Netflix-ийг амжилтад хүрэхэд нөлөөлсөн 4 хүчин зүйл


П. Мөнгөнсор | YOLO.MN
2021-01-27

"COVID-19" цар тахал дэлхийгээр нэг тарж, хөл хорио тогтоосноор хамгийн ашигтай ажилласан компаниудын нэг бол яах аргагүй видео стрийминг үйлчилгээний Netflix байлаа. Тус байгууллага өнгөрсөн долоо хоногт энэ жилийн ажлын төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдадаа тайлагнажээ. 

Ингээд Netflix хэрхэн амжилттай ажиллаж буй нууцаас хуваалцъя.

2021 оны нэгдүгээр сарын байдлаар уг платформын нийт хэрэглэгчдийн тоо 195.1 саяд хүрсэн бөгөөд энэ нь 2019 онтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тус компани АНУ, Их Британи тэргүүтэй хэд хэдэн улсад үйлчилгээнийхээ төлбөрийг нэмсэн нь компанийн орлого 24 хувиар нэмэгдэхэд голчлон нөлөөлжээ. 

1. УЯН ХАТАН БАЙДАЛ

Та стрийминг үйлчилгээнд нэвтэрмээр байвч эрхээ гэрийнхэнтэйгээ хуваан хэрэглэнэ гэхээс сонирхол тань буурч байна уу? Тэгвэл энэ Netflix-ийн хувьд асуудал биш. Уг платформд Basic, Standard, Premium гэх гурван багцын сонголт байх бөгөөд Basic багцыг нэг хэрэглэгч, Standard багцыг хоёр хэрэглэгч, Premium багцыг дөрвөн хэрэглэгч ашиглах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл Premium багцыг худалдан авсан тохиолдолд гэр бүлийн гишүүн бүр өөрийн эрхээрээ нэвтэрч, өөрийн сонирхдог кинонуудаа үзэх боломжтой. 

Мөн гар утас, таблет, компьютер, зурагт гээд их олон төхөөрөмж дээр ашиглах боломжтой байдаг билээ. 

2. ХИТ ЦУВРАЛУУД

Өнгөрсөн жил уг сүлжээнд шинээр нэгдсэн хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь АНУ, Канадаас бусад улсын иргэд байсан байна. Нэн ялангуяа Европын холбооны улсын иргэд ихэнх хувийг эзэлжээ.

Netflix-ийн зүгээс ч үндэстэн хоорондын үл ойлголцлыг арилгахад томоохон хувь нэмэр оруулдаг. Тухайлбал, яг одоо трэнд болж буй “Lupin” цуврал Герман, Итали, Испани, Бразил, Аргентин зэрэг улсын шилдэг цувралын жагсаалтыг тэргүүлж яваа бол АНУ-ын шилдэг 10 цувралын жагсаалтын дэд байранд бичигдэж яваа аж.  

Үүнээс гадна тэд 2019 онд л гэхэд нийт 15 тэрбум ам.долларыг контентууддаа зарцуулснаас 12 тэрбумыг нь өөрсдийн зүгээс хийж буй контентуудад зарцуулсан байна. Disney +, HBO, Viacom зэрэг тэдний ямар ч өрсөлдөгч ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдийн зүгээс хийж буй оригнал контентуудад зарцуулаагүй билээ. 

3. ХАЧИРХАЛТАЙ ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Netflix-д байршсан “Lupin”, “Bridgerton”, “Tiger King”, “Money Heist” зэрэг уран бүтээлүүд уг сүлжээ кино урлагийн салбарт томоохон байр суурь эзэлж буйг гэрчилнэ. 

Тэртээ 2007 онд стрийминг үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн Netflix одоогийн байдлаар 500 гаруй уран бүтээлийн боловсруулалтын үе шатад оролцож, өөрийн сүлжээнд байршуулжээ. Мөн саяхан нэгэн гэнэтийн бэлгийг задалсан нь энэ оныг дуустал долоо хоног бүр цоо шинэ уран бүтээлийг хэрэглэгчдэдээ хүргэх болсон явдал билээ. 

4. ЗАР СУРТАЛЧИЛГААГҮЙ

Та телевизийн сувгуудаар кино, нэвтрүүлэг үзэхэд дундуур нь хэдий хэмжээний зар сурталчилгаа үздэг вэ? Өдөрт 10, 20 уу? Эсвэл бүр 50, 100 юу? YouTube-ээс бичлэг үзэхэд дундуур нь ганц хоёр сурталчилгааны бичлэг гарч ирээд хамаг уур амьсгал эвдчихдэг үү? Тэгвэл мэдээж Netflix-ийг ашиглаж буй тохиолдолд ийм асуудал гарахгүй. 

Үүнээс гадна та олон ангит кино, нэвтрүүлгийн нэг ангийг үзээд дуусчихвал дараагийн анги нь хэдхэн секундын дараа автоматаар тоглогдоно. 

Эх сурвалж: BBC

#Кино урлаг #Netflix