Б.Мишээл: Үзэсгэлэнгийнхээ орлогыг "Ид шидийн орон"-д хандивлана


Сондор | YOLO.MN
2020-09-15

Арти Коур уран зургийн галлерейн сурагч 14 настай Б.Мишээл зургаан жилийн хугацаанд сурсан мэдсэнээ тайлагнан, анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэрбээр 2014 оноос эхлэн уран зургаар хичээллэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зурсан зургуудаасаа түүвэрлэн 40 орчим зургаа Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн юм.

Б.Мишээл хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэнгийнхээ орлогыг “Ид шидийн орон” төсөлд хандивлах бөгөөд нээлтийн үеэрээ хоёр ч зургаа сайн үйлсийн аянд нэгтгэхээр худалдаад амжсан.

Үзэсгэлэнгийнхээ талаар Б.Мишээл “2014 оноос эхлэн зурсан зургуудаа түүвэрлэн энэхүү үзэсгэлэнг гаргаж байна. Аав, ээж хоёр маань намайг багаас олон дугуйланд явуулдаг байсан. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, өөрийн дуртай зүйлийг олж аваасай гэж явуулсан олон дугуйлангаас хамгийн дуртай нь зураг. Зургийн дугуйланд явж эхэлснээс хойш мэдрэмж, өнгөний хоршил зэрэг маш олон зүйлийг суралцсан.

Мөн анхаарал төвлөрөх, сууж сурах, ажиглах гээд олон чадварыг эзэмшсэнээс гадна тайвшрах боломжийг зураг өгдөг. Зураг зурах нь надад маш их тусалдаг учраас би үзэсгэлэнгээ гаргаж, өөрийн бүтээлүүдийг хүмүүст сонирхуулахаас гадна зургаараа дамжуулан хүмүүст бага ч болов туслахыг хүссэн. Тиймээс хүүхдүүдэд сурч боловсроход нь тусалдаг Ид шидийн оронд үзэсгэлэнгийнхээ орлогыг хандивлана” гэсэн юм.

Түүний дэлгэсэн бүтээлүүд дунд зохиомж, хуулбар болон анхлан суралцаж байх үеийн хар зургууд зэрэг 40 орчим бүтээл байв.

Оюуны боловсрол, зургийн боловсролыг дэмжих сургалтыг явуулаад 13 дахь жилээ болж байгаа Арти Коур уран зургийн галлерейн суралцагчид маань олон улсын уралдаанд оролцох, гадаадын сургуулиудад суралцах гээд маш олон амжилтыг гаргасан бөгөөд ийнхүү тэдний нэг Б.Мишээлийн уран бүтээлийн үзэсгэлэн есдүгээр сарын 14-ныг хүртэл хоёр өдөр үргэлжилж Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болсон байна.

 

#Амжилт #Уран зургийн үзэсгэлэн