Хөлбөмбөгчин Роналдиньо зодог тайллаа


Бразиль гаралтай алдарт хөлбөмбөгчин, тус улсын шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Рональдо де Ассес Морейра (Ronaldo de Assis Moreira) албан ёсоор зодог тайлснаа мэдэгдлээ. 

1980 оны гуравдугаар сарын 21-нд Бразилын Порто Алегред төрсөн, өдгөө 37 настай тэрбээр Рональдиньо Бразилийн "Гремио", "Фламенго", "Атлетико Минейро", "Флуминенсе", Францын "Пари Сен-Жермен", Испанийн "Барселона", Италийн "Милан", Мексикийн "Керетаро" багуудад тоглож байсан юм. 

2003-2008 онд "Барселона" багт байхдаа тэрбээр Европын аваргуудын лигт түрүүлж, Испанийн хоёр удаагийн аварга, супер цомын эзэн болж байсан бол "Милан" багт байхдаа Италийн аварга болж байсан юм. 

Мөн тэрбээр 2005 онд "Алтан бөмбөг" шагналын эзэн болж, 2004, 2005 онд ОУХХ-ны оны шилдэг тоглогчоор шалгарч байлаа. 2002 онд Бразилийн шигшээ багт байхдаа Рональдино дэлхийн аварга болж байсан юм. Үндэсний шигшээ багтаа тэрбээр нийт 97 тоглолтод оролцож, 33 бөмбөг оруулж байжээ. 

Харин хөл бөмбөгийнхөө замналын хугацаанд нийт 513 тоглолтод оролцож, 190 бөмбөг оруулж байлаа. Рональдиногийн ах, түүний менежер Роберто Ассис саяхан орон нутгийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний дүү хөл бөмбөгчний замналаа өндөрлөж байна. Түүний хувьд өнгөрсөн бүх зүйлд сэтгэл хангалуун байгаа. Хүрэхийг зорьсон амжилтууддаа хүрсэн. Одоо тэр амралтын тухай бодож байна. Гэхдээ дараа нь юу болохыг удахгүй та нар мэдэх болно.

Энэ жилийн ДАШТ-ний дараа бид түүнд зориулж нэгэн онцгой арга хэмжээ зохионо. Бразил, Европ болон Азид янз бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Мэдээж Бразилийн шигшээ багийг оролцуулсан тоглолт ч зохион байгуулна" хэмээжээ. 

Ирээдүйд Рональдино юу хийхийг хэн ч тааварлашгүй байна. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнийг Бразилийн улс төрийн намын гишүүн болж, улс төрт карьер хөөнө гэх мэдээлэл цацагдаад байв. Гэхдээ Рональдино өнөөг хүртэл баттай мэдэгдэл хийгээгүй байна. 




#Football #Soccer #FIFA