НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА, Сабахаттин Али


...Амьдралынх нь аль ч хэсэг (бидний мэдэх, мэдэхгүй) хүний сонирхлыг татахгүй. Заримдаа Ер нь яах гэж амьдардаг юм бол? Ингэж амьдрах хэрэг байдаг л юм байх даа? Юуны төлөө ингэж амьдардаг юм бол? гэж асуумаар хүмүүс байдаг даа. Гэхдээ ингэж дүгнэж бодохын өмнө бид тэдэнд толгой гэж нэг юм, тэр толгойн дотор хүссэн ч хүсээгүй ч ажиллах учиртай тархи, тэр тархины үйл ажиллагааны үр дүнд бий болсон өөрийн гэсэн дотоод ертөнц заавал байгаа гэдгийг санах хэрэгтэй. Үүнийгээ гадагш гаргахгүй байгаагийнх нь төлөө ингэж үл тоомсорлохын оронд хүмүүний хамгийн сониуч зангаар энэ ер бусын үл мэдэгдэх ертөнцийг сонирхвол магадгүй огт санаандгүй гэнэтийн зүйл олж харж, ер бусын ховор эрдэнэтэй нүүр тулах ч юм бил үү. Гэхдээ хүмүүс эцэст нь олж авна гэдгээ мэдэж байгаа зүйлээ л эрэхийг хүсдэг шүү дээ... /Зохиолын хэсгээс/

Содон нэртэй, минималист хавтастай энэхүү номын эхлэл хэсэгт дээрх өгүүлбэрүүд бий. Ерөөс бүхэл романы утга учрын зангилааг урьдчилан тайлах мэт энэ хэсэг хүн гэдэг амьтны цаана, сэтгэлийн нь гүнд, бидний төсөөлж ч чадахгүй сонихон, дахин давтагдашгүй “дотоод хүн” оршин байдаг гэдгийг хэлээд байх шиг. Санал нэгдэхгүй байхын аргагүй хувь ертөнцийн тухай санаа.

Монголчууд бидэнтэй ойр Түрэг угсааны нэрт зохиолч Сабахаттин Али дайнд оролцож яваад гэмтээсэн гараа байн байн хүйтэн усанд дүрж амрааж байгаад  энэхүү “Арьсан хүрэмтэй Мадонна” бэсрэг романаа бичиж дуусгасан тухай номын оршил хэсэгт дурьдсан байна. Урьд өмнө улс төрийн сэдвийг ихэвчлэн хөнддөг байсан уг зохиолчийн тус бүтээлд хайр сэтгэлийн романс бага зэрэг гүн ухааны сэдэвтэй сүлэлдсэн гэж болно.

Дүнсгэр, уйтгартай харагдах Раиф Эфэнди хижээл насны эр. Даргын даалгасан ажлыг яв цав гүйцэлдүүлнэ, хүн хартай ам муруйж мугуйд аашлах нь үгүй. Мөртлөө тоотой цөөхөн үг амнаасаа унагах агаад, хэн нэгэнтэй харц тулгарсан агшиндаа хиймэл инээмсэглэлээр хариу бариад түргэхэн нүүр буруулна. Олон жил байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ажил дээрээ суусаар ирсэн учир адаг сүүлд нь түүний тухай үнэн худал хов живүүд хөл орж, хэнбэгуай ч түүнтэй хүссэн адайр авираа гаргадаг болжээ. Гэртээ ч мөн адил тэр дүрээрээ өдөр хоногийг төөрүүлнэ. Үр хүүхэд, авааль эхнэр, хүргэн дүү нарынхаа ангайсан ам руу хоол хийдэг гагц хүн нь хэрнээ тэдэнд зарц барлаг шиг үзэгдэж, хэний ч халуун хайрыг үл мэдрэн, орой үдэш, хүйтэн шөнөөр ч хамаагүй талханд явна, байдаг бүгдээ зориулна. Алд биеэ дэндүү гаргууд гаргаж, бусдад ашиглуулж угтаа дээрэлхүүлж буйгаа Раиф эфэнди мэдэхгүй биш, харин ч мэдэхийн дээдээр мэддэг боловч амьдралынхаа төгсгөлийг хүртэл энэ заяа төөргөө ухамсартайгаар хүлцэн тэвчинэ. Түүний дотор хүн урьд өмнө ямархан сонин амьдралын дундуур туучсан гээд ийм амьдын гал цоггүй болж орхисон хэрэг вэ?

Зохиолын “би” өгүүлэгч Раиф Эфэндитэй нэг тасалгаанд сууж ажиллах болсон цагаасаа эхлэн түүний хачирхалтай зан авир, түүнийх нь шалтгаан болсон нууцат дотоод ертөнцөд нь сонирхол татагдаж, чамгүй дотносон анд нөхөр болж чаддаг. Улмаар эцсийн амьсгалаа хураахынх нь урд өдөр түүний санан дурсдаг уйт дурсамж дурдатгалаа сийрүүлэн бичсэн хар хавтастай зузаан тэмдэглэлийн дэвтрийг нь авч уншина. Тэгээд номхон, хүлцэнгүй Раиф Эфэнди арван жилийн өмнө хайр сэтгэлээ арьсан хүрэм өмссөн нэгэн эмэгтэйд эргэлт буцалтгүй өгчихсөн гэдгийг олж мэднэ.

Арван жилийн өмнө залуу Раиф эцгийнхээ шийдвэрээр Герман орныг зорьж, хэсэг хугацаанд ажиллан амьдарсан ажээ. Тэнд л өөрийнхөө амьдралын эргэлтийн цэгийг хатгачихсан байж. Ердөө уран зурагт дурлаж орхиод шүү.

Ганцаардмал, үг дуу цөөн залуу Раифийн хийх дуртай зүйл нь зураг зурах, уран зохиол уншихаас өөрцгүй байлаа. Амьдралын туршлага ч нимгэний дээр, элдвийн хормой хотны явдалд орооцолдохыг үл таашаадаг гэхээс илүү тэгэхийг сонирхож ч байгаагүй гэхэд тохирмоор. Харин нэг удаа уран зургийн үзэсгэлэнд явж байгаад арьсан хүрэмтэй бүсгүйн хөрөг зургийг олж хараад тун хачин мэдрэмжид автана. Тэрхүү зургийн тайлбар дээр, Андреа дель Сартогийн “Хүн шувуутай Мадонна” зураг дээрх Мари эхтэй алмайрмаар төстэй болсон тухай нь дурьдсанаас өөрөөр зураачийнх нь тухай юу ч бичээгүй байдаг. Гэвч залуу Раиф өөрийгөө арьсан хүрэм өмссөнөөр чадварлаг зурж буулгасан тэрхүү зураач бүсгүйтэй амьдаар учран уулзах зол завшааныг атгах төдийгүй, түүний бас нэгэн сонирхолтой дотоод ертөнцийн зах зухаас хэлтэлж, халуун хайр сэтгэлийн холбоо тогтооно.

Зураач бүсгүй Мариа Пүдер, залуу Раиф хоёрын хайр дурлалд умбасан өдөр хоногуудын тухай өгүүлэхэд тун ч илүүц болно. Харин мань хоёр хоёулаа учиргүй ганцаардмал, бас хачин хүмүүс байсан тухай дурьдах хэрэгтэй. Ялангуяа Мариа Пүдерийг ихэнхи томоохон зохиолуудад гардаг хөнгөн явдалтай, хосгүй гоо үзэсгэлэнтэй хэрнээ амьдралаас уйдсан гэмээр, ганцаардмал, мөртлөө чамгүй хурц ухаантай бүсгүйн дүрүүдтэй /Ф.М.Достоевскийн Идиот романы Настасьяа Филиповна, Т.Капотигийн Тиффани дахь өглөөний цай романы Хөлидэй Гөлайтли гэх мэт/ эрхгүй харьцуулан жишмээр санагдана.

...Бүх хүн л ганцаардах тавилантай байдаг. Энэ бүх найрамдал, нөхөрлөл гэдэг чинь хуурамч шүү дээ. Хүмүүс тодорхой нэг зааг хүртэл л бие биедээ ойртон дотносч чадна, үлдсэн хэсэгт нь дүр эсгэнэ...

...Би өөрийгөө яах ёстой юм бэ? Байгаа минь л энэ, өөрөөр байж чадахгүй шүү дээ...

...Үгүй дээ, би хайрлаж дурлаж чадахгүй. Яагаад ийм юм яриад байгааг минь та гайхаж байгаа биз. Миний өгч чадахаас илүү зүйлийг хүлээж хүсээд, сүүлд нь гомдоод үлдэх вий л гэж болгоомжилсондоо хэлж байна...

...Хүний харилцаа, ялангуяа эрэгтэй эмэгтэй хоёр хүний хоорондын харилцаа маш ээдрээтэй, хүсэл мэдрэмж маань үнэхээр ойлгомжгүй учир хэн юу хийж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Тиймээс урсгал дагаж хөвөхөөс өөр арга байдаггүй шүү дээ...

...Үгүй ээ, би хэвийн. Харин бусад эмэгтэйчүүд л хэвийн бус гэж би бодож байна...

/Зохиолын хэсгээс, Мариа Пүдерийн хэлдэг үгс/

Эр хүнд, ер бусад хүмүүст итгэх итгэлээ нэгэнт алдчихсан бүсгүй Мариа Пүдер залуу Раифтай жинхэнэ хайр сэтгэлийн холбоотой болж орхисноо хүлээн зөвшөөрөхөд нь итгэл дутаж эргэж буцан төөрдөг. Гэвч эцэст нь Мариа, Раиф хоёр бие биедээ жинхэнэ утгаараа бүхий л итгэлээ өгдөг билээ.

Хэдэн долоо хоногийн дараа Туркд суугаа эцэг нь нас барсан учир Раиф нутаг буцах болж улмаар Мариа түүний араас заавал очихоо амлан хагацаад, тэд хэдэн мянган бээрийн зайд алслагддаг. Гэвч дахиж учирдаггүй.

Раиф нутагтаа очоод уйгагүй ажиллаж хөдөлмөрлөн, ахуй амьдралаа хөл дээр нь босгохын төлөө тэмцэнэ. Үргэлж Мариа Пүдертэй захидлаар харилцан, удахгүй хамтдаа амьдрах мөч дөхөж буйг баяртай дурсацгаана. Гэтэл өдөр ирэх тусам Мариагаас ирэх захидлын тоо багассаар, арьсан хүрэмтэй Мадонна бүрмөсөн сураг алдарна...

Амьдралдаа анх удаа хөндлөнгийн хүнд итгэл сэтгэлээ бүрэн зориулсан нь ийнхүү үнэгүйдэж буйг Раиф мэдэрч, олон намрын нүүр үзэх тусмаа улам дуугүй, хүлцэнгүй төрхөнд хувирсаар, амьдралын гал цогоо алдсаар, арван жилийг үджээ. Эхнэртэй болж, үр хүүхэд төрүүлсэн ч энэ нь түүний хувьд алдсан итгэлийг нь буцаан авчрах, аз жаргалтай болгоход хангалтгүй ажээ.

...Би хүмүүст итгэх итгэлээ бүрмөсөн алдаж, ер бусын хөндий, хүйтэн хандах болсондоо үе үе өөрөөсөө ч айх шиг болж байв...

...Эхнэр, хүүхэд, манай гэрт амьдардаг хүмүүс намайг анхаарч үздэггүй байв; би ч тийм хувь хүртэх эрхгүйгээ мэднэ... Энэ хүмүүст би ямар хэрэгтэй юм бэ? Талхны тав арван төгрөгийн төлөө намайг тэсч тэвчих ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс бие биеэсээ санхүүгийн тусламж, мөнгө хөрөнгө биш, хайр халамжийг л хүсдэг. Ийм хайр халамж үгүй бол гэрийн эзэнд гадны хэдэн хүн тэжээгч гэдэг нэр л илүү таарах биз...

Гэвч удахгүй Раифийн хүүхдийг төрүүлэх гэж буйдаа хөөрөн баярлаж байсан Мариа, хэсэгхэн хугацааны дараа итгэл сэтгэлээ шинээр өгсөн хайртай хүнтэйгээ хамт амьдрах гэж байгаадаа тогтож ядаж байсан Мариа Пүдер арван жилийн өмнө төрөхийн хүндрэлээр нас барчихсан гэж Раиф минь хэрхэн мэдэх билээ...

Сэтгэл хөдөлгөм романтик үйл явдлууд, амьдралын тухай гүн гүнзгий эргэцүүллүүд, хөнгөхөн харуусал хосолсон энэхүү роман хүний итгэл гэдэг ямар үнэ цэнтэй, нэг алдарсан бол дахин босч ирэхдээ ямар хэцүүг мөн харуулах гэсэн биз. Бас хувь хүнийг үнэгүйдэж одсон итгэл ямар ихээр хувирган өөрчилж болдгийг...

Арьсан хүрэмтэй Мадонна, ганцаардмал гэнэхэн Раиф хоёрын харуусалт дурлалын түүх хүний дахин давтагдашгүй дотоод ертөнцийн тухай, итгэл сэтгэлийн тухай, амьдралын үнэ цэнийн тухай, олон янз хүмүүсийн ааш авирын тухай гээд олон чухал бөгөөд хүнд сэдвийг хөнджээ. Тогтон суугаад уншихад амьдралын тухай, хүний оршихуйн тухай урьдынхаасаа өөр өнцгөөс бодолхийлэх боломжийг олгох гайхалтай чамин энэхүү романыг эх хэлнээ орчуулан хөрвүүлж, хэвлэн түгээсэн оюунлаг, хөдөлмөрч хамт олонд талархал илэрхийлье.

#BookReview