Хэрхэн НАСА-ийн сансрын нисэгч болох вэ?


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-19

Тухайн хүний туршлагаас шалтгаалан эхлэх цалингийн хэмжээ чамгүй өндөр бөгөөд сонгогдоход тун хэцүү, түүнчлэн маш олон хүн ажиллахыг хүсдэг тийм мэргэжил юу вэ, гэвэл НАСА-ийн сансрын нисэгч юм.

Америкчууд сансар судлалын шинэ эрин үе ирж буйтай холбогдуулан, сарнаас цаашаа, үргэлжлүүлээд Ангараг руу хүртэл нисэх нисэгчдээ бэлтгэж эхэлжээ. Тэд шинэ сансрын нисэгчдийг элсүүлэх тухай зарласны дараа 18300 хүн бүртгүүлсэн бөгөөд ердөө 12 нь сонгогдсон юм.

Сонгогдсон 12 гишүүн өнгөрсөн сараас сургалтаа эхэлжээ. Тэгвэл НАСА-ийн хамгийн хөгшин, одоо ажиллаж буй сансрын нисэгч болох 62 настай Доналд Петти, Сансрын дэвшилтэт шинжлэх ухааны төвийн дарга, сансрын нисэгч асан Грег Жонсон нар НАСА-ийн сансрын нисэгчдийн тухай дэлгэрэнгүй тайлбарласныг хүргэж байна.

ХЭРХЭН АЖИЛД ОРОХ ВЭ?

НАСА-ийн шаардлагын дагуу сансрын нисэгч болохоор горилж буй хүмүүс шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын бакалаврын зэрэгтэй байх ёстой.

Гэхдээ агентлаг өнөөдрийг хүртэлх хугацаанд анагаах ухааны доктор, далай судлаач, бүр чөлөөндөө гарсан цэргийн алба хаагчийг хүртэл сансрын нисэгч болгожээ.

Үүнээс гадна биеийн эрүүл мэнд тун чухал. Хараа сайн, 158-192 см өндөр, цусны даралт хэвийн байх ёстой бөгөөд сэтгэл зүйн хувьд мөн бэлтгэл сайн байх хэрэгтэй.

Жонсоны хэлснээр ярилцлагад орно гэдэг маш том боломж аж. Учир нь нэг сансрын нисэгчийн ард яг түүнтэй адил чадвартай 100 хүн бэлэн байж байдаг юм байна.

Зүүн гар талаас Грег Жонсон. 2011 он


ХАРИН ТЭНЦСЭН БОЛ?

Ярилцлага болон бусад бүх шалгуурыг хангасан хүмүүс хоёр жилийн хугацаатай түргэвчилсэн бэлтгэлд орно. Петти "Яг л дөрвөн жилийн сургалтыг хоёр жилд шахсантай тэнцэх хэмжээний сургалт болдог. Зуны амралт ч гэж байхгүй" гэжээ.

Сонсогчид сансарт ниссэн үед, тохиолдож болох бүхий л нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахыг сурдаг. Үүний тулд:

    - 25 метрийн урттай, урсгал бүхий усан санд 10 минутын турш нисэгчийн хувцас, теннисний гуталтай сэлнэ.
    - Далайд шумбагчид байх ёстой бүх чадварыг эзэмшинэ.
    - Тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцоор татах хүчгүй орчны бэлтгэл хийнэ. Заримдаа өдөрт 40 удаа ийм бэлтгэл хийдэг тохиолдол бий.
    - Орос хэлний мэдлэгтэй болно. Учир нь Олон улсын сансрын станцад очсон тохиолдолд Оросын сансрын нисэгчидтэй харилцах шаардлагатай.

2011 онд АНУ Сансрын Шаттл хөтөлбөрийг зогсоосноор Америкийн сансрын нисэгчид Оросын пуужингаар сансарт нисдэг болсон. Түүнчлэн задгай сансарт ажиллах зориулалтын хувцсыг өмсөж сурах хэрэгтэй. Кинон дээр гардагаас тэс ондоо байдаг талаар Петти өгүүлсэн юм.

Сансрын нисэгчид ийм хувцастай, усан дотор бэлтгэл хийдэг

"Аймшигтай бүгчим, тухгүй тийм хувцас. Өмсөж тайлахын тулд өт шиг "сэтгэх" хэрэгтэй" хэмээн тэрээр хошигножээ.

ХЭЗЭЭ САНСАРТ НИСЭХ ВЭ?

Сургалтын хөтөлбөр дууссан ч гэсэн сансрын нисэгчид нэмэлт олон зүйлсийг суралцдаг. Жишээлбэл сансарт зургаан сар ажиллахаар сонгогдсон бол дахиад 2-3 жил нэмж суралцах ёстой аж.

Гэхдээ сансарт нисэж байгаа хүн бүрийн ард 1000 хүн дэлхий дээр ихэнх ажлыг нугалж байдаг хэмээн Петти хэлжээ.

ТЭД САНСАРТ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Сансрын нисэгчид төрөл бүрийн судалгаа, шинжилгээний ажил болон эд хэрэгслийг засаж, сайжруулах даалгавартайгаар дэлхийгээс хөөрдөг. Жонсоны хувьд богино хугацаатайгаар Шаттл хөлгөөр даалгаварт гарсан бөгөөд ихэнх цагийг ажилласаар өнгөрүүлжээ.

Харин Петти илүү урт хугацааны даалгавар гүйцэтгэж байсан аж. Тэрээр Олон улсын сансрын станц дээр нийт хугацаагаар зургаан сарыг өнгөрүүлсэн бөгөөд долоо хоногийн ганцхан өдөр амардаг байжээ.

Тэрээр "Би дэлхийн тойрог замд байхдаа дэлхий дээр хийж болохоор зүйлсийг хийх дургүй. Зургаан сарын хугацаанд гурван удаа л утсаар ярьсан байх. Тэнд гайхалтай гэрэл зураг дарж, дэлхийн гоо үзэсгэлэнг биширч, шинжлэх ухааны туршилтууд хийх боломжтой шүү дээ" гэсэн юм.

ХОШИГНОЛ

Петти 1996 оны сонсогч. Тэдний ангид нийт 44 сонсогч байсан учраас “Сарин загас” хэмээн нэрлэжээ. Харин Жонсоны ангийнхныг "Оцон шувуу" гэдэг байсан аж.

Учир нь 1998 оны элсэлтийнхэн бүтэн найман жил хүлээж байж анхны даалгавраа авах байжээ. 2017 оны сонсогчдын хувьд хараахан нэртэй болж амжаагүй юм байна.

ЦАЛИН

Үнэн хэрэгтээ сансрын нисэгчийн ажил нь өөрөө тэр чигтээ баяр баясал юм. "Хэн ч баян болдоггүй" хэмээн 20 гаруй жилийг сансрын нисэгч хэмээх алдартай хамт үдсэн Петти хэлжээ.

Доналд Петти
Доналд Петти

НАСА сансрын нисэгчийн сургалтад хамрагдаж буй сонсогч нарт туршлагаас нь хамааран жилийн 66,026-144,566 ам. долларын цалин өгдөг аж. Харин сонсогчоос сансрын нисэгч болсон тохиолдолд 2017 оны байдлаар жилийн 150,063 ам. долларын цалинтай.

Хэрвээ цэрэгт алба хааж байгаа бол цалингийн систем нь арай өөрөө үйлчилнэ. Түүнчлэн НАСА сансрын нисэгчдээ мөнгө олохыг хориглодог. Жишээлбэл бичсэн ном, илтгэлээсээ мөнгө олж болохгүй.

Түүнчлэн ямарваа нэгэн компаниас бэлэг авахыг ч зөвшөөрөхгүй. Гэхдээ өдөр тутмын ажилдаа дарагдсан сансрын нисэгчид юу бэлэг авах мантай байдаг хэмээн Петти инээмсэглэн өгүүлжээ.

Жич: Хамгийн гол АНУ-ын иргэн байх ёстой

Эх сурвалж: CNN

#NASA #Work