Н.Мэргэн: УРАН НУГАРАЛТ надад тэсвэр хатуужлаас гадна АМЬДРАЛЫН УХААН, ТӨЛӨВШЛИЙГ сургасан


Ш.Мөнхбаяр | YOLO.MN
2018-06-13

 

Миний ирээдүйн зорилго бол “НАРНЫ ЦИРК”

                                                               Н.МЭРГЭН

Циркийн урлаг бол маш их тэсвэр шаадсан урлаг хүн бүр л мэднэ. Тэр дундаа уран нугаралт бол хувь хүнээс маш их тэвчээр хатуужил шаарддаг урлагийн төрөл билээ. Харин эмэгтэй уран нугараачид л байдаг гэх бидний дунд байдаг хэвшмэл ойлголтыг эвдсэн нэгэн эрхмийг бид энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэр бол Х-roses клубын эрэгтэй уран нугараач МУСТА Н.Мэргэн юм. 

YOLOӨдийн мэнд. Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
Намайг Нямтогтохын Мэргэн гэдэг. Одоо 18 настай. Ам бүл 4-үүлээ амьдардаг. Доороо нэг охин дүүтэй. 2016 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн тэргүүний 50 дугаар сургуулийг төгссөн. X-roses клубын харьяа циркийн жүжигчин. Анх 7 настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэсэн. Одоогоор 11 жил нугарч байна. 

YOLOЭрэгтэй уран нугараач их ховор шүү дээ. Яагаад энэ төрлийг сонгож хичээллэх болсон бэ?
Би анх өөрөө бие даан сонгоогүй юм. Манай ээж аав хоёр маань л энэ урлаг руу хөтлөн оруулсан /Инээв/. Би санадаг юм, 7 настай байхдаа гэртээ А сууж байхад уян хатан  байдлыг минь ээж харчихаад намайг анх циркт шалгуулж байсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл нугарч байна. 

YOLOX-roses клубээс анх гараагаа эхэлж байсан уу. Ер нь хамгийн анхны дугуйлан эсвэл клуб, багшийнхаа талаар яриач.
Би нугарч эхэлсэн цагаасаа хойш X-roses уран нугаралт акробатын төвд хичээллэж байна. Манай багшийг МУСТА Төмөрбаатарын Буд гэдэг. Багш маань бас залуудаа эрэгтэй уран нугараач, тэнцвэрийн жүжигчин байсан. Ганц эрэгтэй шавь нь би. Тийм учраас илүү ойр байдаг даа. 

YOLOГаргасан амжилтуудаасаа дэлгэрэнгүй дурдвал?
• 2013 онд Төрийн соёрхолт Ардын жүжигчин зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу  гуайн нэрэмжит Монголын мэргэжлийн уран нугараачдын анхдугаар тэмцээнээс алтан цом.
• 2015 онд болсон олон улсын фистевалиас Алтан цом
• 2017 онд Дэлхийн Гиннес рекорд тогтоох 420 уран нугараачдын урд гоцлол үзүүлбэр үзүүлж, тэр жилдээ Москва хотод болсон дэлхийн А зэрэглэлийн “IDOL” тэмцээнээс Хүрэл цом
• 2017 онд Дэлхийн А зэрэглэлийн тэмцээн “Chinese International Festival”-аас шилдэг номерийн шагналийг  тус тус авч байсан.

 

 

YOLOОролцож байсан тэмцээн уралдаануудаас чинь хамгийн их сэтгэлд тод үлдсэн, дурсамжтай нь аль нь вэ?
Москва хотод болсон дэлхийн А зэрэглэлийн “IDOL” тэмцээн юм уу даа. Тэр тэмцээн анх удаа зохиогдож байгаа ч маш нэр хүндтэй том тэмцээн байсан нь оролцож байгаа улс орон мөн жүжигчдээс нь харагдаж байсан. Хүрэл цом авсан явдал бол сэтгэлд маш тод үлдэж байсан. Уран нугаралт тэр болгон хүний нүдэн дээр бусад спорт шиг байдаггүй болохоор мэдэх хүн жаахан цөөн байсан байх. Гэхдээ дэлхийн хэмжээний тэмцээнд ороод тийм том шагнал авах нь сайхан бас мартагдахааргүй тод дурсамж үлдээж байсан.

YOLOМонголд гэлтгүй дэлхийд ч эрэгтэй уран нугараачид ховор шүү дээ. Монголчууд тэр тусмаа гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?
Эрэгтэй уран нугараач, тэнцвэрийн жүжигчин гэхэд гадны улс орнууд үнэхээр гайхаж хүлээж авдаг. Түүнийхээ хэрээр ч маш их хүндэлж байгаа нь анзаарагддаг. Монголд бага зэрэг тааламжгүй хүлээж авдаг хандлага надад анзаарагдсан. Учир нь өмнө нь дандаа л эмэгтэй хүн нугараад хүмүүст танигдчихсан учраас эрэгтэй хүн уран нугарахаар “Яагаад эрэгтэй хүн ийм байдаг юм, сонин мэргэжил байна” гэх зэргээр хүлээж авдаг. Гэхдээ бас мэдээж сайнаар хүлээж авч, дэмждэг хүмүүс нь түүнээсээ илүү байдаг.

YOLO17 насандаа МУСТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан байна. Энэ насан дээрээ улсын хүндтэй цол тэмдгээр шагнуулна гэдэг бахархалтай байх. Тэр болгон энэ насан дээр хүмүүсийн аваад байдаггүй шагнал шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Үнэхээр их гайхсан. /инээв/ 2016 оны 12-р сард циркчдийн нэгдсэн шинэ жил болж байхад авч байсан. Тухайн үед юу ч гадарлаагүй баярлаж байхад гэнэт миний нэрийг дуудаад эргээд харахад гавьяат сэтгүүлч Ш.Ёолк гуай миний шагналийг барьчихсан миний нэрийг дуудаж, надад тэмдгийг минь зүүж өгч байсан. Энэ шагнал бол маш их хичээл зүтгэлээр олж авч байсан зүйл минь юм. Мөн багш, гэр бүлийнхний минь хичээл зүтгэл, тэдний дэмжлэг, урам зориг зэрэг нь маш их нөлөөлсөн. Нөгөө талдаа энэнь тэдний минь гавьяа.



YOLOДэлхийд багагүй амжилт гаргасан, Монголын эрэгтэй уран нугараач Э.Лхагва-Очиртой өмнө нь уулзаж байсан уу. Ер нь хүндэлж, үлгэрлэж явдаг уран бүтээлч байдаг уу? 
Э.Лхагва-очир ахтай өмнө нь уулзаж бэлтгэл хийдэг байсан. Хоёр жилийн өмнө буюу 2016 онд циркийн 75 жилийн ойгоор 73 эмэгтэй уран нугараачдын голд бид хоёр 74, 75 дахь уран нугараачид болж тус тусдаа өөрсдийн гоцлол номерийг үзүүлж байсан юм. Хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн бол мэдээж миний багш Т.Буд байна. Багш маань бас залуудаа эрэгтэй уран нугараач байсаны хувьд надад бүх зүйлийг зааж сургаж өгсөн.  

YOLOУран нугаралтаар хичээллэснээс хойш чиний бие бялдраас гадна төлөвшил хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан л даа /Инээв/. Циркт ороод уран нугаралтаар хичээллэсэнээс хойш маш их зүйл сурч авч байсан. Дан ганц нугаралт гэхээсээ илүү амьдралын ухаан төлөвшил гэх зэргээр олон зүйл сурч авсан. Цирк өөрөө маш олон жил, олон цагийн тууштай байдал, маш их хөдөлмөр шаарддаг учраас энэ зүйл одоогийн миний байдалд нөлөөлсөн байх. 

YOLOЯмар нэгэн спортоор хичээллэдэг үү? Уран нугаралтаас өөр хийх дуртай зүйл байдаг уу ?
Мэдээж байдаг. Би дугуй унах их дуртай. Зав чөлөө гарвал л хол замд дугуйн аялал хийх дуртай. Ихэнхдээ алхаж явах эсвэл дугуй унахыг эрмэлздэг. Мөн зураг дарах дуртай. Зураг авах чинь бас их сонирхолтой шүү дээ. Тэр дундаа найзуудынхаа зургийг их авдаг.

 

Тууштай зан бол амжилтын үндэс юм шүү. Аливаа зүйлийг үнэхээр хийхийг хүсч байвал хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүртлээ битгий шантраарай. 

                                                                                                Н.МЭРГЭН

YOLOИрээдүйн зорилго, ойрын төлөвлөгөө болон удахгүй оролцох, тусгайлан бэлдэж буй тэмцээн уралдаан байгаа юу? 
Ойрын төлөвлөгөө гэвэл шинэ номер гаргах талаар төлөвлөж байна. Энэ нь гоцлол нугаралтанд маш их нөлөөтэй байдаг. Байнгын бэлтгэл сургуулилт шаарддаг учраас бэлтгэлээ илүү үр дүнтэй хийж илүү их зүйл сурах бодолтой байна. Бас удахгүй нэг том тэмцээнд оролцох бодолтой байна. Түүнийхээ талаар ярих арай болоогүй байна. Мэдээж ирээдүйн зорилго бол “Нарны цирк”. Дэлхийн шилдгүүд л тэнд байдаг учраас үүний төлөө том зорилго тавьж байна.

YOLOӨсвөр үеийн хүүхдүүд мэргэжил сонголтон дээрээ их анхаарах болсон. Та нугаралтаас гадна сурдаг уу? Ер нь нугаралтаас гадна ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
Хэрвээ би нугардаггүй байсан бол кино найруулагч эсвэл жүжигчин болох байсан байх. Бага байхаасаа л кино үзэх их сонирхолтой хүүхэд байсан. Түүнийхээ дагуу 2016 онд СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд кино найруулагчийн ангид элсэн суралцаж байсан. Нэг талаараа миний мөрөөдөл биелсэн. Учир нь би одоо циркийн жүжигчин болсон шүү дээ.

YOLOӨөрийн тань харьяалагддаг X-roses клубынхээ талаар бага зэрэг мэдээлэл өгвөл?
Манай X-roses клуб МУСТА Төмөрбаатарын Буд багшийн удирдлаган дор дан ганц уран нугаралт бус акробатын төрлөөр хичээллэдэг. Байгуулагдаад одоогоор 13 жил болж байна. 6 наснаас дээш насны хүүхдүүд суралцах боломжтой. Уран бүтээлчид нь дэлхийн олон уралдаан тэмцээнүүдэд маш амжилттай оролцдог. Одоогоор 30 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. 

YOLOЯрилцлагынхаа төгсгөлд өсвөр насны хүүхдүүд үе тэнгийхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
Миний анзаарснаар үеийн маань хүүхэд залуус нэг зүйлээс их амархан шантардаг болсон. “Энэ л яг МИНИЙ МӨРӨӨДӨЛ, би үүнийг л хийхийг хүсч байна” гэж хэлдэг хэр нь түүнийхээ төлөө хичээдэггүй зангаасаа болж их амархан шантрах байдал ажиглагдсан. Үүнд би их сэтгэл гонсойдог. Тиймээс уншигчиддаа тууштай зан бол амжилтын үндэс юм шүү. Аливаа зүйлийг үнэхээр хийхийг хүсч байвал хүч хөдөлмөр хичээл зүтгэлгүйгээр тэр зүйл чамд ирэхгүй ээ. Тиймээс хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүртлээ битгий шантраарай гэж хэлье.

YOLOЦаг гарган бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Цааш цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье.
За баярлалаа. 

 

#Circus #Interview