ЗАХИДАЛ: Аав минь хэрэг тарьж ээж минь согтуу ирэх болсон


ССҮТөв | YOLO.MN
2017-12-26

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээж маань одоо ийм юман дээр оролцохоо больж, зарим орой шөнө дунд согтуу ирдэг болсон.

Байнга л хөндийрч хэрэлдэж байгаа нь их л хэцүү байна.

Сайн уу. Би 7-р ангийн сурагч. Надад яг одоо маш олон бэрхшээл байна. Тиймээс хамгийн ноцтой нэг асуудлыг асуухаар шийдлээ. Одоогоос 2 жил 2 сарын өмнө аав маань согтуу ирээд хүн зодчихсон талаараа ээжид хэлж байсан юм. Би тэр үед хичээлээ хажууд нь хийж байсан болохоор сайн санадаг юм. Тэгээд 2,3 долоон хоногийн дараа аав маань цагдаагийн газраас ээж лүү залгаад ээж сонсоод яараад гарч байсан. Яг ингээд л бүх зүйл эхэлсэн. Энэ үеэс хойш манай гэрийнхэн шүүх эмнэлэг гээд л хэрэгтэй холбоотой бүхнийг ашиглаж сураглаж байгаа. 2016 оны намар болтол бүх юм зүгээр л байж байсан. Аав маань дахиад л согтуу орж ирээд, би дахиад хүн зодчихлоо гээд хэлсэн тэр үед ээж маань их уйлсан. Уг нь бол аав маань тийм аймар хүчирхийлэгч биш.

Гэхдээ согтоод л ийм алдаа хийдэг байх гэж би боддог. Энэнээс 2 гаруй сарын дараа аавыг маань 1 сар хорьсон. Харин одоо бол өөр нөгөө хохирогч нь нас барж, хоёр дахь нь азаар зүгээр өнгөрсөн. Манай гэр бүл бүхий л аргыг хайж байна. Гэхдээ ээж маань одоо ийм юман дээр оролцохоо больж, зарим орой шөнө дунд согтуу ирдэг болсон. Аав ээж хоёр маань дүү бид хоёрыг гээд эвтэй найртай байдаг байсан бол одоо больсон. Байнга л хөндийрч хэрэлдэж байгаа нь их л хэцүү байна. Би одоо яг яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ асуудал ялангуяа ээжид нь маш хүндээр тусч байгаа гэдгийг ойлгоорой.

Сайн уу? Бидэнд хандаж зөвлөгөө хүссэнд баярлалаа. Асуудлыг шийдвэрлэх гээд зориглож байгаа чинь маш сайн хэрэг.

Энэ их давхцсан бэрхшээлээс болж чамд болон танай гэр бүлд маш хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ бүхэн үүрд үргэлжлэхгүй, хэзээ нэгэн цагт бүгд шийдэгдэнэ, тийм болохоор итгэлээ алдалгүй хүчтэй байгаарай. Шүүх цагдаатай холбоотой асуудлууд тодорхой хугацаанд бидний оролцоогүйгээр шийдэгдэх учир чиний талаас оролцох боломжтой ямар арга чарга байна гэдэгт анхаарлаа хандуулъя. Энэ асуудал ялангуяа ээжид нь маш хүндээр тусч байгаа гэдгийг ойлгоорой. Тийм учраас ээжийгээ ойлгож, аавыгаа буруутгалгүй өөрийн зүгээс гэр бүлийн уур амьсгалаа эерэг болгохын тулд юуг хийж болох вэ, ээждээ яаж туслаж болох вэ гэдгийг бодоорой. Бидний зүгээс зөвлөхөд гэр бүлийн халуун дотно яриаг өрнүүлээрэй:

1. Ээждээ, аавдаа, дүүдээ халуун цай аягалж өгөөд тус бүрт нь сэтгэл санаа нь ямар байгааг лавлаж асууж, хүчтэй байхыг нь сануулж, энэ бүхний ард хамтдаа гарж чадна гэдэг урам зоригийг өгөөрэй;
2. Чи өөрөө ээж аавдаа туслаж, гэр орондоо болон дүүдээ сайн анхаарал хандуулж, хичээл номоо сайн хийнэ гэдгээ илэрхийлж, хүчтэй байна гэдгээ мөн хэлээрэй.
3. Гэр бүлийн гишүүн тус бүр юуг хийж болох талаар төлөвлөгөөг гаргаарай. (Жишээ нь: сэтгэл санаа нь тавгүй байлаа гээд буруу аргаар/согтууруулах ундаа/ сэтгэлээ тайвшруулахгүй байх талаар зөвшилцөх).
4. Чамайг ийнхүү нухацтай ярьж байхыг ээж аав нь хараад нэг талаас тайвширч нөгөө талаас урам авах болов уу.
5. Гэхдээ хичнээн хичээгээд ч чамаас хамаарахгүй асуудлууд байгааг ялгах хэрэгтэй. Өөрийнхөө хийж чадахгүй зүйлийн төлөө өөрийгөө буруутгаж болохгүй. Чадах зүйлсээ л хийгээрэй. Бас нэгэнт үүссэн хүнд асуудлын дараа хэвэндээ ороход хугацаа шаардагдана гэдгийг санаарай.

Чи эдгээр дээр өөрөө нэмэлтээр юуг хийж болох талаар мөн сайн бодож хэрэгжүүлээрэй. Энэ бүхнийг даван туулж илүү хүчтэй болж чадна гэдэгт нь итгэлтэй байна. Амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.



Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Family #Adversity #Advice