэр дүүдээ” ном маш дэлгэрэнгүйгээр хариулсан байдаг. Залуу буюу идэр насандаа шинжлэх ухаан болон гүн ухааны ямар ном унших ёстой, ямар хөгжим сонсвол гоё, ямар кино үзвэл зүгээр вэ гэх асуултад бүрэн хариултаа авч чадна.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Энэ ном бол олон сая сонголт дундаас зөв номоо хэрхэн сонгох арга замыг чинь хялбаршуулж, чиглүүлэх хөтөч гэж хэлж болно. Биднээс хавь илүү амьдралын туршлагатай, илүү мэдлэг боловсролтой хүний зөвлөгөө бидний амьдралд ямар их хэрэг болдог билээ. Түүнтэй адилаар Б.Баабарын санал болгож буй номууд амьдралыг харах өнцөг, алсын хараа, цаашлаад хувь хүний хандлага чинь зөв төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мөн Б.Цэнддоогийн “Монгол 11 үгээр” хэмээх номыг санал болгомоор байна. Нүүдэл, шашин, үзэл санаа, бэлчээр тэргүүтэй 11 үгээр дамжуулан нүүдэлчин монгол гэж хэн юм бэ, зан араншин, дадал нь ямар вэ гэдгийг тодорхойлсон нь бид өөрсдийгөө танихад маш чухал санагдсан.

Бид эхлээд өөрсдийгөө таньж мэдэж байж дараагийн зүг чигээ тодорхойлж, түүнийхээ онцлог дээр нь үндэслэж төлөвлөгөө, зорилт тавих нь үр дүнтэй. Өөрийгөө танихад минь “Монгол 11 үгээр” ном их тус болж байна. Би чинь яг үнэндээ хоёр дахь үеийн малчин, нүүдэлчин хүн шүү дээ.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань? 

- Энэ ном тэр чигээрээ л ишлэл гэж хэлж болно.

YOLOНом уншихын ач холбогдлыг тодорхойлбол?

- Ном уншина гэдэг бол уураг тархины дасгал. Хүн хоолоор ходоодоо дүүргэж, хувцсаар биеэ гоёж, материаллаг зүйлсээр бусад хэрэгцээгээ хангадаг. Харин уураг тархины хэрэгцээг хангах тэжээл, цэнэг бол зөвхөн НОМ.

Ном байнга уншиж тархиа дасгалжуулах нь илүү хүчирхэг болох, бусдаас хамааралгүй болох, өөрийн гэсэн зүг чиг хандлагаа тогтооход хамгийн их хэрэгтэй. Залуучууд цахим орчноос авсан ойр зуурын мэдээллээр унших хэрэгцээгээ хангачхаад ном уншихад цаг гаргахгүй байна. Энэ бол маш буруу дадал. Ном бол тархины фитнесс. Биеийн чинь булчин сайн хөгжсөн байвал чи ихдээ л хоёр, гурван хүнийг дийлэх байх. Харин тархины булчин чинь сайн хөгжсөн байвал чи мянган хүнийг дийлж чадна.

YOLOНом ... -тай төгс зохицдог.

- Ном төвлөрч уншихтай төгс зохицдог. Номыг амгалан тайван үедээ, алс холын аялалд явахдаа, онгоцонд суухдаа, ямар нэгэн юм хүлээж байхдаа, нийтийн тээврээр явж байхдаа гэх мэтчилэн цаг нөхцөөх зорилгоор унших үе бас байна. Миний хувьд бол номыг төвлөрч байж маш сайн уншиж чаддаг.

YOLOСонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?

- Би зөвхөн цаасан ном уншдаг. Цахим ном уншиж үнэхээр дадахгүй байна. Хүний амьдралын хамгийн чухал хэсэг бол сурах, мэдэх явдал байдаг шүү дээ. Тиймээс залуу насандаа маш их зүйлийг уншиж, судалж байж хувь хүний хандлагаа төлөвшүүлж, тогтоох хэрэгтэй болдог. Гэтэл оюутан хүнд санхүүгийн боломж байдаггүй. Харин энэ үед үнэтэй цаасан ном авахын оронд цахим ном унших нь олон давуу талтай.

YOLOНомыг хэрхэн уншдаг вэ?

- Яагаад ч юм надад номыг цэвэрхэн хэрэглэх нь гоё санагддаг. Номын хуудсыг нугалах, ном дээр ямар нэгэн зүйл асгах зэрэгт сэтгэл өвддөг гэх үү дээ. Ялангуяа хар өнгөн дээр хурууны мөр үлдчихдэг болохоор зарим уран зургийн номоо хүнд үзүүлэхдээ бээлий өмсүүлмээр санагддаг л юм.

Уншихдаа бол янз бүр дээ. Уншиж буй номоо нэг суугаад дуусгах дадал өнөөгийн завгүй нийгмийн харилцаанд бараг байхгүй болчихлоо. Одоо бол цаг заваараа бүлэг бүлгээр нь, урд хойноос нь бага багаар уншдаг болсон.

YOLOНомын хулгай, хулгай мөн үү?

- Мөн. Ном бол бүтдэг өртөгтэй, биет болон биет бус өвтэй оюуны өмчийн бүтээгдэхүүн. Үүнийг хууль бусаар авна гэдэг яах аргагүй хулгай мөн шүү дээ.

YOLOТанай номын санд хэр олон ном байдаг вэ?

- Жаал жуул юм бий. Номын дэлгүүр биш болохоор тоолдоггүй юм. Дуртай номоо цуглуулдаг.

YOLOНомоо хүнд зээлүүлдэг үү?

- Ойр дотнын хүмүүстээ өгөлгүй яах вэ. Зарим номоо хэнд өглөө, яалаа гээд мартчих үе бас байна.

YOLOДуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?

- Монголчууд өөрсдөө “Монголын нууц товчоо”-гоор олон ангит кино хиймээр байна. Бид Өвөр Монголын “Чингис хаан” олон ангит киног их үздэг ч үнэндээ тэр чинь цензуртай газрын Хятадад хийгдсэн кино шүү дээ. “Монгол тулгатны 100 эрхэм” гэж хийсэнтэй адил “Монголын нууц товчоо” гээд үеийн үед үлдээх асар том төслийг өөрсдөө бие даагаад хэрэгжүүлээсэй гэж их хүсдэг.

YOLOНомоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Орчин цагт хүн бүр ном зохиодог болсон болохоор цензур гэдэг зүйл байхаа больсон. Харин миний хувьд хэвлэлийн газарт итгэл хүлээлгэдэг. Хэвлэлийн газар бүр өөрсдийн гэсэн шүүлтүүртэй, редактортай, дэлхийд ямар ном эрэлттэй байгааг судлах багтай байдаг учраас хамгийн шилдэг гэсэн номын зохиогчийн эрхийг авч бидэнд хүргэдэг.

Би үүнийг харилцан ашигтай наймаа гэж боддог. Миний бодлоор “Непко”  хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг танин мэдэхүй, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн тухай номууд гайхамшигтай. Альтернатив хувилбар гэвэл “Тагтаа паблишинг” бас байна.

YOLOЭх хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?

- Хэлний боловсрол сайтай байвал эх хэл дээр нь унших нь мэдээж маш сайн. Гэхдээ тийм боломж хүн бүрд байхгүй, байсан ч их хэцүү. Ялангуяа утга зохиолын хэмжээний хэлтэй болно гэдэг хэлний өндөр мэргэжил шаардана. Гүн ухааны аль эсхүл шинжлэх ухааны мэргэжлийн хэллэгтэй номуудыг эх хэл дээр нь уншаад өөрийн болгож ойлгоно гэдэг хэлний төгс мэдлэгтэй хүнд л боломжтой зүйл.

Гэтэл тийм чадвартай хүмүүс олон биш. Үүнийг шийдэх зорилгоор л мэргэжлийн хүмүүс хамтарч редакц үүсгээд, албан ёсны номуудыг орчуулж хүргэдэг юм шүү дээ. Боломжтой нэг нь эх хэл дээр нь, боломжгүй нэг нь эх хэлээрээ унших нь зүйтэй байх.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Залуус #Ном