СУРВАЛЖЛАГА: "ЗАЛУУ ЭХ ОРОНЧИД" тангарагаа өргөлөө


Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн харъяа "Тэмүжин өрлөг" бүрэн дунд сургуулийн энэ хичээлийн жилийн тангараг өргөх болон давтах ёслолын үйл ажиллагаа тус сургуулийн жагсаалын талбайд болж өнгөрлөө.

Төр түмнээ хүндэтгэн дээдэлж, төрөлх сургуулийнхаа алдар сууг мандуулж, түүх соёлоо дээдэлж, өөдлөх ирээдүйг цогцлоон бүтээх өв тэгш иргэн болохоо эх орон, багш, сурган хүмүүжэгчид болон аав ээжийнхээ өмнө батлан тангарагладаг энэхүү хүндэтгэлийн ёслол нь сурагчдын хувьд  эх орны хүү болдог чухал өдөр билээ.

Ёслолыг сургуулийн захирал, дэд хурандаа В.Дашпунцаг нээж үг хэлж, шинээр элссэн сурагчид болон нийт сургуулийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүссэн юм.

"Тэмүжин өрлөг" сургуулийн сурагчийн тангарагийг 12-р ангийн бага түрүүч А.Тулга дуудаж, нийт сурагчид түрсэн юм.

Үүний дараагаар "Тэмүжин өрлөг" дунд сургууль болон "Цэргийн хөгжмийн сургууль"-ийн бие бүрэлдэхүүн үзүүлэн тоглолтоо үзүүлж сонирхуулсан бөгөөд энэ жилийн элсэгч 7-р ангийн сурагчид "Монгол улсын төлөө зүтгэе" дуугаар эцэг, эхчүүд , мөрдөс нэгт анд найзууд, үе үеийн ах нартаа бэлэг барьсан юм.

Мөн бас нэгэн чухал зүйл болох хичээл сургуулилт, цэрэгжилтийн бэлтгэл,  сургалт хүмүүжлээрээ манлайлсан сурагчдад цол хэргэм олгосон нь тус ёслол дээр баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.

























#ТэмүүжинӨрлөг #School