Зөв гүйж, гэмтлээс сэргийлэх нь: Гүйж эхэлж буй хүмүүсийн гаргадаг 7 алдаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Эрүүл мэндээ дэмжих хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дасгалуудын нэг бол гүйлт билээ. Үнэтэй тоног төхөөрөмж болон тусгай орчин шаардахгүй учраас олон хүн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, жингээ зохицуулах болон стрессээ бууруулахын гүйлтийг сонгох болжээ.

Гэсэн хэдий ч гүйлтийн талаар олон буруу ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Их хөлөрвөл илүү их өөх шатна,  удаан гүйх нь илүү үр дүнтэй зэрэг буруу ташаа ойголтууд байдаг. Мөн зөв арга барилгүй буруу гүйх нь хүссэн үр дүнд хүргэхгүйгээс гадна гэмтэл авах ч эрсдэлийг бий болгодог. Тиймээс гүйлтийн талаарх түгээмэл ташаа ойлголтуудын цаадах үнэн зөв мэдээллийг ойлгох нь илүү аюулгүй, үр дүнтэй гүйхэд чухал юм.

Хурдан гүйх тусам илүү үр дүнтэй.

Олон хүн гүйх бүрдээ аль болох хурдан, хүчтэй гүйх хэрэгтэй гэж боддог. Гэвч мэргэжлийн гүйлтийн бэлтгэлд нийт ачааллын ихэнх хэсгийг бага эрчимтэй гүйлт эзэлдэг. Zone 2 буюу бага эрчимтэй бүсэд гүйх үед зүрхний ачаалал хэт нэмэгдэхгүйгээр тэсвэр сайжирч, өөх тосыг энерги болгон ашиглах чадвар нэмэгддэг.

Өөрт тохирсон хэмнэлээр гүйж буйгаа мэдэх энгийн арга нь ярианы тест юм. Гүйж байхдаа бүтэн өгүүлбэрээр ярьж чадаж байвал та зөв эрчимтэй гүйж байна гэсэн үг.

Өдөр бүр амралтгүй гүйх ёстой.

Бие махбодь дасгал хийж байх үед биш, харин дасгалын дараах амралтын үед илүү хүчтэй болдог. Гүйх үед булчинд жижиг гэмтэл үүсдэг бөгөөд амрах хугацаанд бие тэдгээрийг нөхөн сэргээж, илүү тэсвэртэй болгодог.

Өдөр бүр хэт их гүйх нь ядаргаа, нойрны асуудал, гэмтэлд хүргэж болно. Анхлан гүйж эхлэгчид долоо хоногт 3-4 удаа гүйж, бусад өдөр нь алхах, сунгалт хийх зэрэг хөнгөн хөдөлгөөн хийхэд тохиромжтой.

Өвдөлтийг тэсвэрлэж гүйх хэрэгтэй.

Дасгалын дараа булчингийн бага зэрэг чилэх нь хэвийн. Харин өвдөг, шагай, ахиллын шөрмөс, шилбэ зэрэг хэсгээр хүчтэй өвдөх нь гэмтлийн шинж байж болно. Ялангуяа гүйгчдэд тулгардаг гол асуудлуудын нэг нь өвдөгний өвдөлт.

Амралтгүй удаан гүйх үед өвдөгний нүдээр өвдөх нь элбэг. Үүнийг тоолгүй гүйснээр урт хугацаандаа хөлний үе мөчний асуудалтай болох ч эрсдэлтэй. Өвдөлтийг үл тоож үргэлжлүүлэн гүйх нь удаан хугацааны асуудал үүсгэж болно.

Хөлс их гарах тусам өөх их шатдаг.

Хөлрөх нь биеийн температурыг зохицуулах байгалийн процесс юм. Халуун үед эсвэл зузаан хувцастай гүйхэд хүн илүү их хөлөрдөг ч энэ нь илүү их өөх шатаж байна гэсэн үг биш.

Гүйлтийн дараа жин буурсан харагддаг нь ихэнхдээ ус алдсантай холбоотой байдаг. Өөх буурах нь нийт хөдөлгөөн, хооллолт, дасгалын тогтмол байдлаас хамаарна.

Гүйхийн өмнө заавал удаан сунгалт хийх хэрэгтэй

Хөдөлгөөнгүй байрлалд булчингаа удаан сунгах статик сунгалтыг гүйхийн өмнө хийх нь зарим тохиолдолд булчингийн хүчийг түр хугацаанд бууруулж болно. Харин хөлөө хөдөлгөх, үе мөчөө халаах, бага зэрэг алхах зэрэг динамик халаалт нь биеийг гүйлтэд бэлддэг. Сунгалтыг гүйлтийн дараа булчин тайвшруулах зорилгоор хийх нь илүү тохиромжтой.

Дан ганц зориулалтын гутал л хангалттай.

Сайн гүйлтийн гутал нь хөлийн ачааллыг бууруулахад тусалдаг ч гэмтлээс бүрэн хамгаалж чаддаггүй. Гэмтлийн гол шалтгаан нь ихэвчлэн буруу техник, булчингийн сулрал, ачааллыг хэт хурдан нэмэгдүүлэхтэй холбоотой байдаг. Зөв гишгэлт болоод биед ирэх ачааллаа зөв тохируулах нь гутлаас дутахгүй чухал.

Жин хасахын тулд зөвхөн удаан хугацаагаар гүйх хэрэгтэй.

Өөх бууруулах үндсэн зарчим бол биеийн зарцуулж буй энерги хэрэглэж буй энергиэсээ их байх юм. Өдөр бүр урт зайд гүйх нь зарим хүмүүст хэт их ядаргаа үүсгэж, хоолны дуршлыг нэмэгдүүлэх боломжтой .Харин тогтмол 20-40 минутын гүйлт, мөн зарим үед хурдны интервалтай дасгал хийх нь үр дүнтэй байдаг.

Тасралтгүй урт зайд гүйх нь сайн.

Анхлан гүйгч хүн шууд урт зайд гүйх шаардлагагүй. Зүрх, уушги хурдан дасдаг ч шөрмөс, үе мөч илүү удаан хугацаанд ачаалалд дасдаг. Тиймээс эхлэгчдэд гүйлт болон алхалтыг хослуулах арга хамгийн тохиромжтой.

Жишээ нь:

  • 5 минут хурдан алхаж халаах
  • 1-2 минут хөнгөн гүйх
  • 1 минут алхах
  • Үүнийг хэд хэдэн удаа давтах
  • Эцэст нь тайван алхаж, сунгалт хийх

Ингэж ачааллаа бага багаар нэмэх нь гэмтлээс сэргийлж, удаан хугацаанд гүйх дадал бий болгодог. Гүйлт бол зөвхөн хурд эсвэл зайгаар хэмжигдэх спорт биш. Хамгийн чухал зүйл нь биеийнхээ онцлогийг ойлгож, зөв техникээр, тогтвортой хичээллэх явдал юм.

Илүү хурдан эсвэл илүү хол гүйхээс илүүтэй тогтмол гүйх, амрах, биеэ сонсох нь урт хугацаанд илүү үр дүнтэй. Тогтмол хийсэн 20 минутын хөнгөн гүйлт нь хааяа нэг удаа өөрийгөө хэт ядрааж гүйхээс илүү эрүүл мэндэд ашигтай байдаг.

#Зөв гүйх #гүйлт