ЗАХИДАЛ: Арваннэгдүгээр сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2020-11-06

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Бусад охидод атаархдаг

Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Ангийнхаа хичээлдээ гайгүй хүүхдүүдийн тоонд багтдаг ч биеийн тамирын хичээлээс айдаг. Би хөл муутай болохоор сайн гүйж чаддаггүй. Спортын тал дээр би хамгийн дорд хүн нь. Хамгийн удаан нь.

Бусад охид туранхай, хурдан хөдөлгөөнтэй, спортлог. Үгүй ядахад л үсэрч гүйж чаддаг. Тэгэхэд би хажууд нь зүгээр л яст мэлхий. Аав ээж маань залуудаа спортлог, хөдөлгөөнтэй хүмүүс байсан байхад би яагаад тийм байж болоогүй юм бол. Би бусад охидыг хараад атаархдаг. Тэгээд өөрийгөө дэндүү ихээр үзэн яддаг. Хүн болгон л намайг “ангийн хамгийн удаан нь”, “суга юм аа” гэж хэлдэг. Тэр бүхнийг хүлээн зөвшөөрсөн юм шиг харагддаг ч угтаа бол тэдгээр үгнүүд зүрхийг минь гүн зүсдэг. Би яах ёстой вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хүмүүс нөгөө хүндээ ямар санагдах бол гэдгийг мэдэхгүйгээр муухай зүйлс хэлчихдэг

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд найз нөхөд, ангийнхны хэрхэн хандаж буй хандлага, харилцаа чухал байр суурь эзэлдэг. Тиймээс эргэн тойрны хүмүүс чамд юу хэлж байгаа, юу гэж хэлэх бол гэдэгт маш их анхаардаг болчихдог. Гэвч зарим хүмүүс нөгөө хүндээ ямар санагдах бол гэдгийг мэдэхгүйгээр муухай зүйлс хэлчихдэг. Үүнээс болж өөрийнхөө зарим чадвар дээр эргэлзэж, түүндээ хэт эмзэг хандаж зөвхөн түүгээр л өөрийгөө үнэлэх гээд байдаг талтай.

Гэвч хүн болгон хурдан гүйж, үсэрч харайж, спортдоо мундаг байх албагүй шүү дээ. Хүн болгоны нүд нь өөр, хамар нь өөр байдаг шиг хийж чаддаг зүйлүүд нь ч ялгаатай байдаг. Чиний хамгийн мундаг гэж боддог хүн ч өөрийн гэсэн хийж чаддаг ба чаддаггүй зүйлүүдтэй шүү дээ. Тиймээс дан ганц нэг чадвараар өөрийгөө дүгнэхээс зайлсхийгээрэй. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Бид хоёр өдөр бүр хэрүүл хийх юм

Сайн байн уу? Би 20 настай. Найз охин маань 18 настай. Бид хоёр өдөр бүр л хэрүүл хийх юм. Энэ бүх хэрүүл дандаа л надаас болдог. Өөрөө хэлье гэж бодоогүй үгсээ хэлж, уурлуулъя гэж бодоогүй мөртлөө уурлуулж түүнийг байнга зовоох юм. Энэ байдлаас яаж гарах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Энгийн үед таатай болон таагүй мэдрэмжээ хуваалцдаг байгаарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Харилцааны явцад зөрчил үүсэх нь хэвийн үзэгдэл бөгөөд хосууд тухайн зөрчлөө хамтдаа хэрхэн даван туулж байгаагаас хамаараад харилцааны бат бэх байдал тодорхойлогддог. Түүнчлэн харилцаа нь хоёр хүний хооронд явагдаж байгаа харилцан үйлчлэл учраас хэт их өөрийгөө буруутгах нь өрөөсгөл юм. Хэдий тийм боловч өөрийгөө анзаарч, харилцаагаа эерэг болгохыг хичээж байгаа нь сайн байна. Дараах асуултуудад хариулаарай. Та хоёр нэг нэгэнтэйгээ мэдрэмжээ хэр их хуваалцдаг вэ? Ямар мэдрэмж төрөхөд өөрийнхөө хэлье гэж бодоогүй үгсээ хэлж байна вэ? Тухайн нөхцөл байдалд өөрт төрж буй мэдрэмжээ тодорхойлоорой.

Хэрэв ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмж төрсөн гэж үзвэл, тухайн үедээ гурван удаа уртаар гүнзгий амьсгаа аваад яаран дүгнэлт хийхээс зайлсхийгээрэй. Хэрэв ингэсэн ч тайвширч чадахгүй байвал түр зогсоод тайвширсан үедээ найз охинтойгоо дахин ярилцаарай. Ярилцахдаа дайрч давшилсан өнгөөр бус тайван дуу хоолойн өнгөөр өөрийнхөө бас нөгөө хүний өнцгөөс харж ярилцахыг хичээгээрэй. Мөн энгийн үед ч найз охинтойгоо сайн ярилцаж, таатай ба таагүй байгаа мэдрэмжээ илэрхийлж, хуваалцдаг байгаарай. Энэ нь харилцаанд гарах зөрчлүүдийг хурц болгохгүй байхад тустай юм. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Сайн үр дүн гарахгүй бол яана аа

Сайн байна уу? Би 12-р ангид сурдаг. Давтлага, хичээлүүд ихсээд нойр дутуу явж байна. Сүүлчийн жил минь юм даа гээд унтах нойр, идэх хоолоо хасан хичээж байхад сайн үр дүн гарахгүй бол яана гэж айх боллоо. Овоорсон хичээлүүдээ харж, өдөр бүр стрессдэж, долоо хоногийн сүүлээр өөрийн хийснээ бодохоор олигтой зүйл хийж чадаагүйдээ бухимдах боллоо.

ЗӨВЛӨГӨӨ: Аз жаргалын даавар суралцах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Төгсөх анги учраас нэлээд түгшүүртэй байгаа бололтой. Ялангуяа маш их ачаалалтай, өөртөө амрах цаг гаргаж чадахгүй байгаа үед юу хийж байгаагаа мэдэхээ болих, эсвэл хийж байгаа зүйлс нь ямар ч үр дүнгүй байгаа мэт санагддаг. Мөн өөртөө амрах цаг өгөхгүй хичээллэх нь тархийг хэт их ачаалуулж мэдээлэл хүлээн авах чадварыг бууруулах талтай.

Заримдаа хичээл зүтгэл гаргасан ч ядрах, сандрах, стрессээс болоод сайн үр дүнд хүрэхгүй байх тохиолдлууд ч бий. Хэдийгээр давтлага ба бусад хичээлүүд нь чухал ч гэсэн чиний бие болоод сэтгэцийн эрүүл мэнд ч мөн адил чухал шүү. Тэгэхээр өөртөө цагийн хуваарь гаргаж түүнийхээ дагуу унтах цаг, хооллох цаг, хичээллэх цаг, хөгжилдөх цагийг гаргаарай. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж хөгжилтэй байх үед тархинаас аз жаргалын даавар ялгардаг ба энэхүү даавар нь суралцах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Тиймээс өөртөө тодорхой хэмжээний амрах цаг гаргаж сэтгэл санааны тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Тэр өөрийгөө гэмтээж байсан

Сайн байна уу? Би 16 настай. Би шинэ сургуульд ороод нэг найзтай болсон юм. Нэг ангид цуг байгаад удаагүй ч хурдан дотносож сайн найз болсон. Тэр үргэлж баяр хөөртэй байдаг ч заримдаа зүв зүгээр байж байгаад уйлчихдаг. Найз залуугаасаа болоод л доо. Би дэлгэрэнгүй бичмээргүй байна. Ямар ч байсан тэр нэг удаа өөрийгөө гэмтээж байсан. Миний асуух гэсэн зүйл бол сэтгэл нь хямарсан хүнийг яаж тайтгаруулах вэ? Сэтгэлзүйчтэй очиж уулз гэхээр уулзахгүй, би юу гэж зөвлөхөө мэдэхгүй байна. Тэглээ гээд бас юу ч хэлэхгүй тоохгүй байлтай нь биш... Би юу гэвэл дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Түүнд илэрхийлээгүй олон мэдрэмж байгаа бололтой

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Найзынхаа төлөө санаа зовж байгаа нь сайн байна. Гэвч ямар асуудлаар болж сэтгэл санаагаар хямарснаас шалтгаалаад өгөх зөвлөмжүүд ялгаатай байдаг. Бас тухайн хүн өөрөө үүнийг асуудал гэж харж, шийдвэрлэхийг хүсэж байгаагаас хамаардаг шүү. Боломжтой бол найзыгаа бидэн рүү дэлгэрэнгүй захидал бичихийг санал болгоорой.

Өсвөр насанд дааврын өөрчлөлтийн улмаас сэтгэл санааны тогтворгүй байдал бий болж аливааг эмзэг хүлээж авах хандлагатай болдог. Гэсэн хэдий ч өөрийнхөө дотор байгаа сөрөг мэдрэмжээ илэрхийлж, хэн нэгэнд хуваалцаж, гомдлоо тайлахгүй бол зүв зүгээр юм шиг байж байгаад гэнэт уйлах, уурлах шинж тэмдгүүд илэрдэг. Үүний адил найзад нь ч гэсэн илэрхийлээгүй олон мэдрэмжүүд байгаа бололтой. Тэгэхээр найзыгаа мэдрэмжээ илэрхийлж байхад нь үгийг нь таслахгүй, шүүмжлэхгүй, өмнөөс нь шийдвэр гаргахгүйгээр сайн сонсоорой. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Би нойргүй явбал татаж унадаг

Сайн байна уу? Би энэ жил төгсөх ангийн сурагч. Дээрээс нь энэ 11-р сарын сүүлээр герман хэлний шалгалт өгөх юм л даа. Яг л англи хэлний IELTS, TOEFL гэдэг шиг. Герман хэлний 6 түвшин байдаг. Би хамгийн сүүлийн шалгалтыг өгнө. Энэхүү шалгалтыг манай сургууль албан ёсоор зохион байгуулах эрхтэй. Харин миний хувьд дунд нь өөр сургууль уруу шилжээд төгсөх ангидаа буцаж ирсэн юм. Манай ангийн ихэнх сурагчид өмнө жил энэ шалгалтыг өгчихсөн. Одоо надтай хамт манай ангиас 3, доод ангиас 4 хүүхэд өгнө.

Эхэндээ би хоцорчихсон байх вий хэмээн айж байсан ч түвшин нь адилхан явж байгааг мэдээд санаа амарсан. Гэхдээ шалгалт ойртох тусам түгшээд, хаяа нойр хүрэхгүй байна. Шөнө сайн унтаж амрахгүй бол хичээлд явуулахгүй гэж ээж хэлсэн. Нойргүй явах нь миний хувьд их эрсдэлтэй хэрэг. Яагаад гэвэл би татаж унадаг юм аа.

Одоо миний айж байгаа гол шалтгаан бол "шалгалттай өдөр унтаж чадахгүй шалгалтаа өгч чадахгүй бол яана аа", "татаж унаад хичээлдээ явж чадахгүй болбол яана аа" гэсэн айдас байна. Би яах ёстой вэ? Яавал сэтгэлээ амрааж нойргүйдлийг даван туулах вэ? Хурдан хугацаанд нойр хүргэх үр дүнтэй арга байдаг болов уу? Сэтгэл түгшсэн хэцүү байгаа учир шуурхай хариу өгөхийг хүсэж байна. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Ор бол зөвхөн унтдаг газар

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Нойргүйдэл үүсэх их олон шалтгаантай. Нойргүйдлийн эсрэг арга хэмжээ авахын тулд эхлээд шалтгаанаа олсон байх хэрэгтэй байдаг. Өөрийн чинь нойргүйдлийн шалтгаан шалгалтаас хамааралтай бололтой. Чи үүнийг хүлээн зөвшөөрч байна уу? Шалгалттай холбоотойгоор орой тайван унтаж чадахгүй улигт бодолд автаж байгаа болов уу. Дараах зүйлийг анхаараарай:

1. Ор бол зөвхөн унтах газар. Ор унтаж амрах ёстой газар болохоос биш юм бодох газар биш. Тиймээс үнэхээр санаа чинь зовоод түгшээд байгаа бол босоод сандал дээрээ очоод суугаарай. Чамайг түгшээж байгаа бодлуудаа, мөн маргаашийн хийх зүйлсдээ санаа зовж байгаа бол тэдгээрийг цаасан дээр буулгаарай. Энэ нь түгшүүрийг багасгадаг. Гол нь орон дотроо аливаа зүйлийг бодох хэрэггүй. Зөвхөн нойроо хүрээд унтах болсон цагтаа л орондоо ороорой.

2. Нойргүйдэлтэй холбоотой сөрөг бодлоо цэгцлэх. Өнөө орой дахиад унтахгүй байх, унтаж чадах болов уу гэсэн бодлуудыг таслан зогсоодог байх. Ийм бодлууд нь тархинд сэрлийн голомт үүсгэснээр нойронд нөлөөлж байдаг. Иймэрхүү сөрөг бодол үүссэн үед гүнзгий амьсгаа авах, сунгалтын дасгал хийх, тоо тоолох, “би энэ бүхнийг давж чадна” гэж өөртөө хэлээрэй.

3. Унтахаас өмнө маргаашийн талаар төлөвлөж бодохгүй байх. Өдрийн цагаар төлөвлөж, тэмдэглэл хөтлөх. Энэ дадлыг бага багаар өөртөө суулгаж хэвшүүлэх нь ирээдүйд нойрны асуудалтай дахин тулгарахаас сэргийлж өгдөг.

4. Шалгалтын өмнөх өдөр сөрөг бодол бодохгүй байх. Би шалгалтаа өгч чадна. Би өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийсэн гэх мэт эерэг бодлуудаар өөрийгөө цэнэглээрэй. Сөрөг бодол бодож чадаж байгаатай адил ухамсартайгаар эерэг бодол бодоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Түүнд сайн гэдгээ мэдэхгүй байгаа юм болов уу?

Сайн байна уу? Надад нэг эрэгтэй найз байдаг юм. Тэр бид хоёр их дотно. Найз маань тийм ч хөөрхөн, өндөр хүүхэд биш ээ. Жирийн, бие султай хүүхэд юм. Надад хэцүү үе тохиолдоход минь тусалж, өөрийнхөө чадахаар зөвлөдөг, сайхан сэтгэлтэй, дандаа инээлгэдэг.

Ангийн хүүхдүүд бид хоёрыг нэгэндээ сайн, хос гэж боддог юм шиг ээ. Гэхдээ тэр надад сайн гэсэн, найзууд нь ч хэлдэг. Харин би тэгж боддоггүй. Түүнтэй дотно байдаг нь үнэн ч хайр сэтгэлийн гэж хэлэхэд эвгүй юм. Хааяа чат ирэхгүй байх үед нь "Энэ одоо яачихав" гэж боддог л доо. Эсвэл би өөрийгөө түүнд сайн гэдгийг мэдэхгүй байна уу? Энэ одоо яг ямар мэдрэмж вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ сайн мэдэхгүй байгаа бол хэсэг хугацаанд хүлээгээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэдрэмжийг сайн мэдэхгүй бол хэсэг хугацааг харах хэрэгтэй болов уу? Ийм байвал чи тэр хүнд сайн эсвэл сайн биш гэсэн тодорхой тодорхойлолт байхгүй. Өөрт төрж байгаа мэдрэмжээ эхлээд ойлгосны дараа дүгнэлт гаргаарай. Бусдын бодол өөрийн чинь бодолтой заавал таарах ёстой гэсэн үг биш. Бусад хүмүүс та хоёрыг холбосон учраас өөрийн мэдрэмжээ ойлгохоо больсон уу? Эсвэл найзаасаа ямар нэгэн зүйл мэдэрсэн учраас өөрийн мэдрэмжээ ойлгохоо больсон уу? Энэ асуултад хариулаад үзээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Р үсэг хэлж чаддаггүй болохоор хүмүүс их шоолдог

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Би айлын бага. Аав ээж намайг багаас минь эрхлүүлээд өсгөчихсөн болохоор р үсэг хэлж чаддаггүй. Жоохон байхад ч энэ тал дээр аав ээж маань хайхраагүй байсаар өдийг хүрчихсэн. Хүмүүс хэлэхдээ жоохон дээр нь л хэлийг нь засахгүй бол том болоод засагддаггүй гэж хэлсэн. Р үсэг хэлж чадахгүйгээс болж үеийнхэн маань ч, томчууд ч маш их шоолдог. Хэл сурахаас өгсүүлээд л надад маш их бэрхшээл гардаг. Одоо бол хэнтэй ч юу ч яримааргүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хэлний зүгшрэл засагддаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. 5 секундэд засаж болохгүй зүйлийг шүүмжлэх нь утгагүй зүйл. Сэтгэлээр их унасан байх. Бусадтай ярилцмаар байсан ч дахиад намайг шоолох байх гэж эмээж байгаа болов уу. Хэлний зүгшрэл засагддаг. Хэдэн настай байсан ч дасгалаар зүгшрүүлж болдог. Мэргэжлийн хүнийг судлаад хандаж үзээрэй.

Ямар ч чадварыг хөгжүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа ордог. Дадлага дадлага бас дахин дадлага. Өөрт чинь хэцүү байсан ч хүчин чармайлт гаргаад хэл зүгшрүүлэх дасгал бие дааж хийж болно шүү дээ. Өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хичээж хийсэн байхад гарах үр дүн ч мөн эерэг байх болов уу. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter