2020 онд “Billboard”-ийн жагсаалтыг тэргүүлсэн ШИЛДЭГ дуунууд


Миау | YOLO.MN
2020-12-22

“Billboard”-ийн шилдэг 100 жагсаалт нь олны анхаарлыг татсан дуунуудыг шалгаруулдаг хамгийн найдвартай жагсаалт гэдгээрээ алдартай билээ. Өмнөх онд нийт 15 сингл уран бүтээл уг жагсаалтыг тэргүүлсэн бол энэ жилийн хувьд 22 уран бүтээл тэргүүлжээ. 

Ингээд энэ онд ямар дуунууд хит болж шилдэг 100 жагсаалтыг тэргүүлснийг эргэн нэг санацгаая. 

1. MARIAH CAREY - ALL I WANT FOR CHRISTMAS IS YOU

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 2

Тайлбар: Анх цацагдсанаасаа хойш өдийг хүртэл жил бүрийн Шинэ жил, Зул сарын баяраар тасралтгүй эгшиглэдэг All I Want for Christmas Is You дуу энэ жилийн хамгийн эхний долоо хоног болон өнгөрсөн долоо хоногт “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлжээ. 

Хамгийн сонирхолтой нь энэ дууны клипний зураг авалтыг өвлийн улиралд биш, зуны наймдугаар сард хийж байжээ. Өдгөө 26 нас хүрч буй энэхүү уран бүтээл цаашид ч бидний сэтгэлийг дулаацуулсаар байна байх. 

2. POST MALONE - CIRCLES

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: 2021 оны Грэмми хөгжмийн наадмын “Оны шилдэг дуу бичлэг” төрөлд нэр дэвшсэн энэхүү дуу “Billboard”-ийн жагсаалтад нийт 60 долоо хоногийн турш бичигдсэнээс нэг долоо хоногт нь тэргүүлжээ. 

3. RODDY RICCH - THE BOX

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 11

Тайлбар: АНУ-ын Калифорни мужийн Комптон хотоос гаралтай реппэр Roddy Ricch энэ жил тун амжилттай ажиллаж байгаа. Тэрээр “Шилдэг 100” жагсаалтыг 11 долоо хоногийн турш тэргүүлснээр энэ жил уг жагсаалтыг хамгийн удаан хугацааны турш тэргүүлсэн алдартнаар тодорчээ. 

Roddy “Racks In The Middle” уран бүтээлээрээ энэ жилийн Грэмми наадмын “Шилдэг реп үзүүлбэр” төрөлд ялалт байгуулан хамгийн анхны Грэммигээ гардан авсан. Үүнээс гадна тэрээр Forbes сэтгүүлийн 2020 оны хөгжмийн салбарын “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан юм. Энэ жил түүний хувьд үнэхээр амжилт бүтээлээр дүүрэн байв.

4. THE WEEKND - BLINDING LIGHTS 

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 4

Тайлбар: Сүүлийн 10 гаруй жилийн турш залуус бидний сонорыг чанартай дуунуудаараа мялааж яваа R&B дуучин The Weeknd энэ жил “After Hours” цомгоо гаргасан билээ. Цоо шинэ өнгө аяс, хэв маяг бүхий уг цомгийн “Blinding Lights” уран бүтээл “Шилдэг 100” жагсаалтыг бүтэн дөрвөн долоо хоногийн турш тэргүүлсэн. 

Түүний уран бүтээлүүд хөгжмийн олон чартуудыг тэргүүлж, сонсогчдоос магтаал сайшаалыг харамгүй хүртсэн ч харамсалтай нь 2021 оны Грэмми наадмын ямар ч төрөлд нэр дэвшиж чадаагүй юм. Тэрээр энэ тухайд ихэд бухимдан, Инстаграм хуудсаараа тус наадмын зохион байгуулагчдад үг хэлээд амжсан билээ.

5. DRAKE - TOOSIE SLIDE

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Реппэр Drake-ийн гаргасан дуу бүхэн хит болж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Хэдийгээр түүний “Toosie Slide” дуу энэхүү жагсаалтыг ердөө ганцхан долоо хоногийн турш тэргүүлсэн ч TikTok сүлжээнд #ToosieSlideChallenge хэмээх challenge хүртэл үүсээд амжсан юм. Мөн уг дуу TikTok сүлжээнд ердөө гурав хоногийн дотор нэг тэрбум хандалт авснаар тус сүлжээнд хамгийн богино хугацаанд энэ хэмжээний хандалтыг авсан дуу болжээ. 

Тэрээр 2021 оны Грэмми наадамд “Laugh Now Cry Later” дуугаараа “Шилдэг реп дуу”, “Шилдэг реп үзүүлбэр” төрөлд, “Life Is Good” дуугаараа “Шилдэг клип” төрөлд нэр дэвшсэн байна.

6. TRAVI$ SCOTT AND KID CUDI - THE SCOTTS

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Реппэр Travi$ Scott, KiD CuDi нарын хамтарсан “The Scotts” дуу “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг долоо хоногийн туршид тэргүүлжээ. Тэдний хоёулангийнх нь нэрэнд Scott хэмээх нэр багтдаг тул дуугаа ийн нэрлэсэн болов уу. /KiD CuDi-гийн жинхэнэ нэрийг Scott Ramon Seguro Mescudi гэдэг билээ./

Энэ жил Travi$ “Fortnite” тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулсан бөгөөд тус тоглолтоос 20 сая ам.долларын ашиг олжээ. 

7. DOJA CAT - SAY SO FT. NICKI MINAJ

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: R&B дуучин Doja Cat яах аргагүй энэ оны шилдэг уран бүтээлч байлаа. Тэрээр өнгөрсөн онд “Hot Pink” хэмээх цомгоо гаргасан бөгөөд цомгийн гол дуу “Say So” нь энэ жил хит болж чадсан юм. TikTok сүлжээний нэгэн хэрэглэгч энэхүү дуун дээр бүжиглэсэн бичлэгээ өөрийн хуудаснаа байршуулснаар уг дуу зөвхөн TikTok гэлтгүй бүхий л сүлжээнд алдаршиж эхэлсэн юм. “Say So” дуу хит болсныг батлах бас нэгэн баталгаа нь энэхүү дууны япон болон солонгос хувилбарууд гарсан явдал билээ. 

Харин “Say So” дууны реппэр Nicki Minaj-тай хамтарсан ремикс хувилбар нь энэ жил “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг нэг долоо хоногийн туршид тэргүүлжээ. 

Doja Cat-ийн хувьд Forbes сэтгүүлийн энэ оны хөгжмийн салбарын “30 хүртэлх 30” жагсаалтад багтсаныг дурдах нь зүйтэй байх.

8. ARIANA GRANDE - STUCK WITH U FT. JUSTIN BIEBER

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Хэдийгээр дуучин Justin Bieber болон Ariana Grande нар хамтдаа аялан тоглолт хийж, олон ч тайзнаа хамт үзүүлбэр үзүүлж байсан ч албан ёсоор хамтран дуулсан анхны дуу нь “Stuck with U” юм. Тус уран бүтээл “Шилдэг 100” жагсаалтыг тэргүүлснээр дуучин Ariana нэг хуанлийн жилд уг жагсаалтыг гурван удаа тэргүүлсэн анхны уран бүтээлч болсон билээ. 

Үүнээс гадна тэрээр клипэнд нь өөрийн найз залуу Dalton Gomez-оо анх удаа "танилцуулсан". Хосууд өчигдөр сүй тавьсан тухайгаа зарласан билээ. 

9. MEGAN THEE STALLION - SAVAGE FT. BEYONCE

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: 2020 он реппэр Meghan Thee Stallion-ий жил байсан гэж хэлж болно. Түүний хоёр ч уран бүтээл энэ жил “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлээд байгаа юм. Сонирхуулан хэлэхэд энэхүү уран бүтээл АНУ-ын Ерөнхийлөгч асан Barack Obama-гийн энэ жилийн шилдэг дууны жагсаалтад багтсан билээ. 

10. LADY GAGA - RAIN ON ME FT. ARIANA GRANDE

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Дуучин Lady Gaga өнгөрсөн тавдугаар сард студийн зургаа дахь цомог “Chromatica”-гаа цацсан бөгөөд үүнд дуучин Elton John, Ariana Grande, Blackpink хамтлагтай хамтарсан нь олны анхаарлыг ихэд татсан юм. Үүнээс дуучин Ariana Grande-тэй хамтарсан "Rain on Me" дуу нь “Billboard”-ийн шилдэг 100 жагсаалтыг нэг долоо хоногийн хугацаанд тэргүүлсэн байна. 

11. DABABY - ROCKSTAR FT. RODDY RICH

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 7

Тайлбар: Залуу реппэр Roddy Ricch “The Box” дуугаараа уг жагсаалтыг 11 долоо хоногийн турш тэргүүлсэн бол “Rockstar” хэмээх уран бүтээлээрээ 7 долоо хоногийн турш тэргүүлжээ. Энэхүү дуу нь реппэр DaBaby-гийн “Blame It on Baby” цомгийн нэгэн хэсэг юм. 

Тэрээр өнгөрсөн зургадугаар сард уг дууныхаа “BLM Remix” хувилбар буюу #BlackLivesMatter хөдөлгөөнд зориулсан хувилбараа цацсан нь олон хүнд хүрч чадсан билээ. Dababy энэ бүтээлээрээ 2021 оны Грэмми наадмын “Шилдэг дуу бичлэг”, “Шилдэг реп дуу”, “Шилдэг аялгуулаг реп үзүүлбэр” төрөлд нэр дэвшээд буй юм.

12. 6IX9INE - TROLLZ FT. NICKI MINAJ

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Реппэр 6ix9ine, Nicki Minaj нарын гурав дахь хамтрал болох “Trollz” дуу жагсаалтыг нэг долоо хоногийн турш тэргүүлжээ. Гэсэн ч дараагийн долоо хоногт нь жагсаалтын 34 дэх байр луу ухарснаар “Billboard” чартын түүхэнд хамгийн олон байраар ухарсан уран бүтээлээр тодорсон юм. 

13. TAYLOR SWIFT - CARDIGAN 

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Дэлхий нийтийг хамарсан энэхүү цар тахал уран бүтээлчдэд янз янзаар л нөлөөлж байна. Зарим нь хөл хорионы үеэр таг чиг болсон бол зарим нь нөхцөл байдалтайгаа маш богино хугацаанд дасан зохицож, ихэд бүтээлч байлаа. Энэ жил дуучин Taylor Swift хөл хорионд байхдаа бүхэл бүтэн хоёр цомог гаргаад амжсан. 

Тэгвэл нийт 16 дуунаас бүрдэх “Folklore” цомгийн хоёр дахь уран бүтээл болох “Cardigan” нь шилдэг дууны жагсаалтыг нэг долоо хоногийн турш тэргүүлжээ.  

14. HARRY STYLES - WATERMELON SUGAR

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Английн дуучин Harry Styles-ийн фанк-поп, инди-поп урсгалын “Watermelon Sugar” дууг сонсоод танд шууд л аз жаргал мэдрэгдэх болно. Тэрээр энэхүү уран бүтээлээрээ дэлхийн 20 гаруй орны шилдэг дууны жагсаалтын эхний 10 байранд ороод зогсохгүй анх удаа “Billboard” чартын шилдэг 100 жагсаалтыг тэргүүлсэн байна. 

Harry 2021 оны Грэмми наадмын “Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр” төрөлд нэр дэвшээд буй юм.  

15. CARDI B - WAP FT. MEGAN THEE STALLION

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 4

Тайлбар: Реппэр Cardi B ээж болсон ч шаргуу хөдөлмөрлөсөөр байгаа билээ. Түүний реппэр Meghan Thee Stallion-той хамтарсан “WAP” уран бүтээл шүүмжлэгчдийн дунд багагүй маргаан үүсгэсэн ч “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг бүтэн дөрвөн долоо хоногийн турш тэргүүлжээ. 

Дууны клипэнд Forbes сэтгүүлээс 2020 оны хамгийн өндөр орлоготой алдартан хэмээн нэрлэсэн загвар өмсөгч, бизнес эрхлэгч Kylie Jenner тоглосон билээ. Үүнээс гадна уг бүтээлийг TIME сэтгүүл энэ оны шилдэг арван дууны нэгээр тодруулсан.  

16. BTS - DYNAMITE 

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 3

Тайлбар: Энэ жил Кпоп сонирхогчдын хувьд нэгэн баяртай үйл явдал тохиосон нь Кпоп хамтлаг анх удаа Грэмми наадамд нэр дэвшсэн явдал байлаа. Кпоп хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг BTS хамтлаг 2021 оны тус наадмын “Шилдэг поп дуэт/хамтлаг” төрөлд нэр дэвшээд байгаа юм.  

BTS хамтлагийн англи хэл дээр дуулсан анхны дуу болох “Dynamite” нь олон олон рекордыг эвдэж, жагсаалтуудыг тэргүүлээд байгаагийн нэг нь “Billboard” шилдэг 100 жагсаалт юм. 

17. TRAVIS SCOTT - FRANCHISE FT. YOUNG THUG, M.I.A.

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Реппэр Travi$ Scott-ийн реппер Young Thug, M.I.A. нартай хамтарсан “Franchise” дуу яах аргагүй энэ оны шилдэг дууны жагсаалтад багтах учиртай. Шинээр төрөн гарч буй дийлэнх уран бүтээлүүд олон нийтэд бага багаар танигдаж, байраа цөөн тоогоор ахиулах байдлаар нэгдүгээр байранд ордог шүү дээ. Тэгвэл энэ дуу “Billboard”-ийн жагсаалтад орсон эхний долоо хоногтоо л тус жагсаалтыг тэргүүлсэн аж. 

Улмаар Travi$-ийн гурван уран бүтээл эхний долоо хоногтоо “Billboard” чартыг тэргүүлж, түүхэнд энэ амжилтыг гаргасан анхны уран бүтээлч болжээ. 

18. JAWSH 685 - SAVAGE LOVE FT. JASON DERULO, BTS

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Шинэ Зеландаас гаралтай продюсер Jawsh 685 болон дуучин Jason Derulo нарын хамтарсан “Savage Love” уран бүтээл зургадугаар сарын 11-ний өдөр цацагдан, нийт 17 улсын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлээд байсан юм. Ингээд тус уран бүтээлд BTS хамтлаг нэгдэн, ремикс хувилбарыг нь гаргасан нь “Billboard” чартыг нэг долоо хоногийн хугацаанд тэргүүлсэн байна. 

19. 24KGOLDN - MOOD FT. IANN DIOR 

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 6

Тайлбар: Хөгжим судлаачдын дийлэнх нь сүүлийн үеийн хит дуунуудыг TikTok сүлжээ тодорхойлж байгаа талаар санал нэгдэж буй. Тэгвэл тус сүлжээнээс хит болох гараагаа эхлүүлсэн дуунуудын нэг бол яах аргагүй реппэр 24kGoldn, Iann Dior нарын хамтарсан “Mood” юм. Toxic relationship буюу хортой харилцааны тухай өгүүлэх ч зуны улирлыг санагдуулам энэхүү дууг сонсож амжаагүй байгаа бол заавал сонсож үзэхийг зөвлөж байна. 

20. ARIANA GRANDE - POSITIONS

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Дуучин Ariana-гийн “Positions” уран бүтээл шүүмжлэгчдээс харьцангуй эерэг үнэлгээг хүртээд буй. Forbes сэтгүүлийн хөгжмийн салбарын “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан шилдэг продюсер London on da Track-ийн продюсерээр нь ажилласан уг дуу “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтыг нэг долоо хоногийн турш тэргүүлжээ. 

21. BTS - LIFE GOES ON 

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг нэг сарын өмнө цацсан “Life Goes On” дуугаараа “Billboard” чартыг эхний долоо хоногтоо тэргүүлсэн ховор амжилтын эзэд болж чаджээ. Мөн тус чартыг эхний долоо хоногтоо тэргүүлсэн анхны англиас өөр хэл дээр дуулагдсан дуугаар тодорсон юм. 

Харамсалтай нь “Life Goes On” дуу жагсаалтын хоёр дахь долоо хоногт шууд 28-р байр луу ухарсан байна. 

22. TAYLOR SWIFT - WILLOW

Хэдэн долоо хоног тэргүүлсэн бэ: 1

Тайлбар: Дуучин Taylor Swift-ийн хөл хорионы үеэр сонсогчдодоо барьсан хоёр дахь бэлэг бол “Evermore” цомог байсан билээ. Тэгвэл уг цомгийн гол дуу болох “Willow” шилдэг дууны жагсаалтыг яг одоо тэргүүлж байна.   

Эх сурвалж: Billboard

#Hit #Songs #Billboard