

Сүүлийн үед Instagram, TikTok зэрэг сошиал платформд хумс, утасны гэр, аяга, гоо сайхны бүтээгдэхүүн, тэр ч байтугай нүүрний маск хүртэл өнгө өнгийн жижиг гялалзсан гоёлоор чимэглэх тренд эрчимтэй тархаж байна.
“Би-дазлинг” (Bedazzling) гэж нэрлэгддэг энэ хэв маяг нь энгийн эд зүйлсийг жижиг гялалзсан чимэглэл, сувд, шигтгээ, хиймэл эрдэнийн чулуугаар гоёж, илүү өнгөлөг, этгээд харагдуулахыг хэлдэг. Энэ нь цоо шинэ зүйл биш бөгөөд 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн өнгөлөг, гялалзсан гоо сайхны хэв маяг өнөө үед дахин сэргэж буй хэлбэр юм.
Харин энэ удаагийн трендийг олны анхаарлын төвд хүчтэй оруулсан хүмүүсийн нэг нь Кайли Женнер болж байна.
КАЙЛИГИЙН ТӨРСӨН ӨДРИЙН БЯЛУУНААС ДАХИН СЭРГЭСЭН ТРЕНД
Кайли наймдугаар сарын 8-нд 29 насныхаа төрсөн өдрийг “Princess Kitty” сэдвээр тэмдэглэсэн бөгөөд баярын зураг, бичлэгүүдээ Instagram-д хуваалцсан юм. Түүний төрсөн өдрийн бялуунуудын нэг нь бүхэлдээ өнгө өнгийн жижиг эрдэнийн чимэглэлээр бүрсэн мэт харагдаж байсан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татжээ.
Үүгээр зогсохгүй Кайли баярын үеэр титэм, гялалзсан хумс, чимэглэсэн утасны гэр зэрэг олон төрлийн жижиг деталиар дүр төрхөө бүрдүүлсэн нь энэ хэв маягийг улам тодотгосон байна. Улмаар сошиал хэрэглэгчид “яагаад зөвхөн хувцас, хумсаа л чимэглэх ёстой гэж?” гэсэн мэтээр өдөр тутмын эд зүйлсээ хүртэл өнгө өнгийн гоёлоор чимэглэн зургаа хуваалцах болжээ.
Гэхдээ Кайли энэ трендийг өөрөө бий болгосон гэж ойлгож болохгүй. Харин олон жилийн өмнөх гялалзсан хэв маягийг оддын түвшинд дахин олны анхааралд оруулж, шинэ үеийн сошиал эстетик (aesthetic) болгож буй хүмүүсийн нэг гэж хэлж болно.

КАЙЛИГИЙН ХУМСЫГ МОНГОЛ АРТИСТ УРЛАЖЭЭ
Энэ трендийн Монголчуудад хамгийн сонирхолтой холбоос нь @nailsbyzola буюу Монгол маникюрист Зола Ганзоригт юм.
Кайлигийн сүүлийн үеийн гялалзсан хумсны дизайнуудыг Зола урласан бөгөөд Кайли өөрийн Instagram Story-д хумсныхаа зургийг нийтлэхдээ Золагийн инстаграм хуудсыг mention хийсэн байна.
Түүний хамгийн сүүлийн “Crystal Candy” хэмээн нэрлэгдсэн хумсны дизайн нь цайвар ягаан суурин дээр зүрх, ромбо, дугуй зэрэг хэлбэртэй олон өнгийн гялалзсан чимэглэл байрлуулснаараа яг энэ трендийн тод жишээ болжээ.
Зола өмнө нь ч Кайлигийн хумсыг урлаж байсан бөгөөд энэ оны хавар Кайлигийн хумсан дээр жижиг өнгөт чимэглэлээр цэцэг дүрсэлсэн загвар хийсэн нь мөн олны анхаарлыг татаж байв.

КАЙЛИ ӨӨРИЙН БРЭНДЭЭ Ч ТРЕНДТЭЙ ХОЛБОЖ ЭХЭЛЖЭЭ
Сонирхолтой нь Кайли зөвхөн өөрийн дүр төрхөөрөө энэ трендийг дагаад зогсохгүй өөрийн гоо сайхны брэнд болох Kylie Cosmetics-ийг ч энэ эстетиктэй холбож эхэлсэн байна. Тэрээр брэндийнхээ бүтээгдэхүүнүүд дээр өнгө өнгийг гоёлоор чимэглэж наасан зургуудыг @kyliecosmetics инстаграм хаягаар дамжуулан хуваалцсан байна.
Ингэснээр Кайлигийн хувьд энэ нь зүгээр нэг хувийн стиль биш, брэндийнхээ сурталчилгаанд ашиглаж болох визуал хэл болж хувирч байгаа нь анзаарагдаж байна.

НҮҮРНИЙ МАСК ХҮРТЭЛ ГОЁЛЫН АКСЕССУАР БОЛОВ
Харин сошиал хэрэглэгчдийн дунд тренд бүр илүү хөгжилтэй хэлбэрээр тархжээ.
Instagram, TikTok-д охид нүүрний маскныхаа гадаргуу дээр жижиг сувд, цэцэг, зүрх болон өнгө өнгийн гялалзсан чимэглэл нааж, маск тавьсан үеэ зураг, бичлэг болгон хуваалцах болсон байна. Өөрөөр хэлбэл энгийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хүртэл “зураг авахад гоё” аксессуар болж хувирчээ.

BEAUTY САЛБАРЫНХАН Ч ТРЕНДИЙГ СУРТАЛЧИЛГААНДАА АШИГЛАЖ БАЙНА
Энэ үзэгдлийг зөвхөн хэрэглэгчдийн сонирхол гэж харахад бас өрөөсгөл.
Гоо сайхны салбарынхан бүтээгдэхүүнийхээ зураг авалт, сошиал контентод сувд, шигтгээ, гялалзсан жижиг чимэглэл ашиглаж, бүтээгдэхүүнээ энэ трендтэй холбох болсон байна. Ингэснээр энгийн савлагаатай уруулын будаг, арьс арчилгааны бүтээгдэхүүн ч трендийн нэг хэсэг мэт харагдаж, хэрэглэгчийн анхаарлыг илүү хурдан татах боломжтой болж байна.
Ялангуяа хумсны салбарт энэ чиг хандлага маш хүчтэй ажиглагдаж байгаа бөгөөд өнгө өнгийн жижиг шигтгээтэй хумс 2026 оны зуны хамгийн анхаарал татсан маникюрын чиглэлүүдийн нэг болжээ. Кайлигаас гадна Dua Lipa, Sabrina Carpenter зэрэг одод ч ийм төрлийн хумсны загвараар харагдсан байна.

“БҮХ ЗҮЙЛЭЭ ГЯЛАЛЗУУЛЪЯ” ГЭСЭН ТРЕНД
Хамгийн сонирхолтой нь энэ тренд зөвхөн beauty салбарт үлдсэнгүй.
Утасны гэр, усны сав, аяга, цүнх, үсний хэрэглэл зэрэг өдөр тутмын эд зүйлсээ хүртэл жижиг өнгөт чимэглэлээр өөрчлөх бичлэгүүд сошиалд тархаж байна. Ингэхдээ заавал үнэтэй материал ашиглах шаардлагагүй. Хямдхан наадаг жижиг чимэглэл, сувд, шигтгээгээр өөрийн хэрэглэдэг эд зүйлсээ чимэглээд л трендэд нэгдэж болохоор.
Тиймээс энэ трендийн гол санаа нь үнэт эдлэлээр гангарч байгаа бус, энгийн зүйлсийг хэтрүүлэн чимэглэж, өөрийнхөөрөө хөгжилтэй болгох явдал юм. Кайли Женнерийн гялалзсан төрсөн өдөр, Монгол артист Золагийн урласан хумс, охидын чимэглэсэн нүүрний маск гээд энэ бүхэн нэг л зүйлийг харуулж байна.
2026 онд минималист, “цэвэрхэн” төрхөөс залхсан хүмүүсийн дунд өнгө, гялбаа, жижиг гоёлын эрин дахин эхэлж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!