Үүнийг мэддэг байхад шаардлага гарах үед ХҮНИЙ АМЬ АВАРЧ ЧАДНА


Б.Намуун | YOLO.MN
2018-10-12

Та анхны тусламж үзүүлж чадах уу? Энгийн юм шиг хэр нь үхлийн эрмэгт байгаа хүний амийг аварч чадах энэ тусламжийг хүн бүр үзүүлж чаддаггүй нь харамсалтай. Магадгүй та өөрийгөө анхны тусламж үзүүлж чаддаг гэж хариулах уу? Тэгвэл зөв тусламж үзүүлж чаддаг болов уу?

Хүүхэд, насанд хүрэгчид эдгээр болон бусад асуултад хэрхэн хариулахыг эхлээд үзэцгээе.

ЯАРАЛТАЙ АНХНЫ ТУСЛАМЖ:

Хүний амь насанд ямар нэгэн аюул заналхийлсэн, ноцтой осол гэмтлийн үед амийг нь арах зорилгоор нэн даруй авч буй арга хэмжээг DRABC зарчим-ын дарааллаар гүйцэтгэх нь зүйтэй.

Danger – Аюулыг шалгана

• Response – Ухаантай эсэхийг шалгана

• Airway – Амьсгалын замыг шалгаж, чөлөөлнө

• Breathing – Амьсгалын замыг чөлөөлж амьсгалуулна

• Circulation – Цусны эргэлтийг шалгах буюу судасны цохилтыг үзнэ

  • АЮУЛЫГ ШАЛГАХ

Тухайн осол танд болон бусдад, мөн гэмтсэн хүний амь насанд хэр аюултай байна вэ гэдгийг тогтоох зорилготой.

  1. Гэмтэл учруулж байгаа аюул үргэлжилж байгаа эсэхийг шалгана. Жишээ нь: гал түймэр, угаарын хий, цахилгаан гүйдэл гэх мэт.
  2. Хэрвээ боломжтой бол гэмтсэн хүнээ аюулаас холдуулах, эсвэл аюулыг зайлуулна
  • УХААНТАЙ ЭСЭХИЙГ ШАЛГАНА

А. Том хүн болон ярих чадвартай хүүхэд байвал:

1. Нэрийг нь асуух

2. Мөрөн дээрээс нь зөөлөн татах

Б. Хэрэв ой хүртэлх насны хүүхэд байвал зөөлөн ярьж, дуудан сэрээж болно.

Гэмтсэн хүний ухаантай байгаа эсэхийг гадаад төрх байдлаар нь, мөн дээрх үйлдлээр шалгаж мэднэ. Хэрэв та тэр хүнээ ухаангүй байна гэж таамаглаж байгаа бол эхний үзлэгийг толгойноос хөл хүртэл хийнэ.

Үүний тулд:

  1. Сэрээх оролдлого хийж зөөлөн татна
  2. Үнэртэнэ /ухаангүй байгаа хүнээс архи, тамхи, эм гэх мэт зүйлс үнэртэж байна уу?/
  3. Дух, шилэн хүзүү орчим ямар нэгэн гэмтэл /шарх, цус алдалт, хаван гэх мэт/ байна уу?
  4. Хоёр чихнээс нь цус гарч байна уу?
  5. Хоёр гарт гэмтэл байгаа эсэхийг үзээд, ямар нэгэн ил шарх байхгүй бол нугалж үзнэ
  6. Цээж, хэвлийд гэмтэл байгаа эсэхийг үзнэ.
  7. Хоёр хөлд гэмтэл байгаа эсэхийг шалгаад, ил шарх байхгүй тохиолдолд нугалж үзнэ.

Ингэхэд гэмтсэн хүн ямар ч хариу өгөхгүй бол яаралтай эргүүлэх байрлалд оруулна.

  • АМЬСГАЛЫН ЗАМЫГ ШАЛГАЖ, ЧӨЛӨӨЛНӨ
  1. Амьсгалыг шалгахын тулд дээш харуулан хэвтүүлнэ
  2. Амьсгалын замыг нээхийн тулд толгойг гэдийлгэнэ
  3. Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглана
  4. Чихээ цээжинд нь наан чагнана
  5. Хамрын үзүүрт хөвөн утас, үс барьж болно
  6. Нүдний шилийг хамарт нь ойртуулан  барьж үзэж болно /цанталт үүснэ/
  7. Гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх гэх мэт аргуудаар амьсгалж байгаа эсэхийг шалгаж болно.

Ухаангүй хүний амьсгалын зам бөглөрөх нь:

  • Хэл унжих /бүх биеийн булчингууд суларснаас хэл нь хоолой руу унжиж агаар орох замыг хаадаг/
  • Хатуу болон хагас хатуу биетүүдээр бөглөрөх /хоол, бөөлжис, цус, хиймэл шүд гэх мэт/
  • Амьсгалын замын гэмтэл, хавдар гэх мэт шалтгаануудаас болдог.

  • АМЬСГАЛЫН ЗАМЫГ ЧӨЛӨӨЛЖ АМЬСГАЛУУЛАХ

Гэмтсэн хүний амьсгалыг 10 секунд орчим шалгасны дараа амьсгалын замд байгаа саадыг арилгах арга хэмжээ авна.

  • Амыг нь ангайлган, аман доторх зүйлийг хуруугаараа ухаж гаргана
  • Толгойг хажуугаар нь зөөлөн гэдийлгэнэ
  • Анхны тусламж үзүүлэгч нь нэг гараа шилэн хүзүүн доогуур оруулж, бага зэрэг өндөрлөөд, нөгөө гараараа духнаас нь барьж гэдийлгэнэ
  • Эрүүг доош татаж амыг ангайлгана
  • Амьсгалын замыг чөлөөлсний дараа амьсгалахгүй хэвээр байвал зохиомол амьсгал хийнэ.

 

  • ЦУСНЫ ЭРГЭЛТИЙГ ШАЛГАХ БУЮУ СУДАСНЫ ЦОХИЛТЫГ ҮЗЭХ
  1. Том судсууд дээр судасны цохилтыг тэмтэрнэ.
  2. Арьсны өнгө болон ам хамрын гурвалжинг харна.
  3. Том хүн болон есөөс дээш насны хүүхдэд: Гүрээний эсвэл шууны судсан дээр долоовор болон дунд хуруугаар зөөлөн тэмтэрнэ.
  4. Нэг хүртэлх насны хүүхдэд: Бугалганы дотор талд долоовор, дунд хурууг байрлуулж зөөлөн тэмтэрнэ.

АНХААР!!! Судасны цохилтыг эрхий хуруугаар хэзээ ч тэмтэрч үздэггүй. Учир нь эрхий хурууны өөрийнх нь судасны цохилт мэдэгддэг, мөн арьс зузаан учир муу мэдэрдэг.

  • ХЭРВЭЭ УХААНГҮЙ БӨГӨӨД АМЬСГАЛЖ БАЙВАЛ

Өвчтөний амьсгалыг дэмжих зорилгоор эргүүлэх байрлалд оруулна.

  1. Ухаангүй байгаа хүнийхээ хажууд сөхөрч сууна.
  2. Эргүүлэх талын хөлийг өвдгөөр нь нугална.
  3. Тэр талын гарыг тохойгоор нь нугалж, эсрэг талын мөрөн дээр давуулан тавиулна.
  4. Тусламж үзүүлэгч нэг гараараа нугалсан өвдөгнөөс барьж, нөгөө гараа хүзүүн доогуур нь хийж эргүүлнэ.

Эргүүлэх байрлалыг аль ч тал руу эргүүлэн хийж болох ба өөрт болон ухаангүй байгаа хүндээ аль эвтэйхэн тал руу эргүүлнэ

  • CPR - ӨВЧТӨН АМЬСГАЛАХГҮЙ БАЙВАЛ

CPR буюу Зүрх-уушгины сэхээн амьдруулалтыг хийнэ. CPR гэдэг цээжний даралт, хиймэл амьсгаа хийх гэсэн үйлдлүүдийн дэс дараатай, цогц үйл ажиллагаа бөгөөд

  • Cardio – зүрх
  • Pulmonary – уушги
  • Resuscitation – сэхээн амьдруулалт гэсэн утгатай товчилсон үг юм.

30 удаа өвчүүний голд дарна. Дараа нь 2 удаа зохиомол амьсгал хийнэ.

CPR нь ямар насны хүмүүст хийх гэж буйгаас шалтгаалан ялгаатай. Үүнийг хоёр хүн зэрэг хийж болно. Эхний хүн зохиомол амьсгал өгч судасны цохилтоо үзэх, нөгөө хүн зүрхний даралтыг хийх буюу үүнийг хийж байгаа хүн чанга тоолох хэрэгтэй.

Хүүхдэд CPR хийх

Цээжний даралт : үлээх = 30:2 гэсэн харьцаатай байна.

  1. 1-8 насны хүүхдэд:

Цээжний даралт : үлээх = 2:30:5 гэсэн харьцаатай байна.

  1. 2 удаа үлээнэ
  2. 30 удаа цээжний даралт хийнэ. Ингэхдээ даралтын хүчээ цээж 4-5 см-аас ихгүй хотолзож байхаар тааруулна.
  3. 5 удаа үлээнэ.

  1.  1 нас хүртэлх хүүхдэд:

Үлээх : цээжний даралт = 1:5

  1. Нэг удаа амьсгал өгнө
  2. Өвчүүний голд долоовор, дунд хуруугаараа 5 удаа дарна. Ингэхдээ даралтын хүчээ цээж 3 см хотолзож байхаар тааруулна.

#FirstAid