Бакалаврын түвшний эмэгтэй оюутнуудад зориулсан "SUSI-2020" хөтөлбөр


АНУ-ын Элчин сайдын яамнаас их дээд сургуулийн эмэгтэй оюутнуудад зориулсан 2020 зуны солилцооны хөтөлбөр зарлагдсан байна. "Study of U.S. Institute on (SUSI) Women’s Leadership" нь 5-6 долоо хоногийн цуврал семинар, хэлэлцүүлэг, уншлага, бүлгийн танилцуулга, лекцээс бүрдсэн бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөр юм. Энэхүү солилцооны хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг төлөвшүүлэх, олон нийтийн үйл ажиллагаан дахь оролцоог дэмжих юм. Боловсролын аялал, тухайн газруудад зочлох, манлайллын үйл ажиллагаа, орон нутгийн иргэдийн сайн дурын ажилд хамрагдах зэрэг боломжоор хангана. Уг хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын болон дэлхийн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, тэгш байдлыг хангах дотоодын ахиц дэвшил, өнөөгийн ололт амжилт, оролцоог судлах болно.

Хөтөлбөр их дээд сургуулийн зуны амралт буюу 6-8-р сард зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 оюутныг хамруулдаг. АНУ-ын их дээд сургуулиуд дээр зохион байгуулагдана. 

ТЭТГЭЛЭГТ ДАРААХ ЗАРДЛУУД БАГТАНА. ҮҮНД: 

- Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (Өргөдөл гаргагч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);

- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;

- Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;

- Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;

- Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАНА. ҮҮНД:

- 18-25 насны Монгол улсад амьдарч буй иргэн байх /эмэгтэй/;

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

- Эмэгтэйчүүдийн болон манлайллын чиглэлд сонирхолтой байх;

- Их сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд манлайлах чадвартай байх;

- АНУ-ын талаар судлах сонирхолтой байх;

- Олон нийтийн болон их сургуулиас гадуурх үйл ажиллагаанд тууштай байх;

- АНУ-д эсвэл эх орноосоо өөр газар аялж, сурсан  туршлагагүй байх;

- Төлөвшсөн, хариуцлагатай, биеэ даасан, өөртөө итгэлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хүлээцтэй, сэтгэн бодох чадвартай байх;

- Дотуур байранд амьдрах учир бусадтай эвтэй байх;

- Эрчимтэй эрдэм шинжилгээний хөтөлбөр, олон нийтийн үйлчилгээ, боловсролын аялалд бүрэн оролцоход бэлэн байх.

Бид 2014 онд энэхүү хөтөлбөрт хамрагдсан What3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золбоотой уулзаж ярилцлаа. Та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа ч хаанаас эхлэх, юун дээр анхаарах, ямар үйл явцтай явагддаг, ярилцлага авахдаа ямар асуулт асуудаг, очоод яг ямар лекц, семинарт хамрагдах талаар мэдэх хүсэлтэй байгаа бол дараах богино ярилцлагыг уншаарай. 

YOLOТаньд энэ өдрийн мэнд хүргэе. Та өргөдөл гаргахдаа аль хэсэгт илүү анхаарлаа хандуулсан бэ?

Чамд болон Yolo.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би өргөдлөө өгөхдөө эссе болон багшийн тодорхойлолт дээр илүү анхаарлаа хандуулж, их хугацааг зарцуулсан. Энэ эссе нь миний амьдралдаа өөрийнхөө тухай бичиж байсан эссенүүдээс хамгийн гоё нь байсан гэж боддог. Эссегээ бичихдээ  энэ хөтөлбөрт яагаад хамрагдан АНУ-руу явж өөр орны эмэгтэйчүүдтэй уулзах ёстой, намайг онцолж байгаа зүйл, хийсэн сайн дурын ажлуудын тухай, хөтөлбөрөөс сурсан зүйлээ хэрхэн эх орондоо хэрэгжүүлэх зэргээр өөрийгөө олон талаас нь харуулахыг хичээсэн. Миний хувьд Налайх дүүрэгт очиж амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд англи хэлний хичээл заах, асрамжийн газарт бүжгийн багш хийх зэргээр сайн дурын ажлууд хийж байсан. Мөн хичээлийнхээ ширээний урд наасан газрын зургийн талаар бичсэн. Энэ газрын зурган дээрх улсууд руу явж үзмээр байгаа гэдэг талаас нь маш энгийн жишээг дурдан бичсэн. 250 үгэнд багтаан өөрийгөө тодорхойлоход хэцүү санагдаж байсан.

YOLOТэгвэл багшийн тодорхойлолтын хувьд?

- Намайг хамгийн сайн мэддэг гадаад багшаасаа тодорхойлолт авч байсан. Ихэнх багш нар тодорхойлох захианд хүмүүжилтэй, ангийнхандаа тусалдаг сайн хүүхэд гэх мэтээр бичдэг. Харин манай багш “Золбоо бол зам гарахдаа байнга гэрлэн дохиогоор гардаг миний мэдэх ганц Монгол оюутан” зэргээр бичсэн нь намайг арай өөр өнцгөөс харуулсан байх. Заавал том зүйлсийг харж бичих шаардлагагүй. Чиний хийдэг жижиг зүйлүүдийг бичихэд болно. 

YOLOЯрилцлага өгөхөд ямар асуулт асууж байсан бэ?

Ярилцлагыг Монгол дах АНУ-ын элчин дээр очиж өгдөг. Өөрийгөө танилцуулах, яагаад сайн дурын ажил хийдэг гэх мэт асуултуудыг асууж байсан.

YOLOЭнэ хөтөлбөрт хамрагдахад хамгийн таалагдсан зүйл нь юу вэ?

Миний хувьд тэтгэлэг, гарын мөнгө, онгоцны билет, визний материал зэрэг бүх зүйл дээр тусалж, бэлдэж өгч байсан нь таалагдсан. Хөтөлбөрийн хувьд нийт хамрагдсан эмэгтэйчүүдээ багуудад хуваагаад өөр өөр хотууд руу явуулж байсан. Эхлээд АНУ-ын нийслэл Вашингтонд очиж танилцаад, дараа нь Канзас хотод Канзасийн их сургуульд байрласан. Тэнд манлайллын хичээлүүдэд хамрагдаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг байлгадаг газар хүртэл очиж байсан. Мөн бидэнд зөвлөгч эмэгтэйчүүдийг хуваарилдаг. Миний зөвлөгч болсон эмэгтэй надтай яг л найз шиг хандан бүхий л зүйл  тусалж, дэмждэг байсан. 

YOLOХөтөлбөрт хамрагдаж ирээд Монголд хэрэгжүүлсэн зүйл?

НҮБ-аас санаачладаг охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн дуу хоолой болох хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. 

YOLOЭнэхүү хөтөлбөрөөс юуг сурч мэдсэн бэ?

- Маш олон зүйлийг сурч мэдсэн. Тэр дундаа олон улсын найзуудтай болсон. Мөн өөр оронд байдаг залуухан мундаг эмэгтэйчүүдтэй уулзсанаараа миний сэтгэл доторха галыг асааж, маш их итгэл төрүүлсэн. Тэнд байх хугацаандаа бичсэн тэмдэглэлээ сүүлд нь уншихад бизнесийн эмэгтэй манлайлагч болоод хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалмаар байгаагаа бичсэн байсан. Энэ зорилгынхоо төлөө одоо ч тууштай явж байгаагаа ойлгосон.

ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ? 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өглөө 8:30 цаг тул заасан хугацаанаас өмнө бөглөсөн материалаа susi@usembassy.mn хаягаар явуулаарай.

Өргөдлийн маягтыг ЭНД дарж аваарай. 

#SUSI #Scholarship #Тэтгэлэг