"Би найзтай болмоор байна, яах вэ?"


Сондор | YOLO.MN
2017-03-16

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би найзтай болмоор байна, яах вэ?

Хүүхдүүд найзтайгаа хамт байгааг харах надад маш атаархмаар сэтгэгдэл төрүүлдэг. Би ч мөн тэдэнтэй адил найз нөхөдтэй болж, цагийг хамтдаа зугаатай өнгөрөөмөөр байна. 15 настай С...

Сайн байна уу? Намайг С гэдэг. 15 настай эрэгтэй

Би айлын  ганц хүүхэд. Ганцаараа өссөн болоод ч тэр үү би их зожигдуу нэгэн. Харин энэ зан минь найзтай болох гэсэн хүслийг минь үгүй хийх юм. Хүүхэд бүр л найзтай, тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж байхад анги дээрээ ер нь хаана ч би ганцаараа л сууж, ганцаараа л цагийг өнгөрөөх юм. Ээж аав маань хүртэл найзтай болж, гадуур гаран цагийг өнгөрөөгөөч гэж хэлдэг. Гэвч би хэрхэн найзтай болохоо мэдэхгүй юм. Би тийм ч царайлаг биш л дээ. Түүнээс ч болдог юм уу бүү мэд хүмүүс надтай харьцахдаа дургүй байх шиг санагдаад байдаг. Мөн хэн нэгэнтэй юм ярих гэхээр л яагаад ч юм ээрч түгдчиж, сандраад ярьж чаддаггүй. Хүүхдүүд найзтайгаа хамт байгааг харах надад маш атаархмаар сэтгэгдэл төрүүлдэг. Би ч мөн тэдэнтэй адил найз нөхөдтэй болж, цагийг хамтдаа зугаатай өнгөрөөмөөр байна. Гэрт байгаа Рекси нохой минь л миний найз болж байна даа. Гэхдээ надад дөрвөн хөлтэй биш хоёр хөлтэй найз хэрэгтэй байна. Надад туслаач.

Зөвлөгөө: Өөрийгөө гололгүй сургалт, дугуйлан, дамжаанд явж өөрийн үеийн хүүхдүүдтэй харилцаарай

Гэхдээ ингэж айж суусаар сурагч насаа дуусгах уу, эсвэл айдсаа дараад хүмүүсийн дунд биеэ авч явахдаа төвөггүй болоход суралцах уу гэдгээ сайн бодоод сонголтоо хийгээрэй. Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

Айлын ганц хүүхдүүдийн хувьд тохиолддог нэг хэцүү асуудал мөн л чамд тохиолджээ. Энэ бол харилцаан дээр эв дүйгээ олохгүй байх явдал. Ах эгч, эсвэл дүү байхгүй учраас үеийн хүүхдүүдтэй хэрхэн харилцах тал дээр бага зэрэг хэцүү байдаг. Гэхдээ энэ байдлаас гарах арга бий. Энэ бол өөрийгөө гололгүй сургалт, дугуйлан, дамжаанд явж өөрийн үеийн хүүхдүүдтэй харилцаж туршлага суух явдал юм.

Би таалагдахгүй бол яах вэ гэдэг айдас хүн бүрт тулгардаг. Гэхдээ ингэж айж суусаар сурагч насаа дуусгах уу, эсвэл айдсаа дараад хүмүүсийн дунд биеэ авч явахдаа төвөггүй болоход суралцах уу гэдгээ сайн бодоод сонголтоо хийгээрэй. Ингэж олон хүмүүсийн дунд орж “нүүр хагарах” нь цаашид харилцааны зөв чадвартай болох ганц гарц. Үүний дээр сургалт, дугуйланд хамрагдсанаар өөрт байгаа чадвар, авъяасаа нээх боломж бөгөөд сайн шатар тоглодог, сайн хөгжим дардаг, магадгүй сайн спортын тамирчин бол хүүхдүүд чамтай найзлахдаа харин ч дуртай байх болно.

 
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Асуудал #Ганцаардал #Найз