Хөлөө хугалчхаад тоглолтоо дуусгахын тулд хоёр цаг бүжиглэж байсан


Б.Намуун | YOLO.MN
2019-08-20

“Хорин гуравхан настайдаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа” хэмээн олны хайр хүндлэлийг, зэмлэлийн хамтаар хүлээж шуугиан тарьж байсан залуу гавьяат, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин балетчин О.Анужинтай хийсэн халуун дотно, хөгжилтэй ярилцлагаа өргөн барьж байна.

Саяхан “Ромео Жульета” бүжгэн жүжигт Жульетагийн дүрийг бүтээсэн шүү дээ. Дүрэлзсэн дурлалтай учирсан арван гуравхан настай охины дүрийг бүтээсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Мэдээж бүжигчин хүн тоглох гэж байгаа балетаа судлах хэрэгтэй. Миний хувьд одоогийн өсвөр үеийнхэн юу сонирхож яаж байгааг мэдэх нэг өөр. Ромео Жульетагийн үеийн залуучууд юу сонирхож яаж байгааг мэдэх бас нэг өөр. Ганц адилхан юм нь бүгдээрээ хүүхэд. Бүх зүйлийг тоглоом гэж хардаг. Бүх зүх зүйлийг чин сэтгэлээр жинхэнэ хайраар хайрлаж чаддаг. Арван гуравхан настай жоохон охин хоёрхон цагийн дотор хайр дурлалынхаа төлөө амиа егүүтгэж чадах бүсгүй хүн болж хувирдаг. Иймээс арван гурван настай хүүхдүүдийг их ажиглаж, их уншиж, их үзэж, их судалсан.

Таны балетийн замнал анх хэрхэн эхэлж байсан бэ?

Багын бүжигт их дуртай хүүхэд байсан. Багадаа Орос бүжиг, Латин Америк бүжиг бүжиглэдэг байлаа. Дараа нь Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгсөн боловч “Манай сургуульд маш олон охид байдаг, хөвгүүд байдаггүй” гээд тэнцээгүй. Тэгээд бэлтгэл ангид ороод дахин шалгалтаа өгөөд тэнцсэн. Арван нас хүрээд Хөгжим бүжгийн коллежид балетчин, балетийн бүжигчин гэсэн мэргэжлийн төлөө “алхаж” эхэлсэн дээ.

Өмнө нь олон төрлийн бүжгээр хичээллэж байсан юм байна. Тэднээс яагаад балетийг сонгосон бэ?

Тухайн үед би Орос сургуульд сурдаг байсан учраас Орос бүжиг, Орос дуу их таалагддаг байсан. Латин Америк бүжиг ер нь их тансаг. Яагаад балетийг сонгосон бэ гэвэл манай ээжийн найз МУГЖ Д. Наранханд гэх балетчин эмэгтэй байдаг. Д. Наранханд эгчийнхээ балетийг үзээд хөнгөхөн гүйж, хуруун дээрээ зогсож байгаа нь их таалагдсан. Тэгээд ээждээ “Ээж ээ би балетчин боллоо” гээд эргэж буцахгүй гэсэн ам тангараг өгөөд сургуульдаа орсон.

Балетчин болоод гарсан хамгийн анхны тайзаа эргэн дурсаач?

Мэдээж хамгийн анхных нь Хөгжим бүжгийн коллежийн маань тайлан тоглолтын тайз, концертийн танхимын жижиг тоглолтууд байсан. Хамгийн том гэвэл 2-р курсдээ фестивальд оролцохоор багштай цуг Улаан-Үд яваад Улаан-Үдийн тайзан дээр бүжиглэж байсан. Мөн  15 настайдаа УДБЭТ-ийн “Хунт нуур” балетийн арван зургаан хунгийн нэг болж гарч байсан. Маш их сандарч маш их бэлтгэл хийж, балет гэж яг юу юм бэ гэдгийг зах зухаас нь ойлгож эхэлсэн.

Хүн зүрх сэтгэлээ зориулан хичээсэн зүйлээсээ шагнал авах үедээ тэр шагналаа дааж энэ шагналын эзэн нь гэдгээ батлах хүндтэй үүрэгтэй болдог. ОУ-н тэмцээнээс авсан анхны шагнал ямар шагнал байв?

Хамгийн анх Сөүл хотын тэмцээнд оролцож байсан. Тэр үед үнэхээр сонин санагдаж өөрийгөө голж байсан. Оролцогчид нь бүгдээрээ балетчин юм шиг би ганцаараа балетчин биш юм шиг санагдсан. Маш туранхай зэгзгэр охин би хажууд нь нэг л биш харагдаж байгаа юм шиг. Яагаад тэгж санагдсанг мэдэхгүй юм. Мөн тэнд балет гэдэг зүйл ийм зүйл байдаг юм байна, ийм техниктэй байдаг юм байна, хүмүүс ингэж хичээж ингэж өрсөлддөг юм байна гэдгийг мэдэж авсан. Тухайн үед би ерөөсөө эргэж чаддаггүй хүүхэд байсан юм л даа. Тэр тэмцээнд нэг удаад долоо эргэдэг охиныг харсан. Долоо эргэнэ гэдэг миний хувьд амьдралдаа харж байсан хамгийн их эргэлт байлаа. Тиймээс маш их гайхаж хүн ингэж болдог юм бол би ч гэсэн чадна гээд хичээж, багшаасаа асууж зөвлөгөө авч эхэлсэн. Одоо бол долоо эргэнэ ээ /инээв/.

Балет үнэнхүү тансгийнхаа адилаар тэр хэрээрээ ихээхэн хэцүү хүнд урлаг юм шиг санагддаг. Бэртэж гэмтсэн байдалтайгаар ч тайзан дээр гарах тохиолдол их байдаг гэж сонссон. Таны хувьд ийм зүйл тохиолдож байв уу?

Зөндөө зөндөө. Хөлний үе гэмтэнэ, цэврүүтнэ, хөл хугарна, мөр мултарна гээд л олон гэмтэл авна. Гэмтэлгүйгээр ямар нэгэн биеийн хүчний юм хийнэ гэдэг хэцүү. Робот биш хүн дл юм чинь бэртэж гэмтэнэ. Тэрийгээ яаж зөв эмчлэх үү, яавал урьдчилан сэргийлж чадах уу гэх мэтчилэнгээр жил ирэх тусам туршлагажиж эхэлдэг. Би тоглолт эхэлж байхад хөлөө хугалаад тоглолтоо дуусгахын тулд хөлдөөгч цацан тоглолтоо үргэлжлүүлж байсан. Тоглолтын дараа хөлөө гипсдүүлээд гэртээ харихад мэдээ алдуулагч хөлдөөгчийн үйлчилгээ нь дуусан өвдөж эхэлсэн. Хугарчихсан хөлийг зүгээр байлгахгүй бүтэн хоёр цаг хүчээр бүжиглэчхээр хажуугийн судсууд, зөөлөн эдүүд, мэдрэлүүд нь маш их цочрол аваад янгинаж өвддөг. Өвчин намдаах эм уугаад тэр нь үйлчлэх гэж бас арван минут болно. Тэр арван минут бол миний хамгийн хэцүү арван минутын нэг байсан. Аливаа нэгэн зүйлийн ард нь гарч хийж бүтээнэ гэдэг асар их эрсдэл дагуулдаг. Тэр эрсдлээс айгаад тоочоод л байвал мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Тийм учраас хийж байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авах хэрэгтэй. Яг үнэндээ дуртай зүйлээсээ болж өвдөж байна гэдэг чинь хүртэл кайф. 

Хөлөө хугалчхаад үргэлжлүүлж бүжиглээд байна гэхээр үнэхээр аймар юм аа. Өвдөлт мэдрэгдэхгүй юу?

Хөлдөөгч цацчихаар юу ч мэдрэгдэхгүй, хөл доор байгаа нь ч мэдрэгдэхгүй. Их осолтой л доо. Илүү нэмж гэмтэнэ, алдаж унана гээд л. Гэхдээ ямар ч гэсэн даваад гарсан. Зарим бүжигчид маань хөл нь идээлчихсэн байхад бүжиглэж л байдаг. Оёдол тавиулсан хэрнээ бүжиглэж л байдаг. Балетчин Б. Саруул эгч маань олгойны хагалгаанд ороод маргааш нь эмнэлэгээс гарч ирээд бүтэн модерн бүжиг гоцолж байсан.

Гайхамшигтай мундаг тэвчээртэй хүмүүсийн хажууд байхаар маш их зүйлийг суралцдаг. Том ах маань өөд болоод маргааш нь яалт ч үгүй бэлтгэлдээ яваад ахыгаа гаргаж өгч чадалгүй нөгөөдөр нь Өмнөд Африк руу тоглолтонд явж л байсан. Би явна гэж хэлсэн. Би хариуцлага хүлээж байсан. Энэ бол өөрийнхөө мөрөөдлийн төлөө хийж байгаа хамгийн хэцүү зүйлсийн нэг. Гэхдээ даваад гарна гэдэг их чухал зүйл.

Шантрах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байсан бэ?

Асуудалгүйгээр мөрөөдөлдөө хүрэх боломжгүй шүү дээ гэж л боддог. Хэцүү үедээ үнэхээр хэцүү болимоор санагддаг. Гэхдээ тэр зүйл дуусдаг. Ямар нэг зүйлийг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийднэ гэдэг хамгийн буруу гэж боддог. Урлагийн хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг. Уурлаж гомдохоороо элдэв юм боддог ч өглөө нь тайвширчихдаг. Бурхан багшийн тухай нэг өгүүллэг байдаг шүү дээ.

“Чи хэн нэгэнд бөгж өгөхөд тэр бөгжийг чинь авахгүй байвал бөгж хэнийх вэ?” гэхэд “Би өгч байгаа юм чинь мэдээж минийх шүү дээ”. Бурхан багш “Тэгвэл чи уурлаад байхад уурыг чинь хэн нэгэн авахгүй бол уур чамд л үлдэнэ” гэжээ. Яг л үүн шиг. Хэн нэгний бухимдлыг өөртөө битгий ав. Тайван байж, хэцүү зүйлийг ч тэгж байгаад болно доо гэж бодож сурах хэрэгтэй. 

Хөгжим бүжгийн коллежид орохдоо ээждээ өгсөн амлалт тань шантарч болохгүй гэдгийг сануулдаг байсан байх тийм үү?

Тийм ээ. “Би болилоо” гэхээр ээж “Боль боль. Чи өөрөө л би балетчин болно гээд орсон. Би ерөөсөө чамайг хүчлээгүй. Анужин минь чи ингэж их хичээж ингэж их цаг зарцуулж байж амжилт үзүүлэхгүй тууштай байж чадахгүй бол больчоорой, хэрэггүй шүү” гэдэг байсан. Тэр үгнүүд, намайг дэмжсэн дэмжлэг, зэмлэсэн зэмлэлүүд бүгдээрээ намайг хурцалдаг байлаа.

Таны тайзан дээр амилууулж байсан дүрүүдээс таны хамгийн хайртай дүр ямар дүр байдаг вэ? 

Би сая Жульетагийн дүрийг бүтээхдээ маш их баярласан. Миний мөрөөдлийн дүр. Би ер нь жүжигчилсэн балетанд их дуртай. Яагаад гэвэл хүмүүс ойлгодог, мэдэрдэг. Яг цэвэр сонгодог балет ойлгоход жоохон хэцүү. Олон удаа үзсэн хүмүүс ерөнхийдөө ойлгодог. Үгүй бол залхуу нь хүрнэ, нойр нь хүрнэ. Заримдаа бид өөрсдөө үзэхэд ч хэцүү санагдах тохиолдол байдаг. Гэхдээ яг ойлгоод үзвэл үнэхээр гайхалтай. Би Жизель, Жульета, “Хунт нуур”-ын Хар хунд их дуртай.

Хорин гурван настайдаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан. Төрийн ордонд тэрхүү цол тэмдгээ авч байхад юу бодогдож юу мэдрэгдэж байв?

Их сандарч байсан. Миний төлөө хичээж, миний төлөө сэтгэл гаргасан хүмүүсийн ачийг нь бага ч гэсэн хариулж байгаа юм болов уу даа гэж бодсон. Мундаг хүмүүстэй нэг газар эгнээд зогсох бас их хэцүү юм билээ. Учир нь А үсгээс эхэлдэг учраас би хамгийн дээр нь зогсчихсон. Нөгөө томчууд маань миний доор зогсоод байхаар их санаа зовж байсан. Мөн зөвхөн зурагтаар л хардаг байсан хүмүүсээ дэргэдээс нь хараад зэрэгцэж зогсоод баяр хүргэж байхад их гайхалтай санагдсан. Бас нэг гоё зүйл нь над руу их олон хүмүүс мессеж бичсэн л дээ.

“Энэ шагналыг энэ хүн тэдэн жил ажилласан, тэдэн настай учраас өгнө гэх биш хийж бүтээж чадвал улс маань үнэлдэг юм байна гэдгийг залуу үеийнхэнд ойлгуулж өгсөнд баярлалаа” гэсэн сэтгэгдэл, мессежүүд их ирсэн. Би тэндээс их урам авсан. Нэг охин “Чи хорин гуравтай авч болж байгаа юм чинь яахаараа би чаддаггүй юм. Би ч гэсэн авна за” гэчихсэн байсан. Би тэрэнд үнэхээр их баярлаж “Тэгээрэй үзүүлээд өгөөрэй” гэж бичсэн. Хүнд хор шар, итгэл найдвар байж байж нэг зүйлийнхээ төлөө тууштай явдаг. 

Нэг удаад долоо эргэж байгаа охиныг гайхшран харж байсан тэр охин ОУ-н тэмцээн уралдаанд оролцон гранприг нь аваад, төрийн ордонд нэрээ дуудуулан МУГЖ цол тэмдгээр шагнагдаж доороос дээшлэх үедээ хэрхэн өөрийгөө авч үлдсэн бэ? Оддын өвчин гэж ярьдаг шүү дээ. Тэдгээр зүйлсээс ангид хэрхэн өөрийгөө авч үлдсэн бэ?

Манай урлаг өөрөө их хатуу. Хамраа сөхөөд ирвэл тайз өөрөө “Ингээд хамраа сөх” гээд үзүүлээд өгдөг. Балет өөрөө гоё сайхан, хайр дурлал, цэвэр ариуныг үзүүлдэг амьд урлаг учраас чамайг л хүн үзэх гэж ирнэ. Гэтэл чи алдаад өнхөрч унаад байж болохгүй. Дээрээс нь хариуцлага их чухал. “МУГЖ ямар бүжигчин байдаг юм байна?” гэж сонирхоод ирж үзэж байгаа хүн ч бий. Тиймээс тэр хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлээ сайн хийх ёстой. Дээрээс нь багш нар, найзууд, гэр бүлийнхэн байна. Чи ямар хүнтэй нөхөрлөж, чамайг ямар хүмүүс хүрээлж байгаагаас шалтгаалаад хэсэг хугацааны дараа тэдэнтэй адилхан болдог. Чи яг ямар баймаар байна тэр хүмүүстэйгээ нийлэх ёстой. Буруу хүмүүстэй нийлснээс болж олон хүүхэд замаа алдаж байна. Хичээж зүтгэж, урагшилдаг хүмүүсээр хүрээлүүлбэл яг л тэдэн шиг хол сэтгэж хол явах болно.

Таныг ер нь их хүн хүрээлдэг байх. Таныг гээд ирсэн хүмүүсийг наашаа гээд угтдаг уу эсвэл хаалт босго тавьж бусдаас өөрийгөө тусгаарладаг хүн үү? Өөрөө яг ямар хүн бэ? 

Урлагийн хүмүүс наанаа их найзархаг, эелдэг. Гэвч яг өөрийнхөө хувийн амьдралын хувьд их дотогшоогоо байдаг юм болов уу гэж боддог. Намайг хүндлээд ирж байгаа хүнийг зөрүүлээд хүндэлдэг. Намайг гээд ирж байхад би их зан гаргаад байж болохгүй. Би ер нь их хөгжилтэй хүн. Их инээд муутай, хүмүүс инээлгэх дуртай. Манай аав их хөгжилтэй хүн. Тиймээс би аавыгаа дуурайгаад ч тэр үү жоохон шогч. 

Манай аав их хөгжилтэй хүн байдаг гэлээ. Гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу? 

Би долоон насны зөрүүтэй нэг ахтай. Аав ээж ах би гээд ам бүл дөрвүүлээ. Гэхдээ ам бүл маань бас нэмэгдсэн. Ах маань эхнэр авч хөөрхөн бяцхан гүнжтэй болсон. Манай гэрийн ганц од ганц атмаан /инээв/. Ах маань тусдаа гарсан болохоор одоо аав ээж бид гурав хамтдаа амьдарч байна. Миний хамгийн их баярладаг зүйл бол би маш их хайран дунд, гайхалтай зөв хүмүүжил дунд өссөн. Ээж маань манай эмээ өвөө хоёрыг өөд болохын өмнө гар дээрээ асраад халамжлаад сахидаг байсан. Тийм халамжин дунд өссөн болохоор би ээж аавыгаа хайрлаж хүндэлж чадах чинээгээрээ туслах юмсан гэж их хичээдэг. Хэдий хорь гарч бие даасан мэт байгаа ч ядарч өвдөх үед аав ээж маань л намайг хайрладаг. Намайг балетчин болоход ямар ч эсэргүүцэлгүй дэмжиж асаалттай хоёр танк шиг ард минь зогсож байсан.

Яриаг нь сонсоод суухад жижигхэн О. Анужин ямар хүн байсан бол гэж их бодогдлоо. Бага насныхаа хөгжилтэй явдлын тухай хуваалцаач?

Ёстой айхтар сэргэлэн охин байсан. Жоохон байхад аав дөрвөн зайрмаг авчирсан юм байна. Орой нь ээж, ах, бид гурав зайрмагаа идээд аавын зайрмаг үлдлээ. Маргааш нь би цэцэрлэгтээ явахдаа хөлдөөгч онгойлгоод зайрмаг аваад хааж байсан чинь аав орж ирээд “Наадах чинь миний зайрмаг шүү дээ. Анужин аа” гэхэд нь би “Үгүй минийх” гэж л дээ. Аав “Өчигдөр чи зайрмагаа идчихсэн биз дээ” гэхээр нь “Өчигдөр би таныхыг идсэн байхгүй юу.

Одоо өөрийнхийгөө идэх гэж байна” гэж хэлж байсан гээд аав ээж маань их ярьдаг. Тэгээд бас нэг удаа ээж маань грашаас машинаа гаргахдаа манаачаар “Баруун дар, зүүн дар” гэж хэлүүлж байгаад арай гэж гарахад нь би “Ээж та өөрөө гарч чадах байсан тэ. Худлаа аальгүйтаад л” гэсэн гэдэг юм. Ээж бид хоёр самар цөмөхдөө хүртэл уралдаж цөмдөг байсан. Цөмчихөөд “За тэрийг авна даа” гээд авах гэхээр ээж авчихдаг. Тэгээд ээж намайг шоолно. Ээжийн идэж байгаа юм их амттай харагддаг болохоор ээжийн идэж байгаа хоолноос би заавал нэг сэрээддэг. Одоо ч гэсэн тэгээд байдаг /инээв/.

Одоо бол өөрийн хувийн амьдралаа зохиогоогүй байгаа юм байна шүү дээ. Хэзээ хувийн амьдралаа зохиоё гэж боддог вэ? Төлөвлөгөө байдаг уу?

Үнэхээр надад хайртай намайг хүндэлдэг тийм “ханхүү” гарч ирвэл мэдээж хувийн амьдралаа зохионо. Өөрийн амьдралыг зохиогоод, айлын гэргий, бяцхан хүүхдийн ээж болох цаг ер нь ойртож байна. Тэгэхээр тийм хүн гарч ирвэл амьдралаа зохионо доо. Түүнээс биш би тэдэн настайдаа гэрлэнэ гэж төлөвлөдөггүй. Тэрийг би мэдэхгүй шүү дээ. 

Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Үргэлж хөгжих. Би хүмүүст ч байнга хэлдэг. Өсвөр үеийнхэн залуучууд маань зогсолтгүй хөгжөөсэй. Та бүхнийг алхахад арай хөнгөн байлгахын тулд одоо бид хичээж ёстой. Дараагийн арван найман настай МУГЖ авах тэр охинд би урд талын замыг нь сайхан засаад өгөх юмсан гэж би боддог. Бид ирээдүйдээ үргэлж анхаарал тавих хэрэгтэй. Тэр орчинд миний хүүхэд амьдарна. Монгол улсыг илүү сайхан болгохын төлөө залуучууд маань илүү их хөдөлмөрлөөсэй. Заримдаа би их эмзэглэдэг. Жоохон жоохон охид хараал хэлээд зөрдөг л юм. Тэр бол сайхан зүйл биш эмгэнэл.

Том болох гэж их яардаг. Би ч багадаа хурдан арван найм хүрэх юмсан гэж их догдолдог байсан. Арван найм хүрээд гэвч юу ч өөрчлөгдөөгүй, хүн нас л нэмнэ. Би анх арван таван настайдаа Дуурь бүжгийн эрдмийн театрт орж ирж байсан. Одоо есөн жил өнгөрсөн байна. Одоо байгаа цаг хугацаагаа хайрла. Маргааш юу болохыг бид мэдэхгүй өнөөдрөө хайрла. Өөрийгөө жижиг зүйлтэй биш том зүйлтэй харьцуул. “Би энийг бодвол арай дээр” гэж биш өөртэйгөө чацуу дэлхийн одуудтай өөрийгөө харьцуул. Өөрийгөө дайчлах хэрэгтэй. 

Таны бодлоор эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй вэ?

Эмэгтэй хүн арван гурав, арван дөрөвтэйгөөсөө л хариуцлага хүлээж эхэлдэг. Сарын тэмдэг ирнэ. Сар болгон тэрийгээ арчилна гэдэг чинь бас амаргүй. Эмэгтэй  хүн ээж болно. Эмэгтэй хүн өөрөө хамгийн том гайхамшиг. Манай багш “Эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү гэж боддог. Үгүй. Манай ээж бичиг үсэг мэддэггүй, эрхий хуруугаа дардаг тийм хүн. Харин би бичиг үсэг мэддэг. Гэхдээ би ээжээсээ илүү байж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүний ачаар би ийм байна” гэж ярьдаг. Тэгэхээр эмэгтэй хүн тэнгэр шиг их уужим сэтгэлтэй гайхамшиг. 

Балетчин О. Анужин биш О. Анужин гэдэг хүн хувь хүн талаасаа ямар хүн юм бэ гэдгийг харуулж өсвөр үеийнхэнд үлгэр дуурайлал болгох үүднээс өнөөдрийн асуултуудаа бэлдлээ. Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

Өмнө нь хариулж байгаагүй асуулт байгаа болохоор бас их бодлоо. Өөрөөсөө асууж өөрийгөө таниж мэдэх боломж гаргаж өглөө. Баярлалаа. Миний энэ их яриаг зорьж уншиж байгаа уншигчдадаа баярлалаа. Намайг дэмжиж хүндэлдэгт баярлалаа. Энэ олон хүмүүсийн хүндлэлийг хүлээх хувь тохиолтой яваадаа би их баярладаг. Боддог ч гэсэн хэлж чадаагүй зүйлс олон бий. Миний ярилцлагыг уншиж байна гэдэг намайг хүндэлж байгаагийн нэг илрэл гэж боддог. Энэ амьдрал хамгийн гайхалтай. Бид сайхан ирээдүйг бүтээнэ. Би цаашдаа улам их хичээж, сайхан уран бүтээлийг үзэгч түмэндээ барьж хайр мэдрүүлэхийг хичээх болно. Алга ташилт бэлэглэдэгт мөн баярлалаа.

Баярлалаа. Танд аз жаргал хамгийн сайхан сайхан бүхнийг хүсье.

 

#Entertainment