“Үеэ өнгөрөөсөн” байгальд ээлгүй сурталчилгааг халъя


Гэртээ буйдан дээрээ тухлан сууж байхад тань, аль эсвэл гудамжаар алхаж явтал сонгуулийн сурталчилгаа хэмээх “үеэ өнгөрөөсөн” нөгөө л улиг болсон цаасан, хулдаасан хэвлэмэл материалууд тарааж амар тайван байдал, тав тухыг тань үгүй хийж байна уу? Бидний тав тух гэхээс илүүтэйгээр амьдралын эх үүсвэр болсон хүрээлэн буй орчин, байгаль эх дэлхийд маань эдгээр зүйлс хаягдал болон тархаж, бохирдуулсаар байгааг бид саяхан болж өнгөрсөн сонгуулиас харсан. Магадгүй танд хамаагүй мэт санагдаж байж болох авч эдгээр сонгуулийн сурталчилгааны материалууд бидний таашгүй их мөнгөөр бүтэж, бидэнд төсөөлшгүй их хор хөнөөл учруулдаг гэдгийг та мэдэх үү?

БАЙГАЛЬД ХЭР ИХ ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛЖ БАЙНА ВЭ?

Бичгийн цаас гэхэд л байгальд шингэх гэж бүхэл бүтэн хоёр жилийг зарцуулдаг. Цаас бол микро организмын нөлөөгөөр задардаг материал юм. Иймд хаягдал болсон тохиолдолд ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрс хүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хий ялгаруулдаг гээд бод доо. Тэгэхээр сонгууль бүрээр хэдэн арван мянгаараа тараагддаг хэвлэлийн, зузаан шохойтой цаас байгальд хэр удаан хугацаанд шингэхийг төсөөлөхөд ч бэрх юм. Хэрэв эдгээр материалыг дахин боловсруулъя гэвэл цаас дахин боловсруулах үйлдвэрүүдэд шохойтой буюу фото хэвлэмэл цааснуудыг дахин боловсруулах боломжгүй ажээ.

Ингээд л гудамж талбай, хогийн цэгүүдээр дүүрэн ашиггүй сонгуулийн сурталчилгаанууд хаягдал болон хувирна. Гэтэл та бидний эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахын тулд төрд гарах гэж буй хүмүүс зөв үйлдлээр олон нийтэд үлгэрлэж сурталчилгаагаа хийх боломж бололцоо байсан ч үл тоосоор байгаа нь харамсалтай.

 

САЛХИНД ХИЙСЭЖ БУЙ МӨНГӨ

Энэ жил манай улсын УИХ-ын сонгуулиар нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөн. Нэр дэвшигчид сурталчилгаагаа зургадугаар сарын 2-ноос хийж эхэлсэн бөгөөд Монгол улсын үндсэн хуулийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 42.2-т зааснаар “Зурагт самбар, дэлгэц нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй” гэсэн байдаг. Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь А4 бичгийн цаасны найман нүүртэй тэнцэх ба дэлгээстэй сонин буюу ойролцоогоор 80:60 см болдог. Тэгэхээр нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт самбар 160:120 см-ээс илүүгүй хэмжээтэй байх ёстой гэсэн үг юм. Мөнгөн дүнгээр тооцоолж үзэхэд 160:120 хэмжээтэй нэг ширхэг зурагт самбар хэвлүүлэхэд ойролцоогоор 6,700 төгрөг бөгөөд 1000 ширхгийг хэвлүүлбэл 6 сая 700 мянган төгрөг болж байна.

Саяхан нийтэд цацагдсан нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуйгаас харахад нэг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараахад дунджаар 25-30 сая төгрөгийг зарцуулжээ. Тэгэхээр нийтдээ 606 нэр дэвшигч дунджаар 15 тэрбум 150 сая төгрөгийг энэ сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан байна. Чухамдаа уг мөнгө ямар ч ашиггүй, салхинд хийссэнтэй агаар нэгэн буй за.

БУСАД УЛСЫН ЖИШЭЭ

Бусад улсын нэр дэвшигчид байгаль, орчинд ээлгүй сонгуулийн сурталчилгааг халж, шинэлэг бөгөөд хүртээмжтэй сурталчилгааг аль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлжээ. Тухайлбал:

  • Солонгос улсад хаа дуртай газраа сонгуулийн сурталчилгааны баннер байрлуулдаггүй бөгөөд нэр дэвшигч бүр ижил хэмжээтэй баннерыг заасан байрлалд тавьдаг хуулийн зохицуулалттай. Манайд яг одоо энэ зохицуулалт үгүйлэгдэж байна. Нэр дэвшигчийн сурталчилгааны самбар бараг тэдний мөнгөний хэмжээг тодорхойлж, замын үзэгдэх орчныг хязгаарлаж, бүр зарим нь үл ойлгогдох авангард бүтээл шиг харагдах болсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

  • Харин Энэтхэг улсын хувьд өнгөрөгч онд болсон улс төрийн сонгуулийг байгальд ээлтэй байдлаар зохион байгуулахыг сонгуулийн ерөнхий хорооноос уриалсан байна. Тус санаачлагыг хэрэгжүүлснээр ашиггүй сурталчилгааны материалууд, хог хаягдал, хуванцрыг бууруулж, байгаль орчин бохирдохоос хамгаалан, мөнгөний үр ашиггүй зарцуулалтыг багасгасан түүхэн сонгууль болсон ажээ. Мөн байгальд удаан шингэх хулдаасан хэвлэлийн оронд даавуу ашиглаж, хананд графити зураг зурах зэргээр олон шинэлэг арга барил ашиглажээ. Үүнээс гадна маш олон улсууд сонгуулийн сурталчилгаагаа байгальд ээлтэй байдлаар хийдэг байна. Учир нь бид нэг л дэлхийтэй шүү дээ.

Тиймээс цаашид нэр дэвшигчид маань сонгуулийн сурталчилгаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хийх нь ухамсартай нэгэн гэдгээ бодит үйлдлээрээ батлахын зэрэгцээ, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байхыг иргэддээ үлгэрлэж байгаагийн нэг хэлбэр юм. Мөн дижитал эриний үед сошиал орчинг бүтээлчээр ашиглаж сурталчилгаагаа хийх бүрэн боломжтой. Хэрэв иргэн бүр ийм уриалга гарган олон нийтэд уриалж чадвал ирээдүйд байгальд ээлтэй бодит ажил болгож чадах байх гэдэгт итгэж байна.

Ашигласан материалууд: МУ-ын Үндсэн хууль, Gogo

#Байгаль #Сурталчилгаа