"One World: Together At Home" ОНЛАЙН тоглолт 04-р сарын 19-нд болно


Миау | YOLO.MN
2020-04-18

Дэлхийн 210 улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээд буй энэ үед цэнхэр гарагийн маань ихэнх ард иргэд гэр гэртээ гэртээ тусгаарлагдаад байна. Энэ үеэр урлаг соёлынхон маань эгэл биднийхээ төлөө гэрээсээ шууд тоглолтууд хийж, мөнгө хандивлаж, шаардлагатай тохиолдолд цусаа ч хандивлаж байна. Тэгвэл тун удахгүй урлаг соёлынхныг хамруулсан "One World: Together At Home" хэмээх томоохон хэмжээний концерт зохион байгуулагдах гэж байгаа аж. 

"ONE WORLD: TOGETHER AT HOME" НЬ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ВЭ? 

Уг тоглолт нь "COVID-19" вирустэй тэмцэх болон энэ цаг үед хамгийн том үүргийг гүйцэтгэж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчдад талархал илэрхийлж, хүндэтгэх нэрийн дор олон олон алдартай уран бүтээлчдийг нэгтгэн зохион байгуулагдах гэж байна. 

Та бүхэн дуучид болон бусад урлагийн салбарын алдартнуудыг "Together at Home" нэртэй шууд дамжуулалт хийж буйг бишгүй л үзсэн байх. Тэгвэл уг төслийг санаачлагч "Global Citizen" байгууллагынхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр уг тоглолтыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар /Монголын цагаар дөрөвдүгээр сарын 19-ны шөнийн 02:00 цагаас өглөөний 10:00 хүртэл/ болжээ. 

Хэмжээний хувьд 1985 оны долоодугаар сарын 13-нд болсон "Live Aid" тоглолт шиг түүхэнд бичигдэхээр томоохон хэмжээний тоглолт болохоор төлөвлөгдөж байгаа аж. 

"Bohemian Rhapsody" (2018) киноны хэсгээс...

Харин дуучин Lady Gaga-гийн хувьд энэхүү нүсэр хэмжээний тоглолтод оролцох уран бүтээлчдийг бүрдүүлэх, уриалах ажилд гар бие оролцсон гэнэ. Улмаар залуус бидний сайн мэдэх Alicia Keys, Billie Eilish, FINNEAS, Camila Cabello, Charlie Puth, Jessie J, John Legend, Lizzo, Sam Smith, Taylor Swift зэрэг дуучдаас гадна урлагийн ертөнцөд маш олон жилийн турш зүтгэж буй Celine Dion, Ellen Degeneres, Elton John, Jennifer Lopez, Paul McCartney, Pharrell Williams зэрэг алдар хүндтэй уран бүтээлчид оролцохоор болоод байна. 

ХЭЗЭЭ, ХААНААС ҮЗЭХ ВЭ? 

Та уг тоглолтыг Global Citizen байгууллагын Facebook, Twitter, Instagram, Youtube, Facebook, Amazon Prime Video, Twitch дээрх албан ёсны сувгуудаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой. 

Залуус та бүхэн маань түүхийн хуудаснаа бичигдэх энэхүү томоохон хэмжээний тоглолтыг өөрийн нүдээр гэрчлээрэй. 

Эх сурвалж: Global Citizen, The Verge

#Урлаг #Тоглолт