Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын 2026 оны шинэчлэлт


Т.Хулан | YOLO.MN
ӨЧИГДӨР

Энэ онд  Хятад хэлний түвшин тогтоох шалгалт буюу HSK (Hanyu Shuiping Kaoshi) системд томоохон шинэчлэл хийх он болж байна. Хятад хэл сурч буй хүмүүст дэлхий даяар хүлээгдэж байсан шинэчлэлүүд албан ёсоор нэвтрэх гэж байгаа нь энэ шалгалтын ач холбогдлыг улам өсгөж байна. 

Нэг гол өөрчлөлт бол HSK 3.0 системийн нэвтрэлт юм. Энэ шинэчлэгдсэн стандартыг БНХАУ-ын Боловсролын яамны харьяа Хэл боловсрол, хамтын ажиллагааны төв боловсруулж, 2026 оны 1 р сарын 31-нд дэлхийн зарим шалгалтын төвүүдэд туршилтаар нэвтрүүлэхээр товложээ.

Шинэ HSK 3.0 систем нь хуучин 1-6 түвшний оронд 9 түвшний бүтэцтэй болгож өргөжүүлсэн нь өөрчлөлтийн гол агуулга юм. Дээрэх 9 түвшин нь эхний 3 нь анхан шат, дараагийн 3 нь дунд шат, сүүлийн 3 нь өндөр буюу мэргэжлийн түвшний чадварыг үнэлэхэд зориулагдсан байна. 

Шалгалтын зохион байгуулалт шинэчлэгдсэнээр энгийн бичгийн шалгалтаас гадна дуу хоолойн буюу ярианы чадварын шалгалт (HSKK) нь HSK 3-аас дээш түвшний шалгалтад заавал хамрагдах шаардлагаар орсон нь хэрэглээний чадварыг илүү үнэн бодитойгоор үнэлэх зорилготой юм. 

2026 онд шинэ HSK 3.0-ийг туршиж эхлэх үед эхний ээлжинд Levels 1–6-г хамруулахаар төлөвлөсөн бөгөөд Level 3-аас дээш хүмүүст бичгийн шалгалттай зэрэгцээд ярианы шалгалтанд бүртгүүлэх шаардлагатай гэж зааж байна. 

Мөн шалгалтын формат нь илүү уян хатан болж, цаасан хэлбэртэй болон компьютерээр өгөгдөх шалгалтуудын аль алиныг сонгон өгөх боломжтой. Хэрэглэгчид өөрийн байршил, нөхцөлд тохирсон хэлбэрээр шалгалтад бүртгүүлж болно. 

Шалгалтын шинэчлэл нь зөвхөн бүтэц, түвшний тоо нэмэгдүүлэх төдий биш, хэлний чадварыг бодит амьдралд ашиглах чадварыг үнэлэхэд илүү анхаарсан. Өмнөх систем нь үгсийн сан, дүрмийн мэдлэгийг ихээр шалгадаг байсан бол шинэ систем нь боломжит яриа, ойлголт, харилцааны чадварт илүү үндэслэн үнэлэх болсон юм. 

Түүнчлэн шалгалтын онооны хүчинтэй хугацаа, бүртгэлийн журам зэрэг үл ялиг шинэчлэгдсэн дүрэм, хугацааны заалтууд тусгайлан гарсан бөгөөд шалгалтын дүнг шалгалт өгсөн хуудасны вэб сайтаар дамжуулан харах боломжтой. 

Шинэ HSK 3.0 нь Хятад хэл сурах, ажил, практик харилцааны чадварыг үнэлэх жишиг болохоор олон улсын оюутан, ажилтан, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ороод байна. Энэ нь Хятад улсад суралцах, ажиллахад шаардлагатай хэлний түвшинг баталгаажуулах чухал шалгалт болоод байна. 

Ерөнхийдөө 2026 оны шинэчлэлт нь HSK-ийн шалгалтын логик, бүтэц, үнэлгээний чадамжаар илүү олон талт, бодит хэрэглээний үйл явцад нийцсэн шинэ түвшинд гарч байгаа явдал юм.

#HSK шалгалт #Хятад хэлний түвшин тогтоох шалгалт