5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЗАХИДАЛ: Наймдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-08-14

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би олон сарын хичээлээр хоцорч яваа

Сайн байна уу ? Би 14 настай, эмэгтэй. Хичээл есдүгээр сарын нэгэнд орох нь батлагдсан ч би их олон сарын хичээл хийгээгүй байгаа. Хийх гэсэн ч хурдацтай хийж чадахгүй, үр бүтээмж багатай байна. Үүнээсээ болоод сэтгэлээр унаад улам л үр бүтээмжгүй болоод байх юм. Би яаж хичээлээ хурдан хийж, хичээл орохоос өмнө дуусгах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бодлоосоо илүү үйлдэлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бидний бодол болоод үйлдэл хоёрын хоорондын зай хол байх тусам бид хий хоосон бухимдалд автдаг. Өөрийн чинь үйлдлээс илүүтэй бодол чинь илүү их давамгайлаад байгаа болохоор л асуудал үүсээд байгаа юм. Тиймээс бодлоосоо илүүтэй үйлдэлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй.

Даалгавар хийхээ мэдэж байсан уу? Мэдээд байгаа хэрнээ хийгээгүй нь бодол болоод үйлдэл чинь зөрж байгаагийн шинж. Анхнаасаа ингээд бодол, үйлдэл чинь зөрдөг дадалтай болчихвол ирээдүйд ч хэцүү. Тиймээс бодсон зүйлсээ тэр дор нь хийдэг болох хэвшилтэй болохыг хичээгээрэй. Мөн богино цагт бүгдийг нь амжуулах ёстой гэж бодоход л тархи ядрах учир яарч сандралгүй чадах чинээгээрээ л хийгээрэй. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Удахгүй үхэж болох тухайгаа хэлчихсэн

Сайн байна уу? Би 18 настай. Би 6 жилийн өмнө ангийнхаа нэг хөвгүүнд сайн болсон юм л даа. (Тодорхой хэлбэл миний анхны хайр) Би түүнд хэдэн сарын өмнө маш урт үгтэй захиа бичиж өгсөн. Захиандаа анхны хайр минь байсан тухай бас хэзээд тусалж, дэмжиж, сайн сайхан бүхнийг хүсэх тухайгаа бичсэн. Мэдээж түүнийг ямар нэгэн зүйл хийх болов уу гэж их хүлээсэн. Гэхдээ юу ч болоогүй. Би яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Гэхдээ өөрөө биш.

Үүний дараа бид хоёр тийм ч таатай харилцаатай байгаагүй. Харилцаа минь өмнө байснаасаа ч хөндийрсөн. Уул нь би түүнтэй учиргүй шууд үерхэж их зүйл болохыг хүсээгүй. Ядаж л бие биенийгээ сайн таниад сайхан найзлахыг хүссэн. Гэвч тэр энэ бүхнийг их хүндээр ойлгосон мэт санагдаад байгаа юм л даа. Тэр ч надтай харилцаагүй, би ч бас түүнтэй харилцаагүй. Яг үнэндээ бид хоёр хоёулаа сайн ярилцахыг хүсдэг. Гэхдээ яагаад ч юм бие биенээсээ зугтсаар л байсан. Яг үнэндээ энэ бүхнээс их залхаж байна. Тэр яагаад надтай харилцахыг хүсдэггүй юм бол гэж үргэлж бодсоор л байсан.

Хаана ч явсан тэр хүнийг санагдуулдаг зүйл их байдаг. Аз болж саяхан түүнтэй таарсан. Ойр зуурын хөнгөн ярианы дараа яг бидний хооронд шийдэгдэхгүй байгаа асуудлынхаа талаар ярилцах гэж үзсэн. Гэхдээ энэ үед би их том алдаа хийсэн. Аль болох тодорхой байхын тулд яагаад сайн байдаг тухайгаа бас түүний тухай өөрийнхөө бодлыг хэлсэн. Дараа нь би өвчний улмаас удахгүй үхэж болох тухайгаа хэлчихсэн. Би зүв зүгээр мөрөөрөө байгаа хүүхдэд хэлэх ёсгүй зүйлээ хэлээд санааг нь зовоосон байх вий гэж одоо хүртэл бодсоор л байна.

Энэ ярианы дараанаас би түүнд бага багаар татагдахаа болиод байх шиг мэдрэгдэж байна. Би одоо их ичиж байна. Гэхдээ хамгийн гол зүйл нь энэ биш л дээ. Би түүнийг миний сайн найзтай харилцаатай байдаг тухай мэдсэн. Тэр сайн найзад маань миний тухай хэлж бас асуудаг байсан байна лээ. Тэр надад ч бас сайн байсан харилцаатай байхыг хүсдэг тухайгаа хэлсэн байсан. Даанч тэр хүний сайн найзууд нь надад үнэхээр сайн байдаг. Намайг бүүр хайрлаж явдаг тухайгаа хэлж байсан. Би энэ тухай ер бодолгүй, түүнд сайн найзынхаа хайртай охинтой харилцах ямар байх тухай бодож үзээгүй. Би их муухай, хувиа хичээсэн зан гаргасан мэт санагдаж байна. Магадгүй бидний хамгийн буруу алхам нь өөрсдөө шууд уулзахгүй бусдаар дамжуулж уулзаж бас ярилцдаг байсан явдал байх. Би түүнийг маш их гайхаж байна.

Одоо би яг яах ёстой юм бол? Яавал би түүнийг гомдоохгүй байж чадах вэ? Би дахиад л түүнтэй харилцах гэж түрүүлж алхам хийх нь зөв юм болов уу? Эсвэл зүгээр л түүнийг мартахыг хичээж, тайван орхисон нь дээр юм болов уу? Энэ хүртэл анхааралтай намайг сонсож өгсөнд баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Чи хийх ёстой даалгавраа хийсэн байна

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэдрэмжийг нуугаагүй, үгүйсгээгүйд чинь талархаж байна. Сэтгэлтэй хүндээ өөрийн мэдрэмжийг илэрхийлнэ гэдэг хэн бүхний хийж чаддаг зүйл биш. Мэдрэмжээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч илэрхийлэх нь дотоод зөрчил бий болохоос сэргийлдэг.

Чи өөрийн зүгээс чадах зүйлээ л хийсэн байна. Харилцаа үргэлж хоёр талаас хамааралтай байдаг. Чи өөрийн хийх алхмаа хийсэн тул одоо түүнд үйлдэх хийх эсвэл хийхгүй байх боломжийг нь олгоод орхих нь дээр болов уу. Түүнд татагдах нь багасаж байгаа бол чи хийх ёстой даалгавраа хийчихсэн болохоор тархи чинь амраад, тайвшраад, үр дүнд нь түүний тухай бодлууд багасаж байгаа гэсэн үг байх. Тиймээс өөрийнхөө хэлсэн зүйлд огт харамсах хэрэггүй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Тууштай байж чаддаггүй зангаа яаж засах вэ?

Сайн байна уу? Би 14 настай. Нэг зүйлдээ тууштай байж чаддаггүй, тэрнээсээ болж одоо хүртэл ямар сургуульд орж ямар мэргэжилтэй болохоо шийдэж чадахгүй л байна.

Нэг дугуйланд явж байгаад л уйдаад өөр зүйл сонирхож эхэлнэ. Энэ байдалдаа үнэхээр дургүй хүрдэг. Би тууштай байж чадсан бол өдийд хамаагүй их зүйл сурчихсан байгаадаа гэж боддог. Энэ занг ээж аав маань нэлээд шүүмжилсэн. Тэнэг сонсогдож байгаа ч үнэхээр өөрийгөө яаж засахаа мэдэхгүй юм. Та надад зөвлөгөө өгч туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Тууштай байдал бол хөгжүүлэх боломжтой чадвар

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө олох гэж хичээж байгаа чинь сайн байна. Тууштай байдал бол хүн өөрөө хөгжүүлж болдог чадвар. Тууштай байх чадвар нь анхаарлаа төвлөрүүлэх болон шийдвэр гаргах чадвартай холбоотой. Тиймээс чи анхаарлаа хэр сайн төвлөрүүлж чаддаг вэ, мөн хэр их шийдвэр гаргаж, гаргасан шийдвэртээ үнэнч байдаг вэ гэдгээ бодоод үзээрэй. Жишээ нь би энэ спортоор нэг жил хичээллэнэ гэж шийдсэн бол өөрийнхөө гаргасан шийдвэрээ хүндлэх хэрэгтэй.

Хоёрт, хийж байгаа зүйл чинь үнэхээр чиний сонирхлыг татаж байна уу? Үнэхээр сонирхолгүй бол аливаа зүйлийг тууштай үргэлжлүүлэхэд хэцүү байдаг. Гуравт, магадгүй ямар нэгэн тодорхой тэмүүлэл, зорилго байгаагүй болохоор тууштай байж чадаагүй ч байж болно. Дараагийн удаа шинэ зүйл хэрэгжүүлэхээр болбол тодорхой зорилт тавьж, хүрэх цэгээ тодорхойлоорой. Мөн яагаад үүнийг хийж байгаа билээ гэдэг шалтгаанаа өөртөө сануулаарай. Төгсгөлд нь “би тууштай биш” гэж өөртөө шошго наавал чи энэ бодолдоо улам л итгэх болно. Тиймээс “би илүү тууштай болж байгаа” гэж өөртөө хэлж байгаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хэчнээн нийтэч байхыг хичээсэн ч нэг л мэдэхэд ганцаараа суучихсан байдаг

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Ер нь интроверт төрлийн хүн л дээ. 

1. Хүмүүс намайг юм дуугардаггүй, хэтэрхий дотогшоогоо гэж хэлэхэд тоодоггүй, зүгээр л “миний байгаа байдал шүү дээ” л гэж боддог байсан. Гэхдээ одоо сургууль, дугуйлан дээр хүмүүстэй харилцахад зүгээр л хаягдчихсан юм шиг санагдаж байна. Багаар ажиллахаар юм хийж чаддаг ч гэсэн чаддаггүй болчихно. Бас багийнхан маань надад дургүй юм шиг мэдрэмж төрдөг. Хэчнээн нийтэч, санаачлагатай байх гэж оролдсон ч нэг л мэдэхэд ганцаараа урвайгаад суучихдаг. Нийтэч байхыг хичээсэн ч жоохон байж байгаад л мартчихна. Ганцаараа байх нь сайхан санагддаг хэрнээ ганцаардаад байна. 

2. Өөрийгөө голох, сэтгэл дундуур мэдрэмж үргэлж төрж байна.

3. Өмнө нь дугуйландаа дуртай байсан бол одоо юу ч хийхгүй цаг нөхцөөдөг болсон. Хичээвэл урдахаа хийж чадна гэдгийг мэдэх ч хичээхийг ч хүсэхгүй байна. Найзгүй болохоор цаг нөхцөөх хүртэл хэцүү санагдаж байна.

Заримдаа яагаад ингээд байгаа юм болдоо гээд бодохоор угаасаа бүгд надаас болж байгаа учраас уйлахаас өөр хийж чадах юм алга.Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүр экстроверт байх албагүй

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Чамд ямар байгааг ойлгож байна. Багийнхан чинь чамд үнэхээр дургүйцсэн үү эсвэл энэ чиний л бодол уу гэдгийг нэг бодоод үзээрэй. Багийнхан чинь шууд дургүйцлээ илэрхийлээгүй бол түрүүлж дүгнэлт хийх хэрэггүй.

Дараагийн шийдвэрлэх асуудал бол бусадтай нээлттэй байж сурах. Бусадтай нээлттэй байхын тулд чамд олон удаагийн дадлага, туршлага хэрэгтэй. Санаачлагатай, нийтэч байхын тулд чи хэд хэдэн оролдлого хийсэн гэж ойлголоо. Энэ нь тун сайн хэрэг шүү. Чамд тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарсан байх. Чи нийтэч байхыг хичээсэн ч жаахан байж байгаад л мартчихдаг гэж хэллээ. Мэдээж эхэндээ ийм асуудлууд гарч болно. Гэхдээ энэ нь хэвийн зүйл юм. Хамгийн гол нь эргэж санасан даруйдаа үргэлжлүүлэх л юм шүү. Эхлээд гэр бүл гэх мэт ойр дотно хүмүүстэйгээ илүү ярилцаад үз, үүний дараа бага багаар анги, сургуулийн хүүхдүүд, цаашлаад шинэ хүмүүстэй танилцахад чиний нийтэч харилцах чадвар нэмэгдсэн байх болно. Мөн янз бүрийн клубт хамрагдан шинэ орчинд шинээр танилцсан хүмүүс дээрээ нийтэч санаачилгатай байх оролдлогоо туршиж үзэж болно. Таарах бүртээ түрүүлж мэндлэх нь хүмүүст тааламжтай сэтгэгдэл үлдээнэ.

Эхний ээлжинд эдгээрийг туршаад ямар үр дүн гарснаа эргээд бидэнд хуваалцаж болно шүү. Жич: интроверт байх нь ч мөн өөрийн гэсэн давуу талтай. Хүн бүр экстроверт байх албагүй. Гэсэн ч чи илүү нээлттэй баймаар байна гэсэн учир дээрх зөвлөмжийг бичсэн юм шүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр


АСУУДАЛ: Хоёр найз минь надаас хөндийрчихлөө

Сайн байна уу. Би энэ жил 7-р ангид орно, эмэгтэй. Өмнө жил ангийнхаа хоёр хүүхэдтэй (А,Б) их дотно байдаг байсан юм. Өдөр бүр чат бичих, уулзах гээд л. Гэтэл би А-тай муудалцчихсан юм. Муудалцсан өдрийн маргааш нь хичээлдээ очтол тэр намайг ангийн хүүхдүүдэд муулсан байсан. Тэр өдрөөс хойш ангийн ихэнх хүүхэд надтай муухай харьцаж эхэлсэн.

Тэгээд нэг өдөр түүнтэй эвлэрсэн. Эвлэрсэн ч гэсэн зун болоход надтай харьцахаа больсон. Чат бичихэд харсан хэрнээ хариу бичихгүй. Тэгж байгаад хэд хоногийн дараа Б рүү чат бичихэд хариу өгч байгаа ч өмнөхөөсөө хөндий харьцаад, харьцаж байгаа нь хүртэл надтай чатлах сонирхолгүй байгаа мэт эсвэл гадуур явж байгаад тааралдвал хараагүй мэт зөрж өнгөрнө. Хоёр найз маань надаас хөндий болчихлоо. Миний хамгийн дотно найзууд байсан юм. Хөндий харьцаж байгаа нь надад хэцүү санагдаж байна. Яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Үйлдэл нь чамд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг ний нуугүй хэлээрэй

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Найз нөхдийн хооронд муудалцаж үл ойлголцох асуудал гарах нь хэвийн зүйл. Харин үл ойлголцлыг зөв шийдвэл харилцаа илүү бат бөх болдог. Чамайг ангийнхандаа яагаад муулсан талаар чи найзаасаа асууж үзсэн үү? Мэдээж найзыгаа муулна гэдэг бол буруу хэрэг. Магадгүй дараагийн удаа ийм зүйл болохоос сэргийлж чиний талаар муу хэлэх чамд таалагдахгүй байна гэж түүнд хэлж ойлгуулах хэрэгтэй болов уу.

Мөн түүний үйлдэл чамд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг ний нуугүй хэлээрэй. Бас эвлэрч дахин сайн найзууд болмоор байвал түүнийгээ ч хэлээрэй. Тэгээд түүний хариу үйлдлийг ажиглаарай. Хэрвээ тэр үл тоосон шинжтэй байвал тэр чиний сайн найз гэдэг юу л бол. Хэрвээ тэр чамд гомдсон бөгөөд бэлэн биш байна гэвэл ойлгож хүлээж аваарай.

Төгсгөлд нь зуны амралтаараа өөртөө цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаанд оролцож, илүү олон хүүхдүүдтэй харилцаж, түүнээсээ чамайг хүндэлдэг, чиний үнэ цэнийг мэддэг найзтай болж болно шүү дээ. Найз нөхөрлөл гэж юу болох талаар, бас чи найздаа ямар шалгуур тавьдаг, түүндээ өөрөө тэнцдэг эсэх энэ талаар бодоод үзээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр


АСУУДАЛ: Байхгүй хүмүүсийг, хэзээ ч тохиолдоогүй юмсыг төсөөлдөг

Сайн байна уу ? Би 14 настай, охин. Би 6 настайгаасаа л юм ургуулан бодох дуртай байсан. Хөнжил дотроо ороод үзсэн киногоо өөрийнхөө амьдрал болчихсон мэт төсөөлнө. Энэ зуршил маань одоо ч хүртэл байгаа.

Юмсыг сайхан болгож байхгүй хүмүүсийг, хэзээ ч тохиолдохгүй юмсыг төсөөлдөг. Хүмүүстэй харьцах, хичээлд явах, гэрийнхэнтэйгээ байхаас илүү ганцаараа дуртай зүйлсээ хийгээд мөрөөдөөд л байж байх нь гоё санагддаг. Сүүлийн үед мөрөөдлийн төгс найзуудаа төсөөлдөг болсон. Заримдаа бүр үнэхээр тийм найзтай гэдэгтээ итгэчихсэн байдаг. Надад ганцаараа байх цаг их байдаг учраас тэр хугацаанд бүх л зүйлсийг өөрийнхөө дуртай, тийм байгаасай гэж хүсдэг байдлаар маш олон удаа нүдэндээ харагдтал бодож төсөөлдөг болохоор тэрэндээ итгээд бодит байдалд үнэхээр урам хугарч байна.

Би тийм нийтэч, нээлттэй биш болохоор найзуудтай болж чаддаггүй. Гэртээ очоод л нөгөө хуурамч найзуудтайгаа хөгжилдөж байна гэж өөртөө итгүүлээд, дугуйлан дээрээ очихоор бүх юм эсрэгээрээ болохоор их л урам хугардаг. Ийм байхаа болихыг хичээдэг ч үнэхээр чадахгүй байна. Би яах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Төсөөлөл бол түр зуурын хамгаалалт

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Хүүхэд насанд тархины төсөөлөн бодох хэсэг хөгждөг учраас хүүхдүүд өөрийн эрхгүй л аливаа зүйлийг ургуулан төсөөлж эхлэдэг. Харин зарим тохиолдолд энэ төсөөлөлдөө автаж сүүлдээ бодит байдлаас хөндийрч эхлэдэг.

Хүн аль болох бодит байдлаа ойлгож, хүлээн зөвшөөрч, түүнийг яаж өөрчлөх вэ гэдэгт төвлөрвөл өөрчлөлт бий болдог гэж үздэг. Харин төсөөлөл бол зүгээр л түр зуурын сэтгэл зүйн хамгаалалт юм. Чамд найз хэрэгтэй болбол чи найзтай байна гэж төсөөлөх нь хэдхэн минут л чамайг жаргалтай болгохоос бодит байдлыг өөрчлөхгүй, дээр нь урам хугардаг гэж чи хэлсэн байна шүү дээ.

Бас чи ихэнх цагийг ганцаараа өнгөрөөдөг гэлээ. Одооноос төсөөллөө бодит байдал дээр бий болгохыг хичээгээрэй. Мэдээж хүүхэд насанд бид эцэг эхээсээ хараат учир бүх зүйлийг хүссэнээрээ хийж чадахгүй. Гэсэн ч насанд хүрсний дараа чи өөрийн хүссэн ямар ч амьдралыг бий болгож чадна. Түүндээ одооноос бэлдэж болох юм. Мөн чи одоогийн нөхцөлдөө юу юунд анхаарч, өөрчлөх боломжтой байна гэдгээ бодоорой. Дугуйлангийн хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй байж болох уу? Ээж ааваасаа тусламж хүсэж болох уу? гэх мэтээр бодоод үзээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Найздаа атаархаад байгаа юм шиг 

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би 20 настай, эмэгтэй. Би дөнгөж их сургуульд ороод найзтайгаа найзлаад дөрвөн жилийг өөрсдийнхөө амьдралын бүхий л нууц гээд бүх наадах цаадахыг мэдээд явж байгаа сайхан найзалдаг. Янз бүрийн иймээ тиймээ ажил, мэргэжлийнхээ дадлага гэх мэтчилэн байнга хамт бүх юмаа хийдэг болохоор аливаа хүмүүсийн хандаж байгаа байдалд нь би илүү эмзэглээд байх юм.

Яагаад ингээд эмзэглээд байна вэ гэхээр хүмүүсийн хандаж байгаа байдал нь тэс хоёр ондоо байгаа нь ялгаварлаад ч байгаа юм шиг санагдаад, тэрэнд нь би гомдоод өөртөө илүү урам хугараад, өөртөө итгэх итгэл минь улам л бага болоод байгаа юм шиг санагдаад.

Өөртөө итгэх итгэл багасаад байхаар найздаа ч илүү атаархаад ч байгаа юм шиг санагдаад байдаг болоод байна. Надад зөвлөгөө өгөөч. Би яг ямар зүйл дээр анхаарвал зүгээр вэ? Аль болох нэг бол найзаасаа тусдаа бүх юмыг хийгээд үздэг юм билүү?

ЗӨВЛӨГӨӨ: Бодит байдлыг хүлээн зөвшөөрснөөр бид илүү хүчтэй болдог

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Сайн найзтайгаа хамт байх үед хүмүүс түүнд илүү хандаад байгаа нь чамайг өөртөө итгэлгүй болгож байна гэж ойлголоо.

Нэгдүгээрт хүмүүс үнэхээр түүнд илүү хандаад байна уу эсвэл чи тэгж итгээд байдаг уу гэдгээ сайн анзаараарай. Бид өөрсдийгөө ухамсаргүйгээр бусадтай харьцуулж, үнэлж дүгнэх гээд байдаг. Бусад гэдэгт ихэвчлэн дотны найзууд орно. Тэгээд өөрийгөө ухамсаргүйдээ найзаасаа муу юм байна гэж дүгнэвэл хиймлээр түүний бүх зүйлс чинийхээс сайхан болж бүтээд байгаа юм шиг мэдрэмж төрнө.

Хоёрдугаарт, хэрвээ үнэхээр бодит байдал тийм бол үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чамд хэцүү байгаа учраас хүлээн зөвшөөрч чадахгүй, зөвшөөрвөл өөрийн үнэлэмж уначих гээд байгаа юм шиг санагдаж байгаа байх. Гэвч бодит байдлыг зөвшөөрснөөр бид илүү хүчтэй болдог болохоос хэзээ ч муу зүйл тохиолддоггүй. Бодит байдлаа анзаарч, хүлээн зөвшөөрсөн хүн өөрийгөө яаж хөгжүүлж сайжруулах вэ гэдэгтээ төвлөрснөөр хурдан сайжирдаг гэж үздэг. Гуравдугаарт, бусад хүмүүс найзад нь сайн хандаж байсан ч тэр үүнд буруугүй шүү. Тиймээс түүнд муу юм саналгүй харин ч түүний өмнөөс баярлаарай. Найзаасаа суралцах зан чанар, ур чадвар байдаг уу? Бас найз нь ч чамаас суралцдаг байх. Ингэж хүлээн зөвшөөрөх нь чамд тайвшрал авчирч энэ хэрээрээ чи дотроосоо гэрэлтэх болно. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: ЭЕШ-аа сайн өгсөн ч сэтгэлийн түгшүүр байсаар л байна

Сайн байна уу? Сүүлийн хэдэн сар надад үнэхээр хэцүү байлаа. Цаг, минут тутамд сэтгэл түгшиж, айж, ганцаарддаг. Нэг хэвтээд өгвөл зүгээр л тааз ширтээд хэвтээр баймаар санагддаг. Сүүлийн үед өөрийгөө нийгмээс тусгаарлаж, сүм хийдэд очиж суумаар санагдтал хэцүү байна.

Энэ бүхэн ЭЕШ-аас айх айдсаас эхэлсэн. Гэр бүл, хамаатан садан, маш олон хүмүүс намайг харж байгаа гээд байнга түгшүүртэй, шаналалтай байсаар толгойн өвчин болчихсон байсан. Ингээд ЭЕШ-аа дажгүй өгсөн ч энэ сэтгэлийн түгшүүр маань байсаар л байна. Би гадаад төрхөндөө, өөртөө итгэлгүй байдаг. Би бусад охид шиг хөөрхөн, туранхай биш учраас хөвгүүдтэй дотно байж үзээгүй. Олон найзтай ч байж үзээгүй. Бас их дотогшоогоо учраас их сургуульд ороод найз нөхөдтэй болж чадах болов уу гэсэн айдас намайг зовоож байна. Гэхдээ би өөрийгөө дайчлаад, танилын хүрээгээ тэлээд, эсрэг хүйсний хэдэн хүнтэй танилцаж уулзаж үзсэн. Даанч бүгд бүтэлгүйтсэн. Чаталж байхдаа үнэхээр гоё сайхан үгс хэлж, надад сайн хандаж байсан мөртлөө яг уулзсаны дараа бүгд алга болдог. Зарим нь бүр блок хийдэг. Эхний удаа ийм зүйл болоход би юу ч бодоогүй. Гэхдээ одоо энэ явдал маш олон удаа давтагдаж байгаа учраас надад өөртөө итгэх итгэл үнэндээ алга. Би туранхай биш болохоор уу? Эсвэл би хангалттай хэмжээний царайлаг биш болохоор уу? Өөрийгөө битгий гол, өөрийнхөөрөө бай, чамайг байгаагаар чинь хайрлах хүн олдоно гэх үгс надад үнэхээр хэрэггүй.

Өсвөр насанд бүгд л үерхэж байхад хөвгүүд зөвхөн намайг л тоодоггүй байсан. Одоо ч хэвээрээ. Би яг юуг буруу хийсэн гэж? Яагаад бүгд надад ингэж хандаад байгаа юм бол? Яагаад бусад нь болоод байхад би л ганцаараа болохгүй байгаа юм бол? Надад үнэхээр ямар ч итгэл алга. Цаашид би өөр хүмүүстэй танилцахаасаа айж байна. Намайг дахиад блок хийвэл яах уу гэхээс сэтгэл минь түгшиж, инээхээ ч больсон. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахаа ч больсон. Надад үнэхээр хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Гол нь тууштай байдал

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Бусад хүмүүст биш надад л тохиолдоод байна гэдэг y, бодлын алдаа шүү. Бусад хүмүүст юу тохиолдож байгааг чи мэдэхгүй шүү дээ. Хүмүүс хоёр янз байдаг. Асуудлаа олж харж чаддаггүй эсвэл олж харсан ч зүгээр л суугаад байдаг хүн байна. Эсвэл асуудлаа олж хармагц яаж үүнийг шийдэх вэ гэж бодон үйлдэл хийж эхлэдэг хүн байна. Чи аль нь байхыг хүсч байгаагаа өөрөө шийднэ. Хэрвээ чи асуудлыг шийдэгч болохыг сонгож байвал одооноос өнгөрснийг бодож, түүнд гомдолгүй ирээдүйдээ одоо цагаа зориулаарай.

Таван жилийн дараа эсвэл зүгээр л жилийн дараа чи ямар болсон байхыг хүсч байгаагаа нүдэндээ төсөөлөөрэй. Тэрний тулд чамд юу юу хэрэгтэй, ямар ур чадвар хэрэгтэй бүгдийг нь жагсааж бичээрэй. Тэгээд түүнийгээ яаж бий болгох вэ гэдэгт төвлөрөөрэй. Гадаад үзэмж бол харьцангуй өөрчлөх боломжтой, хүний хичээл зүтгэлтэй тодорхой хэмжээгээр холбоотой зүйл. Жингээ хасахыг хүсдэг бол түүндээ тууштай байж үйлдэл хийж үзсэн үү? Гол нь тууштай байдал гэдгийг бас санаарай. Чиний бүх зүйлс сайхан болно гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter