5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Олон цагаар тууштай сууж хичээл хийхэд тань туслах ПОМОДОРО арга


Э. Оюундарь | YOLO.MN
2020-10-19

Удаан хугацаанд, тууштай сууж хичээлээ хийх хэцүү байна уу? Жаахан суучихаад л босож өөр зүйл хиймээр санагддаг уу? Нэг л мэдэхэд хичээлээс өөр зүйл хийчихсэн сууж байдаг уу? Тэгвэл YOLO.mn сайтын хамт олон дээрх бэрхшээлүүдтэй нүүр тулгардаг хэн бүхэнд зориулан үр бүтээмжтэй ажиллах маш үр дүнтэй аргыг танилцуулж байна. Энэ бол "ПОМОДОРО" арга!

"Помодоро" арга гэж юу вэ? 

Их сургуулийн оюутан Francesco Cirillo нь анхаарал төвлөрөлтийн асуудалтай нэгэн байсан бөгөөд өөртөө "ядаж аравхан минутын турш л төвлөрөөд сурчихъя" хэмээн зорилт тавьснаар Помодоро аргын үүсэл тавигдсан байдаг.

Помодоро нь италиар улаан лооль гэсэн утгатай үг аж. 

Түүний зохиосон энэхүү арга олон ч залуусын сурах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан тул өдгөө уг аргыг санал болгодог гар утасны апликэйшн болон вэбсайтууд цөөнгүй байх болжээ. 

"Помодоро" аргыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Улаан лоолийн арга маань дараах үндсэн шатуудаас бүрдэнэ. Үүнд: 

1. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргах.
2. 25 минутын хугацаатай сэрүүлэг тавих.
3. Сэрүүлэг дуугарах хүртэл жагсаалтад багтсан даалгавруудаа гүйцэтгэх.
4. Сэрүүлэг дуугарахад помодорогийн нэг үе дуусах ба хийж буй зүйлээ зогсоож, хийж дуусгасан даалгавруудаа жагсаал дээрээ тэмдэглэх.
5. Үүний дараа 3-5 минутын богино амралт аваарай. Энэ үеэрээ босоод алхах, цай уух зэргээр тархиа амрааж болох юм.
6. Энэ маягаар дөрвөн помодоро үе өнгөрсний дараа 15-20 минутын амралт авч алдагдсан эрч хүчээ нөхөөрэй. 

"Pomodoro" аргыг ҮР ДҮНТЭЙ хэрэгжүүлэх зөвлөмжүүд:

  • Аливаа ажлыг гүйцэтгэхдээ зорилт тавьбал илүү үр дүнтэй байдаг.
  • Том хэмжээний даалгавар гүйцэтгэх бол түүнийгээ олон жижиг хэсгүүдэд хуваан жагсааж бичээрэй. Ингэснээр олон зүйл хийж дуусгасан мэт санагдаж, үүнээсээ урам авах болно. 
  • Харин эсрэгээрээ хийх даалгаврууд чинь хэтэрхий амархан бол багцлан хийгээрэй. 
  • Нэг үе помодорог гүйцэтгэх явцад зайлшгүй хийх шаардлагатай ажил гарвал помодорог зогсоож тухайн ажлаа хийгээрэй. Харин помодород эргэн орохдоо хугацааг шинээр эхлүүлэх шаардлагатайг анхаарна уу. 
  • Гүйцэтгэж буй даалгавар чинь дөрвөн үе помодоро хугацаа өнгөрөхөөс өмнө дуусчихвал үлдсэн хугацаандаа хийсэн ажлуудаа хянан шалгаарай. 

Зөвхөн ажил, хичээлээс гадна өдөр тутмын ажлуудаа ч помодоро аргаар хийвэл үр дүнтэй байдаг. Жишээлбэл: 

  • Гэр цэвэрлэх - 2 помодоро үе
  • Хоол хийх - 1 помодоро үе
  • Хичээл хийх - 8 помодоро үе
  • Дасгал хийх - 2 помодоро үе гэх мэт. 

Мөн та эмх цэгцтэй байх дуртай нэгэн бол өдрийг бүхэлд нь помодоро үеүдэд хувааж ч болох юм. Үүнд: 

  • 4 помодоро үе
  • 20 минутын хугацаатай цайны амралт
  • 4 помодоро үе
  • 30 минутын хугацаатай өдрийн хоолны амралт
  • 4 помодоро үе
  • 20 минутын хугацаатай алхалт хийх амралт
  • 2 помодоро үе
  • Унтлагын цаг гэх мэт. 

Энэхүү арга нь таныг төгс төгөлдөрт хүргэхээс илүүтэйгээр тууштай байхад тань тусална. Өдөрт хэдэн цаг хичээллэснээ бодсоноос хэдэн улаан лооль гүйцээснээ бодох нь илүү сонирхолтой биш гэж үү?

Мөн заавал 25 минутын турш хичээллээд 5 минутын турш амрахгүйгээр цагийг нь өөрийн онцлогт тохируулан өөрчилж болдгоороо давуу талтай. Хүн болгон адилгүй шүү дээ. Зарим хүмүүс 52 минутын хугацаанд төвлөрч 17 минут амардаг бол 90 минутын турш төвлөрч 20-30 минут амрах нь үр дүнтэй гэж үздэг хүмүүс ч бий.

Эх сурвалж: Todoist

#Pomodoro #Хичээл