ӨГҮҮЛЛЭГ: Номын дэлгүүрийн худалдагч эмэгтэй


Б.Намуун | YOLO.MN
2017-05-24

-ӨГҮҮЛЛЭГ-

Буурал суусан тэргүүнтэй, хөлдөө пүүз “жийж”, “юмтай хүн шүү” гэсэн шиг алтан гинжээр хүзүүндээ зүүж, хар бэлтгэлийн хослол өмсөн цамцныхаа энгэрийг ярсан хижээл насны өвгөн 500 мл-ийн ундааны саванд юүлсэн айргаа гүд гүд хийтэл залгилснаа амаа шувтарч арчаад харж байсан зүг рүүгээ үргэлжлүүлэн саравчлав.

Нутгийн олны шүтээн болсон Бумбат хайрханаа тахиж нутгийнхаа агаараас нөөцлөх мэт цээж дүүрэн амьсгалан зогсоход өөрийн өмссөн хувцас нь хангай хайрхантайгаа, нас сүүдэртэйгээ ч даанчиг зохицолгүй харагдана. “Цаг үе нь ч ийм юм аа даа” гэж өөрийгөө өмөөрөхөө болсноо буцаад бодолд автлаа.

“Төрсөн нутгаас минь өөр
Бумбын орон гэж байхгүй юм
Төрүүлж өсгөсөн аав, ээжээс минь өөр
Бурхад гэж бас байхгүй юм”  хэмээн хайрханаа сүсэглэн амандаа хэдэнтээ давтсанаа “М. Тогмид гуай ч нутгаас минь төрөн гарч, газар орны нэр дуулгаж түмэндээ хүндлэгдсэн сайн зохиолч шүү. Ингэхэд нутгаасаа гараад хэдийн 44 хавар, 44 өвөл, 44 зун, 44 намрыг үзжээ дээ, янз нь” гэж элдвийг санагалзан суух авай.

Жанчив дөрөвдүгээр ангиа дөнгөж төгсөн, морь унасаар хөл нь майга сууж хангай шиг түшигтэй аавыгаа алдаад жил өнгөрсөн ч нууцхан унагадаг нулимс нь хатаж амжаагүй сөөсгөр жаахан хөвгүүн нусаа татсаар ээжийнхээ гараас хөтөлж нутгаасаа гарснаас хойш 44 жилийн дараа сумынхаа 100 жилийн ойн баяраар төмөр хөлөг хөлөглөсөөр нутаг руугаа яаран довтолгосон нь энэ билээ.

Эргэн эргэн харсаар нутгаасаа хоёулханаа гарч байсан тэр эргэж ирэхдээ үр ач нийлэн тав дахин үржигдэж арвуулаа болоод ирсэн нь бахадмаар ч баярламаар ч. Хөлд орж бээцэгнэн тэнтэр тунтар алхлан, хэлд орж шулганасан цагаас хойшхи амьдралынх нь, хүүхэд насных нь арван нэгэн жил энэ нутаг устай аргамжаатай ажээ. Сумын төвд хайрхан, нуураасаа алсхан амьдардаг байсан ч энэ л газар руу зүрх сэтгэлээрээ татагдаж үе үе ийшээ ирдэг байж билээ.

Ааваа алдсан тэр жил хэцүүхэн байсан. Ангир уургаа амлуулаагүй ч алаг чулуу зүслүүлэн адуу малын дөртэй болгосон аавдаа тэрээр амь. Эр хүн уйлж болдоггүй гэж хэнээсээ ч сонссон юм бүү мэд энэ үгээр сэтгэлээ аргацааж өглөө босон инээж шөнө нь хөнжилдөө уйлсныг нь гэрчлэх  нулимс шингэсэн дэр нь ч одоо өнгөрсөнд уусан оджээ. Жанчив өмдөө гөвөн босож Дөргөн нуурын зүг бодол бэлчээн уужуу тайвуу гэлдэрлээ.

Далай аятай сүр бараа болсон их устай Дөргөн нуураа бэлэгшээн Далай хэмээн дуудаж орилолдон ус цацлан гүйж явсан үе нь өчигдөрхөн юм шиг. Нутгийн багачуултай хөөцөлдөн гүйхдээ баруун талаар нь очихгүй бол элс шороо ихтэй байдаг байсныг санан баруунаар тойрч нуурын урд хөвөөнд орших Жанжин овоондоо ирж насны сүүдрийг нь заах шиг үе үе янгинан өвддөг өвдгөө нугалан овоондоо мөргөж сүсэглэн залбирав. Салхигүй л бол шумуул гэдэг амьтан дамжлаад явчихмаар их байх энэ нуурын хөвөөнөө тоглож наадсаар шумуулд хазуулж гүвдрүү болтлоо хавдсан амьтан хэрэг хийсэн хүн шиг биеэ маажлан гэртээ ороход аминаасаа хайртай ижий нь тараг барьсаар угтдаг байж билээ. Өлсвөл таргаа идэж, цангавал таргаа ууж, шумуулд хазуулбал таргаа түрхэх хөдөөгийн эгэл амьдрал гайхалтайяа.

Тэр үедээ анзаараагүй энэ жаргалаа одоо эргэн дурсахад насаараа машины будган дунд ажиллаж уушгиа гэмтээж орхисон Жанчивын цээж нь зовиуртай хэржигнэнэ. Сумынхаа 8 жилийн дунд сургуульд элсэн орж А, Б-тэй болон уншиж бичиж сурсан хүүгийн хувьд сумаасаа гарч сэтгэхэд туслах туслагч нь ном болоод байлаа. Өдөржин тоглож наадан өнгөрүүлдэг байсан Бумбат хайрхан, Дөргөн нуурдаа зарцуулах цаг нь багасаж хичээлээ тараад номын дэлгүүр рүү гүйх нь олширов.

Робинзон Крузотай хамт эзгүй арал дээр амьдарч, Филеас Фогтой хамт дэлхийг 80 хоногт тойрон өнгөрүүлсэн түүний амьдрал номын дэлгүүрийн цонхны тавцан дээр өнгөрчээ. Номын дэлгүүр лүү гүйн очиж ном уншсаар бас номын дэлгүүрийн худалдагч эмэгтэйг бахархсан бахадсан хайрласан харцаар харсаар. Түүний хувьд анхны хайр дэндүү эрт ирсэн. Номын дэлгүүрийн худалдагч бүсгүйд тэр үнэн голоосоо хайртай. Бүсгүй орж гарах хүмүүст ном боож өгөн инээмсэглэн угтаж инээмсэглэн үднэ. Энэ инээмсэглэлийг насан туршдаа хараад л баймаар.

Жанчив хичээлээ тараад шууд л номын дэлгүүр лүү яаран гүйнэ. Бүсгүй ч түүнийг хэзээ ирэхийг таамаглан боорцог цай юухан ийхэн барин хүлээнэ. Ороод ирэхэд нь хацар дээр нь шоб хийтэл үнсээд нандигнан хадгалсан боорцог ааруул хуруудаа хүүд өгч унд уулгах ажээ. Номын дэлгүүрийн худалдагч бүсгүй онц сурахыг ямагт захина. Хайртай эмэгтэйнхээ урмыг хугалахгүйн тулд бага ангийн жаалхан хөвгүүн өдөр шөнөгүй хичээлээ давтан онцоос өөр дүн авахгүй.

Тав гэсэн тоог дэвтэр дээрээ авсан өдрөө бүсгүйд харуулах гэж баярлан ирнэ. Энэ үед нь бүсгүй өөрөө онц авсан хүн шиг баярлан өнгийн цаастай алаг чихрээр хүүг мялаах нь сайхан. Ажлаа тараад бүсгүй хүү хоёр хаалгаа түгжээд хамтдаа харина. Худалдагч бүсгүй Жанчивыг духан дээр нь үнэрлээд “За миний хүү явж амар” гээд толгойг нь илэх тэр зөөлхөн гар одоо ч буурал толгойг нь илэх шиг. Түүний анхны хайр бол номын дэлгүүрт худалдагч хийдэг цэцэг шиг сайхан ижий нь байсан юм. Аминаасаа амь тасалж ангир уургаа хөхүүлэн ухаанаасаа ухаан тасалж амьдрал таниулсан ижийгээ хайрлахгүй юм бол өөр хэнийг үүнээс илүү хайрлахсан билээ.

Жижигхэн буурал ижийгээ нас нэмэх тоолонгоор жаргааснаас бус зовоосон нь даан ч олон доо. Онц авсан дэвтрээ үзүүлэхэд, шагнал аваад гэртээ гүйж ирэхэд минь, гэргийгээ дагуулан босгоо алхан орж ирэхэд, анхны үрээ тэврэн ачийг нь үнэрлүүлэхээр очихдоо л муу ижийгээ баярлуулсан байх.

Сумын залуусын сэтгэлийг гижигдсэн номын дэлгүүрийн худалдагч бүсгүй одоо ч дэргэд нь зогсоод “Хүү минь шумууланд хазуулж дууслаа гэртээ харь даа” хэмээн толгойг нь илж духыг нь үнэрлэх шиг. Жанчивын үрчлээ суусан зовхийг даган нулимс залхуутайяа урсана. “Эвий минь, миний жижигхэн буурал ээж нутгаа үзэж чадалгүй явлаа даа” хэмээн санагалзахад “Ижий нь энд л байна шүү дээ” гэсэн шиг Чандманийн салхи хацар нүүрийг нь зөөлхөн илбэнэ.

2017.05.23

#book #freetime