ЗАХИДАЛ: Бие биедээ гомдсон, шантарсан, уйлсан дурсамж ихсэх боллоо


ССҮТөв | YOLO.MN
2019-06-12

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Бие биедээ гомдсон, шантарсан, уйлсан дурсамж ихсэх боллоо

Манай анги ер нь хоорондоо эвтэй, нийтэч, асуудал багатай, сайн багштай анги байсан. Гэвч нэгэн өдөр ангийн багш маань гадаадад түр сурахаар 2 жилийн чөлөө авахаар болж, тэр 2 жилд хоёр ч багшийн нүүр үзэв. Энэ хугацаанд анги их суларч, гурав дөрвөн ч  хүүхэд шилжиж ирсэн. Эцэг эх тоохоо ч больж, түр зуурын ангийн багш ч дандаа үйл ажиллагаанаас хоцорно, эсвэл дандаа бид нараас шийдэл хайна. Шилжилтийн нас ч юм уу зан төлөв өөрчлөгдөж, шилжиж ирсэн хүүхдүүдээ гадуурхалгүй шууд хүлээн авсан ч зарим нь сөргөөр нөлөөлсөн. Ангийн багшийгаа буцаад ажилдаа ороосой гэж үргэлж ярьдаг, боддог, эцэг эх ч хүлээдэг, буцаад ёстой мундаг анги болно доо гэж боддог байлаа. Гэтэл багш буцаж ирээд жил өнгөрөхөд олон удаа үл ойлголцол гарлаа.

Багш бид нарыг өөрчлөгдсөн, яах гэж буцаж ирэв ээ, яах гэж та нарыг дааж авав аа гэж ангийн хурал дээр олон удаа хэлж, анги дотроо бид нар хагаралдаад муудалцаад  их зүтгэл гарган хичээлүүдийнхээ шалгалтуудаа байж чадахаараа өгцгөөж амлалт бичиж өгч байж арайхийн буцаад хэвэндээ орсон. Үнэндээ ороогүй ч байж магад. Гэтэл саяхан улсын шалгалт дөхөхтэй холбоотойгоор багш нар чангалж эхэлсэн. Ингэснээр хүүхдүүд ангийн багшийн заадаг хичээлийг бага хийх, үл тоох маягтай боллоо. Нэг өдөр даалгавар шалгахад олон хүүхэд хийгээгүй байж таарч, тэдгээр хүүхдүүдийг бүгдийг нь хөөсөн. Тэдэн дотор зарим хэлмэгдсэн хүүхдүүд ч бий. Жаахан асуудалтай зарим нөхөд хуулахын оронд өөрсдөө хийгээд, маш буруу хийсэн байж таараад хамт хөөгдсөн. Дахиж хичээлд нь суух эрхгүй болсон. Тэдгээр хүүхдүүд хөөгдсөндөө зарим нь даалгаваргүй гэж баярлах ч зарим нь багшийг хөөсөнд нь уурлаад гомдоод даалгаврыг нь хийх ч үгүй юм. Хөөгдөөгүй хэд нь багшаас яавал буцаад ангиараа суух вэ гэсэн чинь багш "Мэдэхгүй ээ. Итгэхэд хэцүү байна тэд нарт. Та нарт хичээлийн цаг хумсалж, сөргөөр нөлөөлүүлж байснаас хөөсөн нь дээр" гэсэн.

Ангиараа суугаад өмнөх үе шигээ шилдэг анги байгаад, ангиараа багштайгаа хамт суухыг хүсэж байна. Хэдий юм өөрчлөгддөг ч гэсэн анги дотроо хагаралдмааргүй байна. Сайн дурсамжаас илүү бие биедээ гомдсон, шантарсан, уйлсан дурсамж ихсэх боллоо.

Бусад хичээлүүд дээрээ сайн ч баярлуулах зорилгоор ангиараа нийлээд зарим шалгалтуудаа хамт хийсэн юм. Тэгсэн улам давраасан бололтой. Ер нь даалгавар их. Сүүлийн үед массаараа даалгавраа хараад, гөлрөөд, инээгээд хийхээ байлаа. Ер нь 3 талд багш, хөөгдсөн хүүхдүүд, хөөгдөөгүй хүүхдүүд аль аль нь яахаа мэддэггүй ээ. Ангийн хурал багш байхгүй хооронд хийсэн дорвитой юм юу ч ярьсангүй шийдсэнгүй. Буцаад анх байсан үе шигээ болохыг бүгд хүсдэг. Даанч санаснаар болдоггүй ээ. Асуудлууд их гардаг боллоо...

Яах уу? Ангиараа суусан нь дээр үү, суугаагүй нь дээр үү, яаж хөөгдсөн хэдийгээ оруулах уу?

ЗӨВЛӨГӨӨ: Хоорондоо ойлголцож нэг шийдэлд хүрэх хэрэгтэй...

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Анги хамт олныхоо халуун дулаан байдлыг эргүүлж авчрах гэсэн чиний сэтгэлд баярлаж байна. Ангийн хүүхдүүд багштайгаа, анги хамт олон хоорондоо бие биетэйгээ ойлголцдог байх нь сайн харилцааны үндэс болдог. Энэ хоёрын нэгэн л хоорондоо ойлголцохгүй байхад сурагчдын хандлага болон сургалтад нөлөөлж байдаг. Багшдаа анги хамт олноороо хамтдаа хичээлд суумаар байна гэдгээ ангийнхаа хүүхдүүдтэйгээ нийлж байгаад албан ёсоор хэлсэн нь зөв болов уу.

Ингэхийн тулд эхлээд хөөгдсөн хүүхдүүд дахиж хичээлдээ суухыг хүсч байна уу, үгүй юу гэдгийг хоорондоо ойлголцож нэг шийдэлд хүрэх хэрэгтэй болно. Дараа нь ангийн хурлаа багштайгаа хамт хийгээд үзээрэй. Өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хий. Гэхдээ бүх зүйлс чиний хүссэнээр болно гэж битгий хүлээгээрэй. Цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс өөрчлөгддөг, хүмүүс бас ялгаатай юм хүсдэг. Зарим сурагчид зүгээр л хичээлээ хийж шалгалтдаа онц авах нь чухал болохоос ангийн уур амьсгал хамааралгүй зүйл байж болно. Тэгвэл тэднийг хүчилж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл чиний хүсч байгаа зүйл бол зөвхөн чиний хүсэл, бусад хүмүүсийг адилхан зүйл хүсэхийг шаардаж болохгүй. Тиймээс өөрийн хүслээ хэл, хийж чадах зүйлсээ хий, гэхдээ бүү тулган шаардаж эсвэл сэтгэлээр унаарай. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Захидал #Letter