ГЭР БҮЛ төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?


Сондор | YOLO.MN
2021-02-17

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Үүнд багтсан ахлах ангийн Эрүүл мэндийн интерактив хичээлийн "ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ" сэдвийн хичээлийг санал болгож байна. 

Гэр бүл төлөвлөлт гэдэг нь өөрийн эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалд тохируулан тохиромжтой насандаа хүүхэдтэй болох, хүүхэдтэй болох хоорондын зайг зөв зохицуулахыг хэлнэ. 

Тодруулбал, гэр бүлийн амьдралаа төлөвлөнө гэдэг нь хүүхдийн тоо, төрөлт хоорондын зайг төлөвлөхөөс гадна хаана ямар сууцанд амьдрах, ямар мэргэжил эзэмшиж, хэдэн төгрөгийн цалинтай ямар ажил хийж, гэр бүлээ хэрхэн тэжээх, амралт чөлөөт цагаа гэр бүлээрээ хэрхэн хаана өнгөрүүлэх, хүүхдүүдээ ямар дугуйланд суралцуулах гээд бүхий л зүйлийг төлөвлөхийг хэлнэ.  Хүмүүс гэрлэж, гэр бүл болсноор олон сайхан зүйлтэй учирдаг. Түүний зэрэгцээ заримдаа бэрхшээлтэй зүйл ч бас тохиолдоно.

Мөн энэхүү хичээлээр хосууд ямар үүрэг хариуцлагатай байдаг талаар дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тайлбарлажээ. Та бүхэн өсвөр насны, ахлах ангийн хүүхдтэйгээ  гэр бүл төлөвлөлтийн талаар нээлттэй ярилцан, магадгүй эхнэр/нөхөртэйгөө хамт амьдралаа хэрхэн бий болгосон талаарх бодит түүхээ хуваалцан "ЭРҮҮЛ МЭНД: ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ" хичээлийг ЭНД дарж хамтдаа хийгээрэй!

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал