Зөвхөн зун л авах ГАЙХАЛТАЙ мэдрэмжүүд


М.Батчимэг | YOLO.MN
2017-06-30

Зун  бол амарч тайвшрах улирал. Яг одоо зуныг халуу шатсан залхуутай өдрүүдээр л төсөөлж байна уу? Үгүй дээ, зунаас мэдэрч болох маш олон зүйлс бий. Бороо, борооны дараах үнэр, одтой тэнгэр гээд л зун ч үнэхээр сайхан улирал шүү.Яг одоо гэртээ суугаад хэрэггүй. Ногоон зүлгэн дээр хөл нүцгэн гишгэж үзээгүй, бороонд нороогүй, усаар байлдаагүй өнгөрүүлсэн тэр зуны мэдрэмжүүд бүтэн өвөлжин үгүйлэгдвэл харамсалтай биш гэж үү.  Ингээд та бүхэнд зөвхөн зун  л мэдэрч болох  мэдрэмжүүдийг хүргэж байна.


1. Бүрхэг өдөр
Бүрхэг өдөр бүх зүйл эл хуль болсон мэт хоосон мэдрэмжийг өгдөг  гэж хүмүүс боддог ч үнэн хэрэгтээ цаг агаар таагүй өдөр гэртээ амрах биш гадуур зугаалах хэрэгтэй гэнэ шүү. Учир нь нартай халуун өдрөөс бороо хуртай, бүрхэг өдөр хүмүүс илүү аз жаргалтай болдгийг Лондонгийн эдийн засгийн сургуулийн Зан үйл судлалын профессор Паул Долан судалгаагаар нотолжээ. Тиймдээ ч  бүлээхэн салхи үлээсэн халуун ч биш хүйтэн ч биш  зуны бүрхэг өдөр ганцаараа алхаж элдвийг эргэцүүлэхэд яг тохирсон мөч.


2. Бороо
“Зарим хүмүүс бороон дуслыг сэтгэлээсээ мэдэрдэг байхад зарим нь харин зүгээр л шалба нороод өнгөрөх юм. Боб Марли
Энэ жагсаалтад багтах ёстой зүйлүүдийн нэг бол бороо билээ. Бороо орохоор сэтгэлд хурсан гунигийг хүчтэй үргээх мэт гайхалтай мэдрэмж өгдөг. Борооны харшилтай л биш бол /дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг байна/бороонд дургүй хүн гэж үгүй ээ. Шиврээ бороотой өдөр цонхоо онгойлгоод борооны дуслуудыг алган дээрээ мэдрэх ч сайхан шүү. Аадар бороотой өдөр аймшгийн кино үзэх ч мөн адил.


3. Нар жаргах, мандах
Өдөр шөнө хоёрын солигдох зааг нь байгаль эхээс бидэнд өгсөн бэлэг гэлтэй үзэсгэлэнтэй мөч байдаг билээ. Хэдийгээр богинохон хугацаанд болж өнгөрдөг ч нар мандах, жаргахын аль аль нь хүнд таатай, тайван мэдрэмж өгдөг билээ. Үлгэрийн юм шиг л энэ мөчийг ганцаараа эсвэл хайртай хүнтэйгээ тольдох бүүр ч сайхан.


4. Голын урсгалын чимээ
Голын урсгалын чимээ нь ядаргаа тайлах шидтэй.  Голын чулуунд цохигдож аясаараа эсвэл хүчтэй хурдан урсах  энэ чимээ нь ямар ч сайхан дуу сонсноос илүү таашаал мэдрэмж өгч, хотын их дуу чимээнээс салж тайвшрах нь зуны улирлын бидэнд өгсөн бас нэгэн бэлэг гэлтэй.


5. Голын урсгал
Голын чимээтэй адил, урсгал нь ч мөн адил гайхалтай. Голын бүлээхэн усанд хөлөө дүрээд хөгжим мэт эгшиглэх хоржигнооныг мэдрэнгээ ном уншиж дуртай дуугаа сонсож суух сайхан биш гэж үү?


6. Солонго
Агаар чийгтэй үед тохиолдох хараа зүйн болон цаг уурын энэхүү үзэгдлийн үзэсгэлэнг бишрэхгүй байхын аргагүй билээ. Нарны цацраг агаар мандалд ихээр хуримтлагдсан чийгт ойн хугарч ийнхүү солонгорон харагддаг байна. Солонго ойрхон татвал гүйж очоод бариад авмаар санагддаг шүү. Зуны дулаахан нартай бороо, солонго хоёр ч зуны бас нэгэн гайхалтай үзэгдэл.


7. Халуу шатсан өдөр
Мэдээж зуныг халуу шатсан өдрүүдгүйгээр төсөөлшгүй. Өдөр бүр нар “шараад” байвал хүмүүс ууртай болдог гэнэ шүү. Гэхдээ л халуун шатсан өдрүүд байхгүй бол усаар байлдаж хөгжилдөж чадахгүй шүү дээ.  


8. Зуны орой
Өдөржин шарсан халуун нар дөнгөж жаргаж, сэрүүхэн салхи үлээх зуны орой гарч салхилж, тоглож, хөгжилдөхөд яг тохирсон мөч.

 

 


9. Цэвэр агаар
Хэрвээ чи Улаанбаатар хотод амьдардаг болон үүнийг илүү сайн мэдэх биз. Зун болохоор өвөлжин хоолой хорсгосон өтгөн хар утаа үгүй болж уужим амьсгаа авахад ч таатай сайхан цэвэр агаартай болдог.  


10. Ой мод
Зун болохоор ой мод улам өнгө нэмж, үлгэрийн юм шиг л үзэсгэлэнтэй болдог билээ. Ой модоор аялахад стресс тайлагдаж, сэтгэл санаа тайвшран баяр баясгалантай болдог гэнэ шүү. Шинэхэн өвсний үнэр ч гэсэн сэтгэл санааг сэргээх, ой санамжийг сайжруулах увдистай. Тиймээс зун ой модоор аялж стресс ядаргаагаа тайлах хэрэгтэй шүү.


11. Шувууд жиргэх чимээ
Түмэн өнгөөр жиргэх шувуудын жиргээ хөгжим мэт эгшиглэх нь нэн таатай. Шувуудын уянгалаг чимээ нь зун цагийн  дуу хуур гэлтэй. Хунгийн чуулган, хөхөөн донгодоо, хойлгийн исгэрээ, болжморын жиргээ цөм л байгалийн сонгодог симфони.

 


12. Борооны дараах үнэр
Бороо орохоор баярладагтай мөн адил борооны дараах үнэр ч хүний сэтгэлийг догдлуулдаг. Борооны дараах энэ тансаг үнэрт дургүй хүн гэж үгүй ээ.


13. Одтой тэнгэр
Дулаахан зуны орой одтой тэнгэр ширтэх нь зун цагийн бас нэгэн үзмэр билээ. Однууд нь Дэлхийгээс асар хол зайд орших тул шөнө цэг шиг жижиг, мөн Дэлхийн агаар мандлаас болж анивчиж буй мэт харагддаг байна.

#summer #wonderfull #feeling