Та удаан хугацаагаар сууж хичээллэдэг бол...


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-04-13

“COVID-19” халдварт өвчний улмаас зөвхөн Монголд төдийгүй дэлхийн ихэнх улс оронд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тиймээс хүмүүс #stayhome гэх хаштагийг түгээмэл хэрэглэх болжээ. Үүнтэй холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагууд хичээлээ цахим хэлбэрээр орж, зарим албан байгууллагууд ажилчдадаа гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангасан.

Гэвч эдгээр өдрүүдэд хүмүүсийн гаргаж буй хамгийн түгээмэл алдаа нь олон цагаар хөдөлгөөнгүй суух, зориулалтын бус сандал дээр суух, гар утас болон компьютерийг  хэрэглэхдээ буруу байрлалаар суух зэргээр нуруундаа маш их ачаалал өгч буй явдал юм.

Ингэж буруу дадал зуршлыг хэвшүүлшсэнээр та өөрийн биеэр нурууны өвчний үндэс суурийг тавьж байна гэсэн үг юм. Сүүлийн үед буруу байрлалаар суух энэхүү үзэгдлийг “tech-neck” гэж нэрлэх болсон. Өөрөөр хэлбэл бөхийлттэй байрлалаар гар утсаа оролдох, компьютер дээр удаан хугацаагаар сууж ажиллах зэрэг нь хүзүүний ясанд их хэмжээний ачаалал өгдөг. Улмаар энэ нь нуруу болон хүзүү орчмоор өвдөлт өгч, бөгтөр болох үндсийг тавьдаг байна. Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон үүнээс хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг бэлтгэн хүргэж байна. 

БАЙРЛАЛАА ӨӨРЧЛӨХ

Бид хичээл хийхдээ олон цагийг суугаа байдалтай өнгөрүүлдэг шүү дээ. Ийн хичээллэх нь оюун ухаанд ашиг тустай ч биеийн эрүүл мэндэд эсрэгээр нөлөөлөх хор уршигтай. Харин та байрлалаа тогтмол өөрчилж, үе үе дасгал хийх дадалд суралцвал булчин чангарах, нуруу чилэх, өвдөх, буруу байрлалд орох зэрэг эрсдэлээс сэргийлж чадна. Биеийн галбир заслын эмч, мэргэжилтэн John Amaral хэлэхдээ: 

- “Та юу ч хийж байсан 2-3 минут болоод байрлалаа өөрчилж байх ёстой. Мөн 30 минут суусны дараа босоод 2 минут алхах эсвэл гараа урагш тэнийлгэн хагас суух хэрэгтэй. Үүнийг “30-2”-ын дүрэм гэнэ. Энэ дүрмийг дадал болгож чадвал цусны эргэлт сайжирч, нурууны өвчнөөс сэргийлж чадна”.

Хичээл хийж байхдаа нуруугаа амраамаар санагдвал дараах дасгалыг дагаад хийгээрэй. 

СУУХААС ИЛҮҮТЭЙГЭЭР ЗОГС

Биеийн галбир заслын эмч, мэргэжилтэн маань суухыг биеийн хамгийн тохиромжгүй байрлал хэмээн дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл суухаас илүүтэйгээр зогсож ажиллах нь зөв аж. 

Хэрэв танд зогсож ажиллах эсвэл хичээллэх нь тийм ч тохиромжтой санагдахгүй байгаа бол ядахдаа л компьютерийн дэлгэцээ нүдний хараатайгаа нэг түвшинд байлгах ёстой гэнэ. Ингэснээр нуруу болон хүзүүнд ирэх ачаалал ч багасах юм. Ширээ тань тийм ч өндөр биш бол сандлаа намсгах эсвэл дэлгэцийнхээ дор уншаад дуусчихсан ном, хайрцаг зэргийг байрлуулах боломжтой. Хамгийн чухал нь толгой тань нуруутайгаа нэг хэмд л байх ёстой. Толгой тань урагшаагаа бөгтийх тусам хүзүүнд тань ирэх ачаалал төдий чинээ нэмэгддэг байна. 

ИДЭВХТЭЙ СУУХ

Идэвхтэй суух гэж юу гэсэн үг вэ гэж үү? 

Энэ нь нуруугаа урагш бөгтийлгөх эсвэл хотойлгох зэргээр аарцагтаа хэт их ачаалал өгөхгүйгээр зөв суух байрлалыг хэлнэ. Хэрвээ та яалт ч үгүй удаан хугацаанд суух шаардлагатай бол ядаж зөв суух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нуруу цэх, хөлөө шалан дээр тавьсан байх ёстой. Мөн “30-2”-ын дүрмээ ашиглаарай.

Гэртээ хичээл болон ажлаа хийж байх үедээ суудал дээрээ сууж байгаад л дараах дасгалуудыг хийх боломжтой шүү. Өдөрт хамгийн багадаа 5-10 минут дасгал хийх нь эрүүл мэнддээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.

Эх сурвалж: Vogue

#Коронавирус #Боловсрол #Эрүүл мэнд