Өнгөрсөн онд нээлтээ хийсэн 10 шилдэг аймшгийн кино


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-04-17

Найзуудтайгаа хамт нэг оройг сонирхолтой өнгөрөөх гээд идэж уух зүйлээ бэлдсэн ч үзэх адал явдалтай, гоё кино олдохгүй байна уу? Тэгвэл энэ удаа бид та бүхэндээ өнгөрсөн онд нээлтээ хийсэн 10 шилдэг аймшгийн киног танилцуулж байна. 

1.Things Heard & Seen

Энэхүү кино нь 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд Netflix дээр нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд нь бид бүхний сайн мэдэх “Mean Girls” киноны Karen Smith-ийн дүрээр олонд танигдсан жүжигчин Amanda Seyfried тогложээ. 

Үйл явдал: Урлагийн бүтээлийг сэргээн засварлагч Catherine болон түүний нөхөр George нар Нью-Йорк хотын ойролцоо нэгэн хуучны байшинд нүүж ирнэ. Гэвч удалгүй тэд хачин жигтэй зүйл сонсож, харж эхэлснээр тэрхүү байшинд нүүж ирэх хэрэггүй байсан гэдгийг ухаарна. 

2.Spiral: From the Book of Saw 

Үйл явдал: Мөрдөгч Zeke Banks болон түүний хамтрагч William Schenk нар нэгэн нууцлаг, цуврал аллагын хэргийг мөрдөнө. Хэдий тэдэнд хэргийг шийдвэрлэж байгаа мэт санагддаг ч, өөрсдөө алуурчны ээлжит тоглоомын тоглогчид болсноо анзаардаггүй. Хэргийг улам гүн мөрдөх тусам алуурчны тоглоомонд илүү гүнзгий орж байлаа. 

3.A Quiet Place Part II

2018 онд нээлтээ хийж үзэгчдийг байлдан дагуулсан “A Quiet Place” киноны хоёрдугаар анги болох тус кино нь 2021 оны тавдугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болжээ. 

Үйл явдал: Амь өрссөн аймшигт үйл явдлуудыг даван туулсны дараа Abbott-ын гэр бүл гадаад ертөнцтэй эргэн нүүр тулах ёстой болжээ. Мэдээж чимээ гаргахгүй байж дуу чимээгээр ангуучилдаг араатнаас зугтах дүрэм үйлчлэх хэдий ч тэднийг энэ удаад илүү их аюул хүлээж байна. 

4.The Conjuring: The Devil Made Me Do It 

The Conjuring франчайзын ээлжит кино болох “The Conjuring: The Devil Made Me Do It” нь 2021 оны тавдугаар сарын 26-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон билээ. 

Үйл явдал: 1981 онд АНУ-д анх удаа хүн амины хэргийн сэжигтэн чөтгөрт эзэмдүүлсэн тохиолдол гарсан бөгөөд Ed болон Lorraine Warren нар уг хэргийг судална. Тэд залуу хүүгийн сүнсийг буцаан авахаар тэмцэхээс гадна өмнө нь ямар ч судлаачид, хүмүүсийн төсөөлөөгүй зүйлтэй нүүр тулна. 

5.The Forever Purge 

“The Purge” цувралын тав дахь буюу хамгийн сүүлийн анги болох “The Forever Purge” кино 2021 оны долдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн бөгөөд тус киноны гол дүрүүдэд Ana de la Reguera, Tenoch Huerta, Josh Lucas зэрэг жүжигчид тогложээ. 

Үйл явдал:  2048 оны их цэвэрлэгээний дараа Adela, Juan нар Мексикийн хар тамхи наймаалагч бүлэглэлээс зугтан Техаст ирнэ. Техаст ирээд амар тайван амьдарна гэж бодсон ч Техасын хүмүүс цэвэрлэгээний өдрийг дуусгахыг хүссэнгүй,  харин ч дуусахгүй үүрд үргэлжлэх ёстой хэмээн бодож байлаа. 

6.The Power 

Үйл явдал: 1974 он, сувилагч болохоор бэлтгэгдэж буй охин Val  Зүүн Лондонгийн Хааны эмнэлэгт ажиллахдаа санаанд оромгүй зүйлстэй учрах бөгөөд түүнийг ангуучлах чөтгөрийн хүчийг ялахын тулд тэрээр өөрийн бага насны айдастайгаа дахин нүүр тулахаас өөр аргагүй болно. 

7.Oxygen 

Тус кино нь Францын шинжлэх ухаан, аймшиг хосолсон кино бөгөөд өнгөрсөэ оны тавдугаар сард Netflix-д цацагджээ. 

Үйл явдал:  Liz Hansen гэх эмэгтэй нэгэн жижигхэн өрөөнд сэрэх бөгөөд өөрийгөө яг хаана байгааг,  хэдэн он гэдгийг тэр ч бүү хэл энэ өрөөнд хэрхэн яаж орсноо гээд юуг ч санахгүй. Харин өрөөний хүчил төрөгчийн хэмжээ цаг минут өнгөрөх тусам багасах ба тэрээр энэ өрөөнөөс гарахын тулд өөрийн ой санамжаа сэргээх шаардлага гарна. 

8.The Djinn

Үйл явдал:  Сонсголын бэрхшээлтэй хүү Dylan аавтайгаа шинэ байранд нүүж орно. Тэрхүү байрнаасаа нэгэн тоосонд дарагдсан толь болон хүсэл биелүүлэгч “Djinn” хэмээх сүнсийг хэрхэн дуудах тухай хуучин ном олох бөгөөд гэртээ ганцаараа үлдэхдээ тэрхүү сүнсийг дуудахаар шийднэ. Гэвч хүүгийн дуудсан сүнс түүний бодсон шиг байсангүй, хүү чөтгөрийн урхинд орно. 

9.Don’t Breathe 2

2016 онд үзэгчдийн хүртээл болж нэлээд шуугиан тарьсан “Don’t Breathe” киноны дараагийн анги бөгөөд үзэгчдийн хүлээлтийг дуусгавар болгож энэхүү кино 2021 оны наймдугаар сарын 13-нд нээлтээ хийсэн. 

Үйл явдал:  Эхний ангийн үйл явдлын дараа, сохор эр хэдэн жилийн турш өнчин охинтойгоо хамт амгалан тайван амьдарч байсан ч нэгэн өдөр бүлэг хүмүүс охиныг хулгайлснаар тэрхүү амар амгалан амьдрал үгүй болно. 

10.The Night House 

Үйл явдал:  Beth-ийн нөхөр Owen өөрийн амиа егүүтгэнэ. Гэвч удалгүй цустай хөлийн мөр, хий юмс зэрэг нууцлаг зүйлүүд гэрт нь харагдаж эхэлснээр Beth нөхрийнхөө хуучин амьдралыг судалж, нууцыг нь олж мэдэхийг хичээнэ. 

Эх сурвалж: Cosmopolitan 

#Кино урлаг