Э.Эрдэнэсайхан: АВЬЯАСАА олж нээхийн тулд ОЛОН ЗҮЙЛ ТУРШИЖ үзэх хэрэгтэй


Б.Намуун | YOLO.MN
2017-09-18

Өсвөр насныхны эрин үе эхэлжээ. Хийж бүтээдэг хүмүүсийн дийлэнх хувийг ч өсвөрийнхөн эзлэх болсон гэвэл хилсдэхгүй. Аливаа арга хэмжээ, үйл ажиллагааны зохион байгуулалт дээр бидний үе тэнгийн найзууд ихэвчлэн ажилладаг болсон билээ. Тэдгээр авьяаслаг, золбоолог, ухаалаг залуусын нэг Э.Эрдэнэсайхан буюу үе тэнгийнхнийхээ дунд Санга гэх нэрээрээ танигдсан нэгэн хөвгүүнтэй хийсэн ярилцлагыг хамтдаа уншиж сонирхъё.

YOLOСайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
- Сайн байна уу? Намайг Э.Эрдэнэсайхан гэдэг. Найзууд маань намайг Санга гэж дууддаг юм. Би Орчлон Олон Улсын сургуулийн 12а ангид суралцдаг. Одоо 17 настай.

YOLOСанга маань анимейшин төрлөөр дагнасан анимейшин хийдэг авьяастай хүүхэд юм билээ. Анх яагаад анимейшин хийх болсон бэ?
- Анимейшин хийх болсон шалтгаан их энгийн. Ихэнх хүмүүс авьяасаа нээж илрүүлээгүй, юу хийхээ мэддэггүй шүү дээ. Миний хувьд гэвэл 7 настайгаасаа авьяасаа нээчихсэн, юу хийх ёстойгоо мэддэг хүүхэд байсан.

Би багадаа ютүбийн бичлэг их үздэг байсан бөгөөд анх зураасан хүний хөдөлгөөнүүдийг дуурайн дагаж хийдэг байлаа. Миний хуучин компьютер дээр 7-11 насандаа хийж байсан бараг хоёр цаг хүрэхүйц хугацааны анимейшинууд байсан. Нэг өдөр гэртээ хүрээд ирсэн чинь аав ээж хоёр шинэ компьютер аваад форматлачихсан байлаа. Тэр үедээ их харамссан ч “За одоо яахав дээ” гээд л өнгөрсөн дөө. Одоо бодоход их харамсдаг.

Багадаа анимейшинаа маш их хийдэг байсан. Өглөө босоод 9 цагт хийж эхлээд орой 22 цагт хийгээд л сууж байдаг тийм хүүхэд байсан. Магадгүй тэрнээс болж миний хараа муудсан байх аа. /инээв/smiley

Багадаа хүүхэлдэйн кино үзэхээрээ "Энийг яаж хийсэн юм бол? Ингэж хийгээд сурчих юмсан" гээд их ажигладаг байсан. Би дуртай байсан болохоор хийж эхэлсэн. Ийм л энгийн.

YOLOМонголд хүүхэлдэйн киноны салбар тийм ч сайн хөгжөөгүй шүү дээ. Тэгэхээр  анимейшин хийнэ гэдэг их ажиллагаа шаарддаг байх тийм үү?
- Ажиллагааг нь ярихаас өмнө эхлээд хэдэн төрлийн ямар ямар анимейшин байдгийг салгаад ойлгох хэрэгтэй.  Миний хийдэг анимейшин бол "motion graphics" буюу үйл хөдлөлийн график төрөл. Уламжлалт анимейшин хийх арга бий. Энэ нь нэг секунд бүрийг хөдөлгөөнөөр нь цаасан дээр давхарлаж зурдаг номон төрлийн эргүүлэхэд хөдөлж буй мэт харагддаг арга. Энэ арга нь 2000 он хүртэл компьютер алдартай болох хүртэл үргэлжилсэн. Уламжлалт арга маш их цаг авдаг.

Түүний хийсэн видеоноос...


Хоёр дахь нь арай технологижсон арга. Энэ аргад тийм ч их зурах шаардлага гарахгүй. Өөрөөр хэлбэл чи уул зурсан бол дахин уул давхарлаж зурах шаардлагагүй, компьютер дээр хөдөлгөчихнө. Энийг арай цахимжсан уламжлалт гэж хэлж болно. Гурав дахь төрөл нь миний хийдэг motion graphics юм. Компьютероор үүсгэгдсэн дүрсийг хөдөлгөнө. Ерөнхийдөө бол хэсэг тус бүрийг зурах шаардлагагүй гэсэн үг.

Жишээ нь нэг дүрс байлаа гэхэд дэлгэцний баруун доод өнцгөөс зүүн дээд булан руу хөдөл, хэмжээгээ томсго, 13 удаа эргэ, дараа нь алга бол гэх мэтчилэн команд өгч ажилладаг. Энэ арга нь уламжлалт анимейшин хийх аргаас амархан. Сүүлд "Монгол контент" ХХК-аас "Маамуу" гээд хүүхэлдэй кино гаргасан. Энэ хүүхэлдэйг дижитал уламжлалтаар хийсэн байна лээ. Монголд хөгжөөгүй байгаагийн шалтгаан нь нэгд хүн хүч хэрэгтэй, хоёрт төсөв санхүүгийн асуудал их.

YOLOИрээдүйд анимейшин төрлөөрөө ажиллах бодолтой байгаа юу?
- Би анимейшиныг өөрийнхөө хобби гэж боддог. Яг миний зорилго бол өөрийнхөө хувийн бизнесийг эхлүүлэх. Магадгүй тэр нь хүүхэлдэйн киноны компани ч байх юм билүү? Ирээдүйд хүүхэлдэйн киноны салбарыг хөгжүүлэх тал дээр эсвэл сургалт дамжаа байгуулж ажиллаж ч мэднэ.

YOLOМонголд Warner Bros, Walt Disney шиг хүүхэлдэйн кино хийдэг хаана ч сонсоод танигдахуйц студи хэзээ нэгэн цагт байгуулагдана гэж боддог уу?
- /инээв/. Энэ нь Монголд олимп болно гэдэг шиг ойлголт л доо. Маш алсын мөрөөдөл. Яагаад гэвэл анимейшин хийхэд үнэхээр их хүн хүч хэрэгтэй. Иймээс ойрын хэдэн жилд тийм том студи бий болно гэж бодохгүй байна. Хөгжихийн хувьд бол хөгжинө.


YOLOЧи мөн олон нийтийг хамарсан хэд хэдэн ажил зохион байгуулсан шүү дээ. Анх арга хэмжээ зохион байгуулах санаа хэрхэн төрж байсан бэ?
- Анхандаа бол надад үйл ажиллагаа зохион байгуулах санаа төрж байгаагүй.  Хийж чаддаг юмаа хийгээд, өөрийгөө болгоод л явж байя гэж боддог байсан. Манай сургуулийн СӨУЗ их арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр үед арга хэмжээ зохион байгуулах нь их сонирхолтой мөн надад туршлага үлдэнэ гэж бодоод СӨУЗ-тэйгөө хамтарч ажиллах болсон. Дараагаар нь би сургуульдаа киноны клуб нээгээд, сайн дурын ажилд оролцох болсон. Энэ нь яваандаа TEDx гэх мэт томоохон арга хэмжээний зохион байгуулалт дээр ажиллах боломжийг нээж өгсөн бөгөөд сүүлд “Монгол дархлаа” төслийг санаачлан ажилласан.

Саяхан "Бид Америкад суралцаж чадна" арга хэмжээн дээр "Хэрхэн "нөгөө хэн" болох вэ?" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь их сонирхолтой санагдсан. Чиний хувьд хэрхэн "нөгөө хэн" болсон юм бол?

Би анх өөрийгөө ийм их ажлын ард гарна гэж яг үнэндээ бодоогүй. Зүгээр хичээлээ хийгээд, шалгалтаа өгөөд явж л байх бодолтой байлаа. Би СӨУЗ-д анх ажиллахдаа хүмүүсийн итлгэлийг олоод авчихсан. "Би чадахгүй, гэхдээ чи чадах юм шиг байна" гээд ирдэг байсан. TEDxBagatoiruu дээр ажиллаж эхлээд бүх арга хэмжээнүүд эрчээ авсан даа. Би нийтдээ зургаан TEDx дээр ажилласан байна.

Анхны TEDx дээр ажилласан хүмүүсийн итгэлийг олоод авчихсан учраас дараагийн ажлууд дээр намайг санал болгож ажил өгдөг болсон. Тэрнээс хойш надад хоёроос гурван ажлын санал байнга ирдэг болсон. Тэр дундаас нэгийг нь сонгох хэрэгтэй. Гэвч нэгийг нь сонговол хоёр боломжоо алдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл маш их шийдвэртэй нүүр тулсан.  Багаасаа шийдвэр хийх асуудалтай тулгарч байгаадаа их баярладаг. Яагаад гэвэл нас биенд хүрснийхээ дараа шийдвэртээ нүүр туллаа гэхэд буруу шийдвэр гаргах магадлалтай. Эргээд асуулт руугаа ороход би хэрхэн нөгөө хэн болсон бэ гэвэл би зүгээр л хүмүүсийн итгэлийг хүлээсэн.

Чи юу хийх дуртай эсвэл дургүй байна, чи юуг илүү сайн хийж байна гэдгээ сайн ажигла.

Э.Эрдэнэсайхан


YOLOӨөрийнхөө авьяасыг нээж илрүүлээгүй олон хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд хэрхэн авьяасаа нээх боломжтой гэж боддог вэ?
- Авьяасаа нээгээгүй байна гэдэг нь олон зүйлс туршиж үзээгүй байна гэсэн үг. Чи олон зүйл туршиж үзвэл тэр дундаасаа өөрийнхөө хамгийн сайн чадах зүйлийг олчихно. Авьяасгүй хүн гэж байдаггүй, бүгд авьяастай. Хэрвээ авьяасаа нээмээр байгаа бол өөр дээрээ сайн ажилла гэж зөвлөмөөр байна.

Чи юу хийх дуртай байна, юу хийх дургүй байна, чи юуг илүү сайн хийж байна гэдгээ сайн ажигла. Магадгүй PC тоглоом тоглох нь тухайн хүний авьяас байж болно шүү дээ. Гэр бүлийнхэндээ хоол хийж өгч байхдаа үнэхээр жаргалтай сайхан байгаа бол тэр чиний авьяас. Би авьяасыг ямарваа нэгэн зүйлийг бусдаас арай хурдан сурч, арай илүү хийж чадаж байгааг хэлнэ гэж боддог. Авьяасаа олтлоо олон төрлийн зүйлийг туршиж үз. Гэхдээ эхлээд хүсэл мөрөөдлөө олсон бол авьяас тийм ч хэрэгтэй биш. 1% авьяас 99% хөдөлмөр гэдэг шүү дээ. Уйгагүй хөдөлмөрлөсний эцэст чи тэр зүйлээ бусдаас илүү хийдэг болж чадна.

YOLOАвьяасаа хэрхэн өөрийнхөө ирээдүйн мэргэжил болгох вэ?
- Чи нэг юмыг 1000 удаа давтаж хийвэл 1001 дэх нь чинийх болно гэдэг үг бий. Энэ хорвоо дээр ориг юм гэж үгүй. Чиний толгойнд чинь бодогдож байгаа бодлыг 1000 жилийн өмнө өөр хэн нэгэн бодож л байсан. Хэрвээ чи хүсэл сонирхлоо олоод авьяасаа нээчихсэн бол тэр салбарт амжилттай явж байгаа хүмүүсийг дуурай. "Сайн уран зураачид санаа авдаг. Агуу уран зураачид хулгай хийдэг" гэж үг бас бий. Гэхдээ энэ нь чи Ван Гогийн зургийг хуулбарлаад зурчих гэсэн үг биш. Зүгээр гаргасан санааг нь ажигла. Яваандаа чамд өөрийн гэсэн тогтсон хэв маяг бий болно. Өөрийнхөө хүсэл сонирхлыг олсон бол бусдыг сайн дуурай, бусдаас үлгэр дуурайлал ав. Тэр цагт аль хэдийн авьяас чинь чиний мэргэжил болчихсон байна.

Дөнгөж эхэлж буй хүн болон тэр зүйлийн ард нь гарчихсан хүн хоёрын ялгаа нь ард нь гараад амжилтанд хүрчихсэн хүн нь илүү их алдсан байдаг.

Э.Эрдэнэсайхан

YOLOЭнэ их ажлаа зохицуулаад яваад байхыг харахад цагийн нэлээн зөв зохион байгуулалттай бололтой. Хэрхэн цагийн зөв менежменттэй болох вэ?
- Их энгийн бүр маш энгийн. Надаас өмнө маш олон хүмүүс хэлж л байсан. Төлөвлө төлөвлө төлөвлө. Гэхдээ хэн ч төлөвлөдөггүй. Зарим хүмүүс эхний долоон хоногтоо төлөвлөж байгаад дараа нь “гай” гээд хаячихдаг. Төлөвлөхдөө бүр багаас нь эхэл. Жишээ нь чи зураг зурах гэж байгаа бол бийр авахаасаа эхлээд төлөвлө. Өдрөө цагаар нь хувааж, сараа өдрөөр нь хувааж, жилээ сараар нь хувааж төлөвлө. Хүмүүс хэзээ эхлэхээ мэддэггүй. Үүнийгээ дагаад хэзээ дуусгахаа мэддэггүй. Хэрвээ чи төлөвлөх юм бол аль алиныг нь мэддэг болно. Их ярьвал төлөвлөгөө гаргах цагаа ч төлөвлө.

YOLOЯрилцлагаа залуусдаа хандаж хэлсэн үгээр төгсгөе
- Хэрвээ чи хичээлдээ муу дүн авч байгаа бол өөрийгөө амьдрал дээр тэр чигтээ бүтэлгүйтнэ гэж бүү бод. Энэ зүгээр л чиний хэр сайн юм чээжилсэнг чинь илтгэх дүн болохоос хэчнээн амжилттай явахыг чинь тодорхойлох оноо биш. Хэрвээ чи ямар нэг ажил эхлүүлэх гэж байгаа бол маш сайн төлөвлө. "Энэ хэзээ ч бүтэхгүй байх" гэж хэзээ ч битгий хойш суу. Алдахаас бүү ай. Дөнгөж эхэлж буй хүн тэр зүйлийн ард нь гарчихсан хүн хоёрт ямар ялгаа байдаг вэ гэвэл ард нь гараад амжилтанд хүрчихсэн хүн нь илүү их алдсан байдаг. Алдаа болгон боломж юм шүү.

YOLOСонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдынх нь хичээ сурлага, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

#Teenagers #Era