

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг дэмжин таниулахыг зорьдог business.mn медиа компаниас зохион байгуулдаг “Бизнес Цэнэг” өглөөний уулзалт 2-р сарын 11-нд зохион байгуулагдав.
Ерөнхийдөө тус арга хэмжээнд ирээдүйн ажлын байрны чиг хандлага, аливаа өөрчлөлт нөхцөл байдалд хурдан дасан зохицох чадвар буюу ур чадварт суурилсан ирээдүйн талаар онцлон хэлэлцэж, мэдээлэл солилцов. Мөн технологид суурилсан ур чадварын ач холбогдол, байгууллагын соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудалд төвлөрсөн арга хэмжээ боллоо.
Нийт дөрвөн үндсэн илтгэгч оролцсон бөгөөд тэдний илтгэсэн сэдвүүдийн гол агуулгыг тоймлон хүргэхээр бэлдлээ.
КОМПАНИЙГ УНАЛТААС ХАМГААЛАХ HR СТРАТЕГИ: УР ЧАДВАРТ СУУРИЛСАН ИРЭЭДҮЙ

Тус сэдвийн хүрээнд хүний нөөцийн салбарт 25 гаруй жил ажиллаж байгаа Б.Баясгалан өөрийн туршлага дээр үндэслэн мэдээ мэдээлэл хүргэв.
Тэрээр хүн төвтэй менежментийн хүрээнд ур чадварт суурилсан байгууллагын стратеги сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй хөгжиж байгааг онцолж байлаа. Ажлын орчин улам уян хатан болж, зөвхөн үйл явцад бус үр дүнд чиглэн ажиллах хандлага давамгайлж байгаа юм.
Албан тушаал дангаар ажлыг бүрэн тодорхойлж чадахгүй тул ур чадварт суурилсан арга барил шаардлагатай болжээ. Тиймээс багаар ажиллах чадвар чухал ач холбогдолтой болж байна. Зах зээлийн огцом өөрчлөлтөд хурдан дасан зохицож чаддаггүй байгууллагуудын хувьд уян хатан, олон талын ур чадвартай ажилтнууд зайлшгүй хэрэгтэй.
Уламжлалт бүтцээс илүүтэй тухайн хүн яг ямар ур чадвартай вэ гэдгийг тодорхойлж, хүний нөөцийн бодлогоор төлөвлөх шаардлагатай. Нэг ажилтан ганц үүрэг гүйцэтгэхээс гадна хоёр, гурван төрлийн ур чадварыг зэрэг ашиглах боломжтой тул байгууллагууд үүнийг оновчтой ашиглах хэрэгтэй. Тэр ч бүү хэл нэг өдөр нэг багт, дараагийн өдөр өөр багт ажиллах боломж бүрдэж байна.
Даяаршлын энэ үед залуу үеийнхэн маань богино хугацаанд шинэ чадварыг эзэмших бүрэн боломжтой болсон. Тиймээс “Яг юу мэддэг вэ?” гэхээс илүү “Юу хийж чаддаг вэ?, хэр хурдтай, үр дүнтэй гүйцэтгэж чадах вэ?” гэдэг нь илүү чухал болж байна.
Зах зээлийн өөрчлөлтөд хамгийн хурдан хариу үйлдэл үзүүлж чадсан компани тогтвортой, амжилттай ажиллах магадлал өндөр байдаг. 2022 оны судалгаагаар ур чадварт суурилсан компаниудын өөрчлөлтөд дасан зохицох чадвар 2-3 дахин өндөр байна гэсэн үр дүн гарсан байна.
ХҮЧИРХЭГ АЖИЛТНУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Ньюком группийн Хөрөнгө оруулалт, бизнес хариуцсан захирал О.Оч “Хүчирхэг ажилтнуудыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр empowered буюу өөрийгөө таньж мэдсэн, өөрийгөө үнэлдэг, мөн байгууллагадаа үнэлэгдэж чадсан ажилтныг жинхэнэ хүчирхэг ажилтан гэж тодорхойлсон юм. Өөрийгөө үнэлэх чадвар болон бусдаар үнэлэгдэх байдал хоёрын огтлолцолд ур чадвартай, нөлөө бүхий ажилтан бий болдог хэмээн онцоллоо.
Санхүүгийн мэргэжилтэй түүний хувьд бизнесийн үнэлгээ хийдэг туршлагадаа тулгуурлан байгууллага компанийн өнөөгийн үнэ цэнийг тооцдогтой адил ажилтны үнэ цэнийг ч мөн бодитоор үнэлэх боломжтой гэдгийг дурдсан. Ажилтнуудын ур чадварыг давуу болон сул талаас нь зөв үнэлж, хэрэгцээг тодорхойлох нь ажлаас гарах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг тэрээр тодотгож байлаа.
ЯАГААД ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ГЭЖ?


“UB Cab Holding”-ийн гүйцэтгэх захирал О.Золбаяр технологийн хөгжил, дижитал шилжилтийг Монгол улсад илүү эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолж байв. Түүний хэлснээр технологийн компани гэдэг нь тусдаа салбар гэсэн ойлголт биш, харин бизнесийн шилжилтийн суурь дэд бүтэц юм. Өөрөөр хэлбэл, өнөө үед ямар ч компани технологид тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах боломжтой.
Мөн тэрээр Amazon компанийн гол философи буюу “Таны зардал бол миний боломж.” хэмээн тайлбарласан. Үүний утга нь бараа бүтээгдэхүүний зардлын бүтцэд технологиор дамжуулан үр ашиг бий болгож, үнэ цэнийг нэмэгдүүлдэг тухай ойлголт юм.Өнөөдөр технологи бүх төрлийн бизнест нэвтэрч, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг илүү үр ашигтай, зардал багатай болгоход гол үүрэг гүйцэтгэж байна.
Олон улсын орнууд аль хэдийн бараа, үйлчилгээгээ технологид түшиглэн борлуулах шилжилтэд орсон тул бид ч мөн адил энэ өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай. Технологи бол суурь учраас дижитал компаниуд бий болж, зах зээлийн өрсөлдөөн шинэ шатанд гарч байна. Хэрэв бид дижитал шилжилтийг хурдтай ойлгож, хэрэгжүүлэхгүй бол ирээдүйд өрсөлдөх чадвар улам буурах эрсдэлтэйг энэ сэдвийн хүрээнд тодотгож байлаа.
СОЁЛ БОЛ БИЗНЕСИЙН УРТ ХУГАЦААНЫ СТРАТЕГИ

Тус сэдвийн хүрээнд MCS группийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр илтгэл тавьж, байгууллагын соёлын ач холбогдлын талаар дэлгэрүүлэн мэдээлэл хүргэв. Ерөнхийдөө бүх зүйлийг дүрэм журмаар бүрэн зохицуулах боломжгүй бөгөөд өдөр тутам гардаг олон шийдвэрийн суурь нь соёл хэмээн тодотгож байв.
Байгууллагын соёл нь зөв хүмүүсийг татах, тэднийг тогтоон барих, урам зоригтой, итгэл дүүрэн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Ижил нөөц, ижил стратегитай хоёр компани байлаа ч ямар соёлтой вэ гэдгээсээ хамааран үр дүн нь эрс ялгаатай байж болно. Иймээс соёл бол бодит өрсөлдөөний давуу тал юм.
MCS групп 2006-2016 оны хооронд бизнесээ өсгөх 10 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүний нэг онцлох хэсэг нь OCS буюу стратегийн хэрэгжилтийг соёлын судалгаагаар хэмжиж, сайжруулалтын ажлыг тогтмол хийдэг болсон явдал байв.
Байгууллагын соёлыг бүтээн, хадгалахын тулд байгууллага өөрийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж, ажилтан сонгон шалгаруулахдаа эдгээр үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэхийг чухалчилдаг болсон. Үүний үр дүнд компанийн хэмжээ тав дахин өссөн байна. Мөн ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч хэвшсэн нь олон мянган ажилтны урам зориг, тогтвортой байдлыг хадгалах чухал хөшүүрэг болжээ.
Тиймээс соёлыг зориудаар бүрдүүлж, мянга мянган ажилчдын жижиг, том шийдвэрийг нэг үнэт зүйл, нэг чиг баримжаатай уялдуулах нь чухал. Зөв соёл, зөв орчныг бүрдүүлж чадвал ажилтнууд өдөр тутамдаа хүлээлтээс давсан зөв шийдвэр гаргаж, байгууллагад төсөөлснөөс илүү үр ашиг авчирна гэдгийг тэрээр онцолж байлаа.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗУРГУУД
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!