ЗАХИДАЛ: Би ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй байна


ССҮТөв | YOLO.MN
2017-07-24

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би өглөө бүр сэрж үзэн яддаг ажлаа хийхээр явж, ажил тарах цагийг хүлээдэг амьдралтай болохыг хүсэхгүй байна шүү дээ.

Хүмүүс дуртай зүйлээ мэргэжлээ болго, хоббигоороо яв, харамсах сонголт битгий хийгээрэй гэж зөндөө хэлсэн.

Сайн байна уу? Би энэ жил 12-р ангид орох эмэгтэй сурагч байгаа юм. Өмнө нь ирээдүйнхээ талаар нээх боддоггүй байсан юм. Ялангуяа дунд ангидаа мэргэжил сонгох талаар ганц ч удаа бодож үздэггүй байлаа. Гэхдээ дунд ангиа төгсөж ахлах сургуульд ороход мэргэжил сонгох том асуудалтай нүүр тулсан. Хүмүүс дуртай зүйлээ мэргэжлээ болго, хоббигоороо яв, харамсах сонголт битгий хийгээрэй гэж зөндөө хэлсэн.

Бас олон ч зүйл уншсан. Гэхдээ... над шиг авьяас байхгүй, сонирхол ч байхгүй хүүхэд яг ямар мэргэжилтэй болох оо мэдэхгүй байна. Сонирхол гэвэл би к-поп л сонсдог. Хэсэг орчуулагч болдог юм билүү гэж бодож үзсэн л дээ. Гэхдээ насаараа тэгж явахыг хүсэхгүй байна. Тэгээд маш удаан бодсоны эцэст өөртөө таалагдах мэргэжлээ арай гэж нэг юм олсон. Би кино найруулагч болохыг хүссэн. Гэтэл дахиад л асуудал гараад ирсэн.... Ойр тойрныхондоо мэргэжлээ сонгосон талаар хэлж үзлээ. Тэгтэл "ажлын байр муу, цалин бага, монголд бол явцгүй мэргэжил, эмэгтэй хүнд тохирохгүй, чи зүгээр л сонирхоод л тэгж шийдсэн байх" гэх мэт зүйлсийг сонссон. Үгүй ээ яахав, найруулагч болохыг маань эсэргүүцээгүй л дээ. Гэхдээ би кино найруулагч болсны дараа ажлын байргүй хоцорвол яана аа... Ийм сонголт хийсэндээ харамсвал одоо яах вэ? Хайран цаг хугацаа, мөнгө зарцуулчихвал яах болоо? гээд л үнэхээр санаа зовж байна.

 "Би өглөө бүр сэрж үзэн яддаг ажлаа хийхээр явж, ажил тарах цагийг хүлээдэг амьдралтай болохыг хүсэхгүй байна шүү дээ. Эсвэл дуртай зүйлээрээ явж насаараа ажилгүй нэгэн болмооргүй байна". Бас урлагт ар талгүй л бол ирээдүй байдаггүй гэж олон хүмүүсээс сонсож байсан. Үнэхээр миний шийдсэн сонголт буруу байвал би яах вэ? Энэ талаар бодоод хоёр хоног унтаж чадсангүй. Үнэхээр санааг минь зовоож байна.

ЗӨВЛӨГӨӨ: Чи хийхийг хүссэн зүйлийнхээ төлөө хэр их цаг зарцуулсан бэ?

Өөрийн юу хүсэж байгаагаа, юу хийхээрээ аз жаргалтай болдгоо сайн бодоод үзээрэй.

Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт гэдэг бол амьдралын хамгийн чухал нэгэн хэсэг мөн. Өөрийн юу хүсэж байгаагаа, юу хийхээрээ аз жаргалтай болдгоо сайн бодоод үзээрэй. Хүмүүст яаж тусалвал тэд баярлаж, чи ч өөрөө сэтгэл хангалуун байдаг вэ?  Мэргэжил сонгохдоо өөрийн онцлог авъяас чадвараасаа хамааран мөн тэр мэргэжлээрээ хир их хүмүүст өөрөөр хэлбэл нийгэмд тусалж чадах вэ гэдгийг бодож үзэж шийдвэл чамд илүү амар болов уу.  

Ээж аавтайгаа энэ талаар ярилцан мөн мэргэжлийн хүний туслалцаа авж болно шүү дээ. Зөвхөн мэдээлэл цуглуулж, уншиж биш тэр мэргэжлээр ажиллаж, сурч байгаа хүмүүстэй уулзан асууж болно.

Зорилгодоо хүрч амжилтад хүрэхийг хүсэж байгаа хүмүүс тэр зүйлдээ их цаг хугацаа, хөлс хөдөлмөрөө зарцуулсан байдаг. Чи хийхийг хүссэн зүйлийнхээ төлөөхэр их цаг зарцуулсан бэ? Өдөржингөө ажилласан ч  чамайг эрч хүчээр дүүрэн болгодог тийм зүйлээ олно гэж найдаж байна. Жишээ нь өөртөө энэ асуултуудыг тавиад үзээрэй: Чиний хамгийн дуртай кино ямар кино вэ? Чи тэр киноныхоо найруулагчийг мэдэх үү? Яг ямар чиглэлийн найруулагч болохыг хүсдэг вэ (кино найруулга нь дотроо 3 хуваагддаг юм байна (баримтат, animation, жүжиглэлтийн гэж)? Найруулагчийн үүрэг хариуцлагын талаар уншиж үзсэн үү?Энэ асуултуудын хариу чамд өөрийгөө ойлгоход туслах болов уу. Чамд амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Б. Цэрэнпил

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Profession #don't