"ТӨГСӨЛТИЙН БАЯРААР түүнд СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛБЭЛ тэр надаас улам холдчих болов уу?"


ССҮТөв | YOLO.MN
2018-05-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнд тохирох, хангалттай сайн байж чадах хүн биш гэж бодож байна

Яг бодож үзэхэд, би энэ жилүүдэд дан үйлдлээрээ л сайн гэдгээ илэрхийлж байснаас нэг ч удаа, бүр нэг ч шүү, өөрийн амаар сайн гэдгээ хэлж байгаагүй юм.

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо төгсөх ангийн охин. Бусад төгсөгчидтэй л адил зав зайгүй хичээл номоо хийж ганцаараа байх цагаа үр дүнтэй, олуулаа байх үеэ аль болох дурсамжтай өнгөрүүлэхийг л хичээж явна. Гэхдээ 12-р ангид орсноос хойш толгойг минь гашилгаж буй өөр нэг асуудал байна.

Юу вэ гэхээр, би анх 7-р ангидаа нэгэн хөвгүүнд сайн болж байсан юм. Тухайн үедээ түүнд сайн болсноо өөрөө ч мэдээгүй л дээ хэхэ. Тэр үед манай ангиар нэг намайг түүнд сайн гэх яриа тарсан байсан юм. Тэр явдлаас хойш нөгөө хүн маань бүүр надаас дөлж, зугтаах болсон. Магадгүй тэр надад дургүй байх, би тэгж л боддог. Хамгийн хэцүү нь одоо болтол...бүтэн 6 жил ерөөсөө энэ сэтгэлээсээ салж чадахгүй байна. Би түүнд үнэхээр хайртай юм байна лээ. Гэсэн ч би түүнд тохирох, хангалттай сайн байж чадах хүн биш гэж бодож байна. 

Яг бодож үзэхэд, би энэ жилүүдэд дан үйлдлээрээ л сайн гэдгээ илэрхийлж байснаас нэг ч удаа, бүр нэг ч шүү, өөрийн амаар сайн гэдгээ хэлж байгаагүй юм. 

Одоо зам мөр салж, төгсөх цаг ойртсоор байна. Би түүнд төгсөхөөсөө өмнө сайн байсан гэдгээ одоо ч хэвээрээ гэдгээ хэлсэн нь дээр болов уу? Тэгвэл бүүр улам холдуулчих юм биш байгаа? Гэхдээ юу ч хэлэхгүй төгсөөд явчихвал хожим нь "хэлдэг байж" гэх харуусал үлдэх юм биш байгаа? Би яах вэ? Ерөөсөө л айж байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Чамд анхаарал хандуулах өөр олон чухал зүйлс байна шүү дээ

Зөвхөн сүүлд харамсахгүйн тулд уу эсвэл түүний ямар хариу өгөхөд анхаарч байна уу?

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө түүнд тохирох хангалттай сайн биш мөн тэр надад дургүй байх гэсэн байна. Энэ нь үнэн ч байж болно, эсвэл зөвхөн чи л ингэж бодож байж болно. Гэхдээ аль ч тохиолдолд “Би түүнд тохирохоор хангалттай сайн биш” гэж бодохын оронд аль талаараа хангалттай сайн биш байна, үүнийг хөгжүүлэх боломжтой байна уу гэж хандвал илүү үр дүнтэй байна шүү дээ.

Чи хэрвээ сайн гэдгээ хэлвэл эргээд ямар ч хариу үйлдэл ирсэн зөвөөр хүлээж авч чадах уу? Мөн яг ямар хүлээлттэй хэлж байна вэ? Зөвхөн сүүлд харамсахгүйн тулд уу эсвэл түүний ямар хариу өгөхөд анхаарч байна уу? гэдгээ тодорхой болгочихоод шийдвэрээ гаргаарай. Тэгвэл дараа нь ойлгомжгүй, харамсмаар байдал үүсэхгүй шүү дээ.

Мөн сургуулиа төгсөх гэж байгаад нь баяр хүргэе. Чамд анхаарал хандуулах өөр олон чухал зүйлс байна шүү дээ. Чамд амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Graduation ceremony #Heart