АНУ-ын ахлан сургуульд солилцоогоор суралцагч П.Амарлин: Энд багш нар сурагчдадаа “Чиний бодол буруу” гэж хэлдэггүй


YOLO.mn | YOLO.MN
2019-05-03

Дунд сургуулиа төгссөний дараа АНУ-руу ахлах сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцаж буй П.Амарлинг та бүхэнд танилцуулж байна. Түүний АНУ-ын ахлах сургуульд суралцахаар шийдсэн шалтгаан, суралцах үедээ олж мэдсэн сонин содон бүхнийг энэхүү ярилцлагаас нь уншаарай. Энэ ташрамд, бидэнд цаг гарган онлайнаар ярилцсан П.Амирландаа талархал илэрхийлье.

YOLOАхлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаад ирсэн түүхээ хуваалцана уу.

-Монголоос энд 2018 оны есдүгээр сард ирсэн. Би 16 настайдаа дунд сургуулиа төгссөн юм л даа. 1-р сургуулийг төгссөн. Америкийн ахлах сургуулийн солилцоонд 18 нас хүрээгүй л бол хамрагдах боломж байдаг юм байна гэдгийг манай аав олж мэдээд, бид хоёр ярилцаж байгаад ер нь цоо шинэ боломж юм байна гэдгийг ойлгосон.

Би дунд сургуулиа төгсөөд СЭЗИС-д уг нь орсон юм. Тэгэхдээ залуу байгаа юм чинь дэлхийн огт өөр, нөгөө талд очиж үзээд, тэс өөр туршлага судлаад, бусад орны хүүхдүүд ямар мэдлэгтэй болдог юм байна, ертөнцийг үзэх үзэл нь ямар байдаг юм байна гэдгийг судалж үзье гэж бодсон. Энэ зорилгоос гадна англи хэлээ маш их сайжруулж, их сургуульд сурах хэмжээний англи хэлтэй болох зорилготой.

YOLOХүүхдүүд ихэвчлэн ЕБС-иа төгсөөгүй байхдаа дунд сургуулийн солилцоогоор явдаг. Төгсөөд явахад ямар давуу талууд байна вэ?

-Надад маш их давуу талтай санагдсан. Би дунд сургуулийнхаа бүх дүнг авчихсан, дээр нь бүх ерөнхий мэдлэгээ монгол хэл дээр авчихсан. Тийм болохоор өөрөөсөө дүү хүүхдүүдтэй хамт сурч байгаа нь хичээлээ ойлгох тал дээрээ илүү. Мөн би өөрөөсөө хоёр насаар ах эгч хүүхдүүдтэй өмнө нь хамт сурч байсан болохоор тэдний нөлөөгөөр арай ухаан сууж байгаад явсан гэх юм уу /инээв/. Энэ мэтчилэн олон давуу талтай. Ер нь энэ жилийг би завсар жил /gap year/ шиг хэрэглэж байгаа гэсэн үг.

YOLOЭргэж ирээд СЭЗИС-даа сурах боломжтой биз дээ, тээ?

-Тийм. Би жилийн чөлөө аваад явсан.

YOLOСурагч солилцоо нэг хичээлийн жилийн хугацаатай л байдаг уу?

-Хугацааны хувьд хоёр төрөл байдаг юм байна лээ. Нэг дэх нь хоёр улирал буюу 9-р сараас 1-р сар хүртэл сурах, нөгөө нь 9-р сараас бүр хичээлийн жил дуустал үргэлжилдэг.

YOLOСургуулийнх нь хичээллэх зарчим эндэхээс хэр өөр вэ?

-Ахлах сургууль нь бараг их сургуулийн зарчмаар явдаг юм шиг санагдсан. Хүүхдүүд нь өөрсдийнхөө яг чадах түвшинд тохируулан хичээлүүдээ сонгодог гэх үү дээ. Боловсролын системийнх нь хувьд америкчууд хүүхдийн шүүмжлэлт сэтгэлгээг их хөгжүүлдэг. Жишээ нь хүүхдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлүүлдэг, дэмждэг. Ер нь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хүндэтгэн чухал ач холбогдол өгдөг юм шиг санагдсан.

YOLOЖишээ нь багшаасаа эсрэг байр суурьтай байлаа гэхэд асуудалгүй илэрхийлэх нь байна ш дээ.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний дараа багш нь хэрэв буруу гэж үзэж байвал няцаах үндэслэлийг нь хэлдэг. Тухайн хүүхдэд ямар ч байсан “Чиний бодол буруу” гэж ер нь хэлэхгүй.

YOLOИнгэхэд АНУ-ын аль мужийн, ямар хотод байгаа вэ?

-Би Америкийн Нью Йорк мужийн Грийнэ гэдэг жижиг сууринд байдаг. Зочин айлынхаа гэр бүл болох аав ээж, дүү охин, өвөөтэйгөө хамт амьдардаг. Манай дүү надтай нэг сургууль. Бас 16 нас хүрчихсэн болохоор машин барьж болдог. Тийм болохоор өглөө оройдоо дүүтэйгээ хамт машинаар явдаг.

YOLOСургууль нь хэр хол вэ?

-Нэг их холгүй ээ. Машинаар явахад 5 минут, алхахад 20 минутад хүрэх зайтай.

YOLOСурч байгаа сургууль, ийм ойрхон зочин айл зэргээ яаж олсон бэ?

-Монгол дахь Monarch гэдэг агентлагтай гэрээ байгуулсан л даа. Monarch агентлаг маань болохоор зохицуулалтыг хийж өгсөн. Зочин айлын тухайд агентлагийн хамтран ажилладаг Америк дахь байгууллагаас холбож өгсөн юм. Тэр байгууллагад хүсэлт гаргасан сайн дурын зочин айлууд солилцооны сурагчдаас сонгон өөрсдийн гэрт аливаа хураамж, төлбөр авахгүйгээр байлгадаг. Би өөрөө энэ айлыг сонгоогүй гэсэн үг. Тус байгууллага нь зочин айл болох хүсэлт гаргасан айлуудыг эхлээд судалдаг юм байна лээ. Тухайн айлын орлого, амьдрах нөхцөл нь ямар байна, өөрийн хүүхдээс гадна өөр хүүхэд байлгах боломж бий эсэхийг нь судалж үзээд сонгодог гэсэн үг. Солилцоогоор сурсан хүүхдүүдийг хараад байхад ихэвчлэн маш тайван уур амьсгалтай газар очдог юм шиг санагдсан.

YOLOЧиний байгаа газрыг Нью Йорк мужид гээд бодохоор өндөр барилгатай хотоор л төсөөлөөд байна.

-Би ч бас эхэндээ АНУ гэхээр л өндөр хөгжилтэй хотуудаар нь төсөөлөөд байдаг байлаа. Одоо миний амьдарч байгаа суурин болохоор “rural area” буюу хөдөөний тосгон маягийн газар л даа. Маш тайван амгалан. Сүүлийн 100 жил гэмт хэрэг гарч байгаагүй газар. 5 мянган оршин суугчтай. Хүмүүс нь гоё гоё байшинд, арай зайдуу зарим нь ферм дээрээ амьдардаг юм. Энд байснаараа эгэл жирийн америкчууд яаж амьдардгийг мэдэж авна гэсэн үг.

YOLOМонголд байснаасаа илүү тайван нөхцөлд байгаа юм байна даа.

-Тийм. Надад бас юу нь хамгийн их таалагддаг вэ гэхээр байгаль нь маш гоё. Сая өвөлжихөд ямар ч утаа, агаарын бохирдолгүй байсан нь надад итгэмээргүй ч юм шиг санагдаад, баярласандаа нулимс унагах дөхсөн /инээв/. Энд маш сайхан цэвэр агаартай, дөрвөн улиралтай, Монгол шиг цаг агаартай.

YOLOУлаанбаатарт хаана амьдардаг вэ?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо амьдардаг. Манай Улаанбаатар маш завгүй хот шүү дээ. Миний хувьд энэ жил урьд өмнөхөөсөө огт өөрөөр амьдарч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд маш тайван амгалан амьдарч байна.

YOLOАмерикт очоод хэдхэн сар болж байгаа ч гэсэн өөрт чинь ямар нэг байдлаар өөрчлөлт гарч байгаа зүйл ажиглагдаж байна уу?

-Тийм шүү. Энд байгаа хүмүүстэй харилцаад байхаар би өмнө нь их яаруу адгуу байсан юм шиг санагдаад байгаа. Юм болгонд яараад, түргэн зантай байсан юм шиг санагдаж байна. Эндэхийн хүмүүс тайван амгалан болохоор би тэднийг дагаад тийм болж байгаа байх. Энд хүмүүс маш найрсаг харилцаатай. Гудамжинд зүгээр алхаж явахад л танихгүй хүмүүс өглөөний мэнд, өдрийн мэнд гээд инээмсэглээд өнгөрдөг нь гоё санагддаг.

YOLOЗарим хүн гадаад хүмүүс гоё ганган, хэрэглээ өндөртэй байдаг гэж төсөөлдөг. Чиний байгаа газрын хувьд тэдний биеэ авч яваа байдал ямар байна вэ?

-Би анх америк хүмүүсийг кинонд гардаг шиг төсөөлж байсан л даа. Жаахан сахилгагүй ч гэдэг юм уу, элдэв зүйл хийдэг дэггүй харагдаад байдаг шүү дээ. Харин миний байгаа орчинд бол хүүхдүүд нь эцэг эхийнхээ консерватив /уламжлалт/ хандлагаар хүмүүжсэн байдаг. Тэд хэл ярианы хувьд ч үгээ маш их цэнэдэг. Энд ирсэн цагаасаа хойш бүдүүлэг үг хэллэг огт сонсоогүй. Мөн хүн хүнээ ялгаварлан гадуурхах үзэл ч байхгүй. Ийм хандлага гаргавал маш муу хүн гэж тооцогдоно. Монголд харин ялгаварлан гадуурхалт илүү их байгаа байх. Манай энэ сууринд өнгөт арьстнууд цөөн. Манай ахлах сургуульд 400 гаруй хүүхэд сурдаг. Хоёр өнгөт арьстай хүүхэд, дөрвөн ази хүүхэд байдгийн нэг нь би.

YOLOХувцаслалт, гадаад төрх байдлын талаар?

-Энд хүмүүс үнэхээр энгийн хувцасладаг. Биеийн тамирын хувцас, эсвэл пудволк шорттой л байх нь элбэг. Өглөөд ер нь нүүр гар, шүдээ угаагаад л гарчихдаг юм шиг санагддаг /инээв/. Нүүрээ буддаг эмэгтэй хүн ер нь байдаггүй байх.

YOLOАмерикт очиж сурснаар цаашдын ирээдүйгээ харах өнцөг чинь хэр өөрчлөгдсөн бэ? Зорилгоосоо хуваалцаач.

-Би Монголдоо бакалаврын зэрэг хүртэл сурах бодолтой байгаа. СЭЗИС-ийнхаа АССА гэдэг хөтөлбөрт бүртгүүлсэн. Энэ хөтөлбөр англи хэл дээр хичээл нь явагддаг болохоор төгссөнийхөө дараа англи хэлтэй орнуудад ажиллаж болдог давуу талтай нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр юм. Мөн цаашид Их Британи улсад сурах сонирхолтой байгаа. Тэгэхээр би энд сураад англи хэлээ сайжруулж байгаа маань маш их давуу тал олгож байна гэсэн үг.

YOLOОлон улсад үнэлэгдсэн мэргэжилтэн болох зорилго тавьжээ дээ?

-Ер нь тийм төлөвлөгөөтэй байгаа. Миний гадаадад үргэлжлүүлэн сурах гээд байгаа маань юмыг өөр өөр өнцгөөс харах чадвартай болоод, түүнийгээ Монголдоо хэрэгжүүлэх нь чухал гэж бодож зорьж байгаатай холбоотой.

YOLOҮеийнхэндээ хандаж санаа бодлоо хэлнэ үү.

-Америк хүүхдүүд коллежид орохын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Энд хүмүүс хийж буй зүйлдээ хоёрын хооронд байдлаар хандана гэж байдаггүй. Цагийн юмыг цагт нь л хийж, бүх зүйлээ сайтар ухамсарласан, өргөн хүрээний мэдлэгтэй, илэрхийлэх чадвартай болдог. Бид ч бас залуу байгаа дээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байх хэрэгтэй, бас үеийнхнээ сониуч байгаасай гэж хүсч байна.

#Scholarship