А.Сайханцэцэг: НOМ УНШИХААР туулж үзээгүй амьдралаа ТУУЛСАН МЭТ МЭДРЭМЖ төрдөг


Сондор | YOLO.MN
2017-05-15

“Сэтгэл санаа тавгүй ч юм уу, гутарсан үедээ ном уншаад л эрч хүч аваад, сэтгэл сэргэчихдэг дээ” хэмээн инээд алдан ярих энэ охиныг А.Сайханцэцэг гэдэг. Түүнийг бид “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсоноор нь илүүтэй мэдэх байх. YOLO.mn түүнтэй хэсэг хором ярилцаж түүний үзэл бодол, цаашдынх нь хүсэл мөрөөдлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

YOLO: Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
Сайн байна уу. Намайг А.Сайханцэцэг гэдэг. Би Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн 10-р ангид суралцдаг. Айлын дунд хүүхэд. Ном унших болон дуу дуулах дуртай.

YOLO: Өөрийг тань “Авьяаслаг Монголчууд” шоунд орсноос хойш хүмүүсийн хандлага хэр их өөрчлөгдсөн бэ?
Нэлээн өөрчлөгдсөн шдээ. Тэр нэвтрүүлэгт орохоос өмнө би их айдастай байсан. Тэр нь “Энэ нийгэм намайг хүлээж авахгүй байх...” гэсэн далд айдас юм л даа. Гэтэл миний бодсоноос харин ч эсрэгээрээ буюу хүмүүсийн хандлага маш эерэг байсан нь сайхан санагдсан. “Би бусдын л адил хүн юм байна. Би бусадтай өрсөлдөж, эн тэнцүү байж чадах юм байна” гэх бодлыг төрүүлж байснаа нуухгүй ээ.

Нэвтрүүлэг гарснаас хойш надтай маш олон хүн холбогдон ярилцаж, дэмждэгээ илэрхийлж, ном бэлэглэж, миний ертөнцтэй танилцсан.

YOLO: Тэрхүү нэвтрүүлэгт оролцох нь чиний өөрийн санаа байсан уу?
Тэр бол манай ахын санаа байсан. Гол зорилго нь түрүүлж, цаашаа шат ахихдаа гол нь байгаагүй. Би гэдэг хүн чухам хэн юм бэ, би энэ нийгэмд ямар байр суурь эзэлж байна вэ, бүр цаашлаад би төрсөн нь үнэн ч ер нь хүн мөн үү гэдгээ л мэдэхийг хүссэн учраас оролцсон. Миний оролцсон дугаар зурагтаар гарч байхад аль хэдийнэ шилдэг 32 оролцогч ч шалгарчихсан байсан. Харин миний дугаар гарснаас хойш хүмүүсийн эерэг хандлага миний бодлыг өөрчилсөн.

YOLO: Чука шүүгчээс бусад нь чамайг тэнцүүлсэн шүү дээ. Түүний хэлсэн үг хатуу санагдаж байсан уу, чи гомдоогүй биз дээ?
Тэр бол шүүгчийн үзэл бодол, тиймээс ч би үзэл бодлыг нь хүндэтгэнэ. Харин намайг тайзнаас гараад явсны дараа бусад шүүгчидтэйгээ тэгж чанга дуугаар зөрчилдөж байгаа нь надад огтхон ч таалагдаагүй. Би яг шалгаруулалтад ордог өдрөө тэднийг тэгж зөрчилдсөнийг мэдээгүй юм. Харин яг миний дугаар зурагтаар гарах үед тэдний маргалдаж байгааг сонсоод бага зэрэг эмзэглэсэн. Нэгдүгээр шатанд тэнцэх л миний зорилго байсан. Тэгээд л бол оо.

Хэрэв би хараа орчихвол хамгийн түрүүнд өөрийгөө толинд харна. Толинд хараад бусад охид шиг уруулаа өнгөлж үзнэ.

А.Сайханцэцэг

YOLO: Хүмүүсийн урам зориг, эерэг хандлагаас чи өөрийгөө хүн гэдгээ мэдэрсэн гэлээ. Тэгвэл өмнө нь өөрийгөө хэн гэж боддог байсан юм бэ?
Би өмнө нь өөртөө итгэлгүй, шантрамтгай, гутрахдаа амархан, хэн нэгэн “Чи хараагүй” гэж хэлэхэд нь их эмзэглэдэг байсан. Харин тэрхүү нэвтрүүлэгт оролцоод би энэ нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн нэр төр, орон зайтай хүн гэдгээ ойлгосон гэсэн санааг хэлэх гэсэн юм.

YOLO: “Чи хараагүй, харааны бэрхшээлтэй хүн” гэж шууд хэлдэг хүмүүс байдаг гэж үү?
Өө байлгүй яах вэ. Гадаа гудамжинд явж байхад санамсаргүй мөргөлдөхөөр “Сохор юм уу, замаа хараад яваач” гэдэг үгийг хааяа сонсдог. Тэр болгонд нь “Тийм ээ, би сохор юм аа. Уучлаарай” гээд л өнгөрдөг. Тэгж хэлэхээр “Шшш, чааваас даа” гээд халаглаад өнгөрөх ч хүмүүс байдаг. “Сохор юм байж ийм хөл хөдөлгөөнтэй замаар яваад байхдаа яадаг юм бэ” гэж загнах хүнтэй ч таарч байлаа. Гэхдээ одоо бол тэр болгоныг нь хүндээр хүлээж авахаа больсон л доо.

YOLO: Гэхдээ тус болох хүмүүс тэднээс ч олон байх тийм үү?
Тэгэлгүй яахав. Зам хөндлөн гарах гээд зогсож байвал зарим нь “Алив эгч нь тусалъя” гэдэг юм. Эсвэл таксидаад явахад жолооч нь “Нэг ч гэсэн өдрийн мөнгөө хэмнэ ээ, ах нь мөнгө авахгүй” гэдэг. Таягаа дайруулчихаад яахаа мэдэхгүй зогсож байхад гэрт минь хүргэж өгсөн ч хүн бий. Сайн хүмүүс зөндөө байдаг. Намайг хамгийн ихээр тусалж дэмждэг харь элгийн хүн бол миний бага ангийн багш н.Тунгалаг юм. Яг л ээж шиг минь намайг хайрладаг. Тунгаа багшдаа маш их баярлаж явдаг.

YOLO: Танай сургууль 100 айлд байдаг шүү дээ. Хараагүй хүн байтугай хараатай хүн ч явахад хүндрэлтэй “чихэлдсэн” газар. Чи сургуульдаа хэрхэн явж, хэрхэн харьдаг вэ?
Өглөө гэрийнхээ хэн нэгнээр хүргүүлээд өдөр нь өөрөө таксидаад эсвэл заримдаа алхаад харина даа. Зам хөндлөн гарахдаа олны хөлийг дагаад л гарчихдаг юм. Буруу гэрлээр зам хөндлөн гарч байгаа хүнийг дагаад гарчих тохиолдол бас байна. (инээв)


YOLO: Алхахаар хараагүй хүнд зориулагдсан зам талбай хэр хангалттай санагддаг вэ?
Хэцүү шдээ. Ер нь байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрахгүй бол би цаашид аж төрөхөд бэрх шүү дээ. Тиймээс аливаад дасан зохицохыг л хичээдэг дээ. Нөгөөтэйгүүр хараагүй байгаа нь миний бэрхшээл биш зориулалтын зам талбай байхгүй, зарим хүмүүсийн сөрөг хандлага нь л бэрхшээл болдог.  

YOLO: Нийгэмд дутагдалтай байгаа, нэн түрүүнд анхаарах ёстой зүйлийг юу гэж бодож байна вэ?
Иргэдийнхээ үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Мөн хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө жаахан гэж гололгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрийнхөө хүсэж байгаа зүйлсийг томчуудад хэлэх хэрэгтэй. Эрх чинь зөрчигдөж байвал хэлэх ёстой газар нь хэлж, хандах л хэрэгтэй. Иргэдийн дуу хоолой л маш чухал гэж би боддог.

YOLO: “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон чинь өөрийн дуу хоолойг нийгэмд хүргэх эхлэл нь гэж бодлоо. Тэгвэл цаашид яаж өөрийн дуу хоолойгоо илэрхийлсээр байх вэ?
“Авьяаслаг монголчууд” шоунд оролцоод л миний амьдрал дуусчихгүй. Тиймээс хийнэ гэж төлөвлөсөн зөндөө зүйл дотор минь байна. Жишээ нь өөрийнхөө амьдралын тухай ном гаргах гэх мэт. Хүмүүс намайг тодорхой хэмжээнд мэддэг болчихсон учраас энэ нь надад дуу хоолойгоо хүргэхэд давуу тал болж байна. Тиймээс би зүгээр суухгүй ээ, юм хийсээр л байх болно.

YOLO: Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн дуу хоолой, байр сууриа ниймэмд их хүчтэй хүргэж байна. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29-р сургуулийнхан тулгардаг асуудлаа ил болгож, захирал нь халагдсан. Нийгэм ч нэг үеийг бодоход тэднийг их дэмжиж, ойлгодог болжээ. Чи энэ талаар ямар бодолтой байна вэ?
Тэд дуу хоолойгоо хүргэх ёстой байсан, хүргэсэн, үр дүнд хүрсэн. Манай 116-р сургууль ч гэсэн маш их асуудалтай байгаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг л асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод хэдэн зуун мянган хүүхэд маш хэцүү байдалтай эвлэрэн амьдардаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Манай томчууд гэлтгүй, өсвөр насныхан ч үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Сенсацилж ярихаасаа илүүтэй тэдэнд яаж тус болох талаар анхаарах хэрэгтэй мэт санагддаг. Бид л дуу хоолойгоо илэрхийлэхгүй л бол хэн ч анзаарч, хэн ч анхаарахгүй шүү дээ.

Хараагүй байгаа нь миний бэрхшээл биш зориулалтын зам талбай байхгүй, зарим хүмүүсийн сөрөг хандлага нь л бэрхшээл болдог. 

А.Сайханцэцэг

YOLO: “Эх орондоо хэрэгтэй, сайн хүн болохыг мөрөөддөг” гэсэн шүү дээ. Том болоод яг ямар хүн болохыг хүсэж байна вэ?
Яг ямар хүнийг сайн хүн гээд байгаа тодорхойлолт нь их чухал л даа. Эх орныхоо төлөө хийсэн зүйлтэй, эцэг эхийнхээ ачийг хариулаад, олон нийтийн сайн сайхны төлөө үйл хийсэн, нэг үгээр намайг үгүй болсон ч тухайн хийсэн зүйлийн минь үр шим байж л байдаг, хүмүүс сайнаар дурсан ярьж байдаг тийм л хүн болохыг хүсдэг гэсэн үг л дээ. Хүн болгонд эх оронч үзэл бодол байх ёстой гэж би боддог юм.

YOLO: Ном уншихын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?
Харааны бэрхшээлтэй хүн  нийгмээс их тусгаарлагдмал амьдардаг. Гэр сургууль, сургууль гэр гэсэн л замтай. Сургууль нь ч гэсэн тийм ч нээлттэй бус, хаагдмал. Тэгэхээр ном л нийгэмтэй танилцуулж, өөрийн амьдарч үзээгүй цаг хугацаа, орон зайгаар төсөөллөөрөө дамжуулж аялж болно. Өөрийнхөө мэдэхийг хүссэн ямар ч зүйлийг тэндээс мэдэж болдог. Мөн ном уншсанаар туулж үзээгүй амьдралаа туулсан мэт мэдэрч чаддагт л гол сайхан чанар нь оршдог. Сэтгэл санаа тавгүй ч юм уу, гутарсан үедээ ном уншаад л эрч хүч аваад, сэтгэл сэргэчихдэг дээ. Би ихэвчлэн зуны амралтаараа ном их уншдаг юм.

YOLO: Нийт хэдэн ном уншсан бэ?
Аль дээр тооцоод үзсэн 330 байсан. Тэрнээс хойш нэлээн хэдийг уншсан. Одоо бол яг нарийн хэлж мэдэхгүй байна аа. smiley

YOLO: Хамгийн их сэтгэлд чинь хүрч, таалагдсан ном?
Би түүхэн болон уран зохиолын ном их унших дуртай. 13-р зууны үеийн нийгэм, цэргийн байдлын талаар өгүүлэх И.Саньцарын “Тооноор тольдогч сүүлт од” хэмээх зохиол надад маш их таалагддаг. Хэдэн ч удаа уншсан уйдамгүй гоё ном. (инээв) Түүхээс гадна хүний амьдралын утга учир зэргийн талаар гардаг учир унших дуртай.

YOLO: Гадаад хэлтэй юу?
Би багадаа эмчилгээ хийлгэхээр гэр бүлээрээ Солонгост хэдэн жил амьдарсан юм. Тухайн үед сурсан Солонгос хэлний мэдлэг одоо бага зэрэг бий. Дунд сургуулиа төгсөөд гадаадад дээд боловсрол эзэмших бодолтой байдаг учир одоо англи хэл сурч байна.

Миний нүдний оронд нүд болдог эгч, ах нартаа маш их баярлаж явдаг

А.Сайханцэцэг

YOLO: Чиний бусад мэдрэхүй их сайн хөгжсөн үү?
Зургаа дахь мэдрэхүй ч гэх юм уу, би хэчнээн харахгүй байгаа ч урд хана, хүн эсвэл түмпэнтэй ус, шат байгааг мэдрээд байдаг юм. (инээв)

YOLO: Даанч тийм байх аа. Чамайг сая хөтлөөд орж ирэхдээ урд шат байгаа гэдгийг хэлэхээ мартчихсан байхад чи өөрөө хөлөө шууд л өргөөд алхахаар чинь би их гайхаж байлаа.

Хэ хэ, тийм. Би ингээд л урд юу байгаагаа мэдрээд байдаг юм. Бусад найзуудаасаа ийм зүйл мэдэрдэг үү гэхэд тэд “үгүй” гээд байдаг юм. “Чи хараатай юм байж худлаа хараагүй гээд байдаг юм биш үү” гээд намайг бүр цаашлуулна гээч. (инээв) laugh

YOLO: Хэзээ нэгэн цагт хараа орвол чи хамгийн түрүүнд юу харахыг хүсэж байна вэ?
Би ээж аавдаа тоглоод “Би хараа орвол та хоёрыг танихгүй л зөрөөд явна шүү” гэдэг юм. Хамгийн сүүлд дөрвөн настайдаа харсан болохоор би тэднийхээ царайг аль хэдийнэ мартчихсан. Хэрэв би хараа орчихвол хамгийн түрүүнд өөрийгөө толинд харна. Толинд хараад бусад охид шиг уруулаа өнгөлж үзнэ.

Миний нүдний оронд нүд болдог үеэл эгч минь бий. Тэр эгч маань “Авьяаслаг Монголчууд” шоуны улаан хивсний ёслолд надтай цуг явсан юм. “За Чимэгээ шүүгч тийм даашинзтай, үсээ тэгээд янзалсан, уруулаа тийм өнгөөр будчихсан гараад ирлээ” гээд л хэлж өгнө, хөөрхөн. Надтай кино үзсэн хүмүүс чинь их азгүй шдээ. (инээв) Ам хуурай байхгүй, доорх тайлбар орчуулгыг нь уншиж өгнө, хүмүүсийг нь дүрсэлнэ. Эсвэл гадуур хамт явж байвал “Чиний хажуугаар тийм хувцастай, тийм царайтай хүн өнгөрлөө” гээд яг л харсан мэт мэдрэмж төрүүлэхээр хэлж өгдөг юм. Миний нүдний оронд нүд болдог эгч, ах нартаа маш их баярлаж явдаг.

Ном уншсанаар туулж үзээгүй амьдралаа туулсан мэт мэдэрч чаддагт л гол сайхан чанар нь оршдог. Сэтгэл санаа тавгүй ч юм уу, гутарсан үедээ ном уншаад л эрч хүч аваад, сэтгэл сэргэчихдэг дээ.

А.Сайханцэцэг

YOLO: Нийт хүүхэд залууст хандаж хэлэх зүйл байна уу?
Би сүүлийн үед нэг зүйлийг маш ихээр ухаарч байна. Тэр нь ээж аав гэх эрхэм хүмүүс дахин хэзээ ч бидэнд олдохгүй гэдгийг их бодох болсон. Өсвөр насны хүүхдүүд эцэг эхийнхээ үгнээс их гаждаг, хэлсэн зүйлийнх нь эсрэгээр юмыг хийх гэдэг. Хүн одоогийнхоо биш ирээдүйд хэн байх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Түүний тулд чамд гол чиглүүлэгч, туслагч чинь ээж аав чинь л болж өгдөг.

Мөн алсын ирээдүйд ээж аав чинь үгүй болно, тиймээс тэднийгээ одоо л хайрлаарай. “Би хүүхэд юм чинь юугаа ч мэдэхгүй, би жаахан” гэж өөрийгөө өмөөрч тэднийхээ ачийг хариулах талаар ч бодохыг хүсэхгүй хүүхдүүд бий. Ачийг нь хариулна гэхээр том зүйл бодож магадгүй. Аяга тавгаа угаах, гэрээ цэвэрлэх, үгэнд орох, гэртээ эрт ирэх, хорт муу зуршлаас хол байх, зөвлөгөөг нь дагах гэх мэт энгийн зүйлээс л эхэлнэ шүү дээ. Үр хүүхэд нь зөв бодолтой, зөв замаар л явж байвал эцэг эхэд баяр баяслыг авчирч ачийг нь хариулснаас өөрцгүй юм шүү дээ.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Сурлага бүтээлийн өндөр амжилт хүсье.

Та бүхэнд ч мөн баярлалаа.

 

#book #teenegars