А.Одонтуяа: Охидод СЭТГЭЛИЙН ДЭМ, ХАЙР ХАЛАМЖ л маш их хэрэгтэй байдаг


Бидэнд ардчиллын зарчмаар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг энэ нийгмийн хамгийн чухал зүйлийн нэг гэж би боддог. Харин өнөөгийн өсвөр насны хүүхэд, залуус маань энэхүү эрхээ утга учиртай, үнэ цэнэтэй байлгах үүднээс олон улсын түвшинд, дэлхийд дуу хоолойгоо хүргэх боломжуудыг эрэлхийлдэг болжээ.

Хэрэв бидэнд асуудал тулгарвал, тэр нь мөн бусдад ч тулгардаг асуудал болохыг мэдвэл, байдаг л зүйл гээд орхилгүй, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх, асуудалд шийдэл хайхыг эрмэлзэх хүсэлтэй, тэмүүлэлтэй Улаанбаатар Эмпати сургуулийн төгсөн ангийн сурагч Алтансүхийн Одонтуяа шиг хүүхдүүд олон болоосой хэмээн энэ ярилцлагаа хүргэж байна.

YOLO: Өнгөрсөн жил оролцсон тэмцээний чинь талаар ярилцлагаа эхэлье?
- 2017 оны 11-р сард оролцсон тэмцээн маань БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургууль (Ewha Womans University), НҮБ-ын анхны бүс нутгийн эдийн засгийн байгууллага (ESCAP) болон Азийн сан зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан “Олон улсын охидын эрүүл мэндийн судалгаа, тайлан”-гийн тэмцээн юм. 

Би С.Гэрэлсүрэн, А.Мишээл хоёр найзтайгаа “Монголын өсвөр насны охидын сэтгэцийн эрүүл мэнд”-ийн талаар 200 гаруй охидын хүрээнд судалгаа хийж, 11-р сарын 14-нд БНСУ-д Эва Эмэгтэйчүүдийн Их сургуулийн байранд судалгааны ажлаа танилцуулж, илтгэл тавьсан. 

Уг тэмцээнд Америк, Солонгос, Индонез, Камбож, Малайз гэх мэтчилэн 12 өөр орноос ирсэн оюутан, сурагч нар өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлэхээр багаар болон хувиараа оролцохоор хүрэлцэн ирсэн байсан.

YOLO: Тавьсан илтгэлийн чинь сэдэв юу байв, ямар асуудал хөндөхийг зорьсон бэ?
- 2015 онд НҮБ-ын Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас явуулсан олон улсын сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл гутралын талаарх судалгаанд Монгол улс дэлхийд амиа хорлолтоороо 28,1%-тай буюу гуравдугаар байранд жагссан байсан. Зөвхөн судалгаа ч гэлтгүй ойрын жилүүдэд олон нийтийн сүлжээгээр өсвөр насны охидын амиа хорлолтын талаарх харамсалтай мэдээлэл гарах нь харьцангуй ихэссэн шүү дээ. Тиймээс энэхүү судалгаагаараа үүний учир шалтгааныг олж тодорхойлон, өсвөр насны охидод дэмжлэг үзүүлэх, зоригжуулах боломж, шийдлүүдийг олохоор зорьсон.




Гаднаа инээгээд явж байдаг найзууд маань сэтгэл дотроо гутарч, амиа хорлох талаар бодож аль эсвэл өөрийгөө гэмтээх үйлдлүүдийг хийсэн байдаг нь ховор биш.

А.Одонтуяа

YOLO: Яагаад заавал энэ сэдвийг сонгох болсон юм бэ?
- Мэдээж энэ сэдэв бол бидний хэн бүгдэд маш ойр сэдэв. Гаднаа инээгээд явж байдаг найзууд маань сэтгэл дотроо гутарч, амиа хорлох талаар бодож аль эсвэл өөрийгөө гэмтээх үйлдлүүдийг хийсэн байдаг нь ховор биш. Цахим ертөнцөөр түгээгдэж буй энэ гунигтай явдлууд биднээс хол биш, маш ойрхон, дотны найзуудад минь ч дотроо шаналж явдаг зүйл нь амиа эрсдүүлэх сэдэл өгөх вий гэж санаа зовох болсон. Түүнээс хойш найзуудтайгаа аль болох илэн далангүй байж, бие биедээ чадах зөвлөгөөгөө өгдөг байсан л даа. Харин энэ тэмцээн надад өөрийн үзэл бодлоо илүү олон баримт жишээтэйгээр, олон улсын түвшинд илэрхийлэх боломж олгосон.

YOLO: Манай улсад охидод тулгамдаж байгаа хамгийн нэн тэргүүний асуудлыг юу гэж боддог вэ?
- Миний бодлоор ойрын жилүүдэд манай улсад хотжилт ихсэж байгаатай холбогдуулан, ядуурал, түгжрэл, хотын стресс ч нэмэгдэж үүний хажуугаар эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй. Аль хэдийн биеэ даасан, том болсон гэж үзээд орхичихдог юм шиг санагддаг. Гэвч үнэндээ бидэнд сэтгэлийн дэм, хайр халамж маш их хэрэгтэй байдаг. Энэ бодол минь ч судалгааны дүнтэй таарч, ихэнх охидын сэтгэл гутрал, амиа хорлох сэдэл ганцаардал болон ялгаварлан гадуурхалтаас шалтгаалж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

YOLO: Өмнө нь охидын эрхийн талаарх тэмцээн уралдаанд оролцож байв уу?
- Үгүй ээ. Энэ анхны маань тэмцээн байсан. Өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхээс гадна олон орны охидын судалгааг сонсож, дэлхийн өөр улс орнуудын охидод ямар асуудал тулгардаг болон түүнд хэрхэн шийдэл олсныг сонсох хаана ч хуримтлуулах боломжгүй гайхалтай туршлага байсан.


Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ аль хэдийнэ биеэ даасан, том болсон гэж үзээд анхаарал тавилгүй орхичихдог.

А.Одонтуяа

YOLO: Монгол улсын охидын эрүүл мэндийн талаарх ойлголт, тулгамдаж байгаа асуудлаараа олон улсад аль түвшинд байгаа юм шиг санагдав?
- Бусад улс орнууд ихэвчлэн бэлгийн эрүүл мэнд, өсвөр насны жирэмслэлт болон охидын ариун цэврийн талаарх асуудлыг ихэвчлэн хөндсөн байсан нь манай улсад ч гэсэн түгээмэл тохиолддог нь юм.

YOLO: Монгол улс охидынхоо төлөө ялангуяа эрүүл мэндийн боловсролд нь ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна вэ?
- Өсвөр насны охидод хамгийн ихээр нөлөөлдөг хүмүүс нь дотны найз нөхөд байдаг. Тиймээс охид хүнд цаг үе тулгарахад аав ээжээсээ илүү найз нөхдөөсөө зөвлөгөө авахад нь үнэ цэнэтэй, зөв зөвлөгөө өгөх найз нөхөд хэрэгтэй учраас өсвөрийн зөвлөгчдийг бэлтгэх нь үр дүнтэй аргуудын нэг болов уу гэж бодож байна. Мөн багш, аав ээжүүдэд ч гэсэн өсвөр насныхантай харилцаж, ойлголцох талаар лекц, өдөрлөгүүд зохион байгуулж хэн хэн нь нэг нэгнийгээ ойлгож, хүндлэх нь чухал.

YOLO: Энэ тэмцээн жил бүр зохион байгуулагддаг уу? Оролцмоор байгаа охидод зориулж хэрхэн илтгэлээ бичих, судалгаа хийх, яагаад заавал энэ тэмцээнд оролцох ёстойг уриалсан зөвлөгөө өгөөч?
- Энэ тэмцээнд оролцсоноор өөртөө итгэх итгэл болон ирээдүйд алхах замаа илүү тодорхой болгосон юм шиг санагддаг. Мөн энэ тэмцээн нь жил бүр зохион байгуулагдаад зогсохгүй хөгжиж буй орны оролцогчдынхоо нислэг, байр, хоолны зардлыг даасан нь энэ тэмцээнд оролцохыг хүссэн сурагч, оюутан бүрд боломж байгаа гэдгийг хэлмээр байна.

Хэрвээ энэхүү тэмцээнд энэ жил оролцохыг 2016 International Girls' Health Student Writing Competition хүсвэл энэ хуудсаар мэдээлэл аваарай. 

YOLO: Ярилцсанд маш их баярлалаа.
- Энэ ярилцлагыг өгч, өөрийнхөө үзэл бодлыг олон уншигч нартай хуваалцах боломж олгосонд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье ээ!


Өсвөр насны охидод хамгийн ихээр нөлөөлдөг хүмүүс нь дотны найзууд нь байдаг.

А.Одонтуяа

#Interview #Mongolia