Ямар хоолыг ЯАЖ идэх вэ?


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-02-27

Орон орны хооллох соёл өөр байдгийн адил ямар хоолыг яаж идэх нь ч бас учиртай. Хавч, наймалж, сам хорхой гэх мэт далайн гаралтай хоолыг яаж идэх учраа олохгүй Mr.Bean шиг олны өмнө эвгүй байдалд орохгүйн тулд эдгээр хоолыг хэрхэн идэх хоолны соёлд хамтдаа суралцацгаая.


НАЙМААЛЖИЙГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ? 

Наймалж, хавч, сам хорхой, нальхан хорхой, дун зэргийг гараар барьж иднэ. Ресторанд наймалжийг ихэвчлэн хуягнаас нь салгаж өвчөөд өгдөг учир сэрээ, халбага хэрэглэх шаардлагагүй бөгөөд гараар бариад тусгай сүмсэнд дүрж иднэ. Наймалж, дунгаар хийсэн коктейлийг харин халбага сэрээгээр иднэ.
 

 

Наймалжны толгойноос нэг гараараа бариад, нөгөө гараараа сүүлийг нь хугална. Ингэхэд нимгэн хуяг нь дундуураа хугарч мах нь ил гарна.

 

 


 

Хэрэв дун, наймалж, хавч, нальхан хорхой зэргийн хальсыг нь хуягнаас салгалгүй өгвөл гар угаах савтай ус ширээн дээр тавьсан байдаг. Хөл, хавчуур зэргийг нь их биеэс нь салгахдаа их биеэс зүүн гараараа (солгой бол баруунаараа) сайн барьж байгаад огцом татна.

 


 


ХАВЧИЙГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ? 

Далайн хавчны мөч нь тийм ч нарийн биш (хугалахад хялбар биш) бол махыг зөвхөн сорж иднэ. Ер нь бол Монголчууд бидний хонины чөмөг идэхтэй төстэй. Хүйтэн зуушинд бол далайн хавчны сүүлний талыг л өгдөг. Иймээс махыг нь зориулалтын сэрээгээр татаж сүүлнээс нь гаргаад хутга сэрээгээр хэрчиж иддэг учраас ердийн ширээний хэрэгсэл тавьсан байх нь олонтаа.
 

 

 

Хавчийг хоолонд бүтнээр нь өгдөг. Сүүлийг нь салгахын тулд гараараа барьж дээрээс нь хөнгөхөн дарж эргүүлнэ. Хэрэв мах нь цухуйгаагүй байвал зориулалтын хутгаар хуягны доод хэсгээс нь огтолно. Хөл, хавчуурыг нь хутганы нүхэнд шургуулаад татахад шаржигнан хугарна. Хавчийг хазах, сороход шүүс нь цацран үсэрдэг учраас идэхдээ хувцасныхаа заханд алчуур хавчуулах эсвэл энгэрэвч зүүх зэргээр хамгаалах нь зүйтэй.


ДУНГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ? 

Дунг идэхэд ямар нэгэн онцгой хэрэгсэл шаардагдахгүй. Хясааны хос ясаар хавчиж идэж ч болдог. Махыг нь гаргах, хальслахдаа гараараа барьж болно. Хоосон яс, хальс зэргээ тусгай тавганд хийнэ. Хорхог, шөлнөөс нь хүссэн хэмжээгээрээ халбагадаж авч иднэ. Заримдаа шөлний аяганд тусад нь хийж өгөх нь ч бий.

 

 

 

 

 

 


ХЯСААГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ?

Хясааны хорхойтнууд хясааг гараараа барьж, нимбэгний шүүс, давс, чинжүүгээр амтлан дунгийн хавтсанд хийсэн далайн цэвэр усаар даруулж иддэг. Ресторанд хясааг ихэнхдээ дунгаас нь салгаж дэлгээд өгдөг. Бусад тохиолдолд тусгай сэрээг хэрэглэнэ. Сэрээний иртэй хэсгээр нь махыг хясааны гэрээс салгаж авна.

 

 



 


 

Шаржигнасан хальстай хясааг ихэвчлэн гараар авах аргагүй зориулалтын гүн тавганд хийж өгдөг учир тусгай хэрэгслээр иднэ. Хавчаараар хавчиж аваад хоёр шүдтэй зориулалтын жижиг сэрээгээр махыг нь татаж гаргана. Хавчаарыг зүүн, сэрээг баруун гартаа барина. Мөн хайлуулсан сармистай цөцгийн тос, эсвэл ногоогоор амталж хайлуулсан бяслагтай цөцгийн тосыг урьдчилан халбаганд хийж тавьсан байна. Цөцгийн тосоо талхтай болон дангаар нь идэж болдог.


ТҮРСИЙГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ?

Түрсийг ихэвчлэн ширээн дээр жижиг тавганд хийж доор нь мөс тавьсан байдаг. Түүнээс жижиг халбагаар утган авч тавагтаа хийнэ. Мөн зүсэм талхан дээр тавиад шууд идэж болно. Түрсийг хуймаг эсвэл бинд хавчуулж өгвөл хутга сэрээгээр иднэ.

 

 

 


ЗАГАСЫГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ?

Загасыг идэхдээ юун түрүүнд нурууны дагуу хөндлөн зүснэ. Дараа нь толгой сүүлийг хэрчиж таслаад гол махыг салгаж авна. Эцэст нь нурууны ясыг цэвэрлэдэг. Жигнэсэн, шарсан, чанасан зэргийг үл харгалзан загасыг бүтнээр нь эсвэл гол яснаас нь салгаж өгөхдөө зориулалтын хэрэгсэл тавьсан байна. Зүсэж байхдаа ясанд нь гараа эсгэхгүйн тулд загасны тусгай хутга хэрэглэн хөнгөхөн дарж хэсэглэн салгана. 

 

 

 

 

Дараагийн дугаарт спагетти, пицца болон өглөөний цайндаа иддэг сэндвич, канапе зэргийг хэрхэн соёлтой зөв идэх тухай мэдээллийг хүргэх болно. Хамтдаа хооллох соёлд суралцацгаая.

#Соёл #Зөвлөгөө #Олон