Монгол оюутнууд "COVID-19"-ийн дэгдэлтийг мэдээлдэг веб хуудас бүтээлээ


Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны Тэнхимийн мэдээлэл технологийн "Хакум" клубийн залуус хамтран "COVID-19"-ийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх “Тунхаг” веб сайтыг бүтээжээ. Тэд өгөгдлөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны баталгаат эх сурвалжаас, мэдээллээ томоохон мэдээллийн сайтуудаас аван цаг тухай бүрд нь мэдээлэх аж.

"Хакум" клубийн 8 гишүүн “Тунхаг” төслийг хоёр долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд анхны хувилбараа гуравдугаар сарын 23-ны өдөр амжилттай туршсан байна.

Та www.tunkhag.mn сайтаар зочлон сүүлийн үеийн мэдээллийг хүлээн авах боломжтой.

Тус веб нь коронавирусын тархалтыг газар зүйн байршлаар харуулах дэлхийн газрын зураг, график болон дотоодын томоохон мэдээний сайтуудын контентуудыг түргэн хугацаанд хүлээн авч хэрэглэгчдэд хүргэх юм. Төслийн цаашдын зорилго нь нийгэм, улс орны өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бүх л төрлийн асуудлыг технологийн шийдлээр хэрэглэгчдэд түргэн шуурхай, амар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэж байх аж.

Мөн гар утасны аппликейшн нь тун удахгүй AppStore болон Play Store-д тавигдана гэв.

Залуустаа амжилт хүсье!

#Амжилт #МУИС #Залуус