IELTS-аас өндөр оноо авч чаддаггүй 7 шалтгаан


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2019-12-09

Хангалттай бэлдсэн ч хүссэн оноондоо хүрч чадахгүй байна уу? Тэгвэл дараах шалтгаануудыг уншаад үзээрэй. Магадгүй хариулт нь олдож мэдэх юм. 

1. НЭГ ЧАДВАРТ ХЭТ ИХ АНХААРАХ

Хүмүүс IELTS-д бэлдэх нийт хугацааныхаа турш өөрийнхөө чаддаггүй хэсэгт хамаг цагаа зарцуулах тохиолдол бий. IELTS таны дөрвөн чадварыг шалгана гэдгийг сана. Зарим хүмүүс унших хэсэг дээр тааруу оноо авсан ч бусад гурван хэсэг дээр өндөр оноо авах тохиолдол бий. Ийнхүү хамгийн тааруу оноо авсан хэсгээ маш сайн бэлдээд, бусдыг нь орхигдуулаад дахин шалгалт өгдөг. Гэтэл үр дүн эсрэгээрээ гарах тохиолдол цөөнгүй. Өөрөөр хэлбэл, IELTS-д бэлдэхдээ дөрвөн чадвараа бүгдийг нь ахиулах ёстой гэсэн үг. 

2. БИЧИХ ХЭСГИЙГ ЦЭЭЖЛЭХ

Зарим хүмүүс өндөр оноо авахын тулд өмнө нь шалгалтад ирж байсан даалгавруудыг цээжилдэг тохиолдол бий. IELTS-ийн бичгийн шалгалтын даалгаврууд нь төстэй байдаг. Гэхдээ цээжилнэ гэдэг хамгийн муу арга. 

Шинэ үг хэллэг цээжлэх ч асуудал биш л дээ. Харин даалгавруудыг цээжлэх нь таны цагийг үрсэн хэрэг болно. Учир нь IELTS таны толгойг 360 хэм эргүүлээд ч зогсохгүй цаг гаргаж цээжилсэн зүйлс огт хэрэггүй хог болох ч магадлалтай. Үүний оронд даалгавруудыг тогтмол ажиллаж, өөрт шинэ мэдлэг хуримтлуулсан нь илүү үр дүнтэй.

3. ЯРИАНЫ ШАЛГАЛТАД ДҮРМИЙН ТАЛААР ХЭТ ИХ БОДОХ

Мэдээж ярианы ур чадвараа сайжруулахын тулд дүрэм, толь бичиг ашиглах нь гарцаагүй. Гэсэн ч шалгалтын үед ашиглах ёстой үгс, дүрмээ л мэдэж байхад хангалттай. Оюутнуудын түгээмэл гаргадаг алдаа нь “маш их бодох”. Ярианы шалгалт өгөгдсөн хугацаатай байдаг учраас тэр хугацаандаа багтааж үзэл бодлоо илэрхийлэх нь хамгийн чухал. Гэтэл ихэнх оюутнууд асуултад хариулахаасаа өмнө ашиглаж буй үгийн сан, дүрмээ бодож цаг алддаг. Ярьж байхдаа ч маш их зогсолт авч боддог нь хамгийн том алдаа. 

Бодит байдал дээр “хариулт л хамгийн чухал”. Тиймээс ямар дүрэм, үг ашиглахаа бодохоос илүүтэй асуултдаа тохирсон хариулт бодох нь чухал. Хариултаа дотроо цэгцтэй бодчихсон байхад  аяндаа л үг нь ороод ирэх болно.

4. СОНСГОЛЫН ЦАГИЙН АШИГГҮЙ ӨНГӨРӨӨХ

IELTS шалгалтын бүх хэсгийн даалгавар таниас өндөр түвшний, чанартай гүйцэтгэлийг хүлээж байдаг. Мөн цаг хуваарилалтын тал дээр ч мөн адил даалгавруудыг гүйцэтгэх хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцсон байдаг. 

Гэвч ихэнх оюутнууд сонсох шалгалт өгөхдөө өгөгдсөн хугацаагаа үр ашиггүй зарцуулдаг. Хариултын хуудас тарааж өгч, сонсголын даалгаврыг эхлүүлэхээс өмнө асуултуудаа уншиж, урьдчилан таамаглах хугацаа байдаг. Хэдий богино хугацаа боловч өндөр оноо авахад тань туслах учраас цаашид хариултын хуудсаа уншиж, таамаглал дэвшүүлж байх хэрэгтэй. Ингэснээр сонсох явцад танд “баримжаа” болох болно.

5. УНШИХ ХЭСГИЙН ДААЛГАВРЫГ ДАРААЛЛААР НЬ ГҮЙЦЭТГЭДЭГГҮЙ

Та унших хэсгийн хамгийн эхний тестийг хийж байгаа бол асуултын хариултыг эхний цогцолбороос хайх хэрэгтэй. Ихэнх оюутнууд хариултыг олохын тулд өгөгдсөн эхийг тэр чигт нь гүйлгэж уншдаг ба хаанаас нь ч хамаагүй хайх гээд байдаг талтай. Ерөнхийдөө бүх асуултууд нь тухайн эхэд гарсан дарааллаараа байдаг. Тийм учраас хариултаа дарааллаар нь гүйцэтгэвэл цаг хожих тустай.

6. ЦОГЦОЛБОРЫН ЭХНИЙ БОЛОН СҮҮЛЧИЙН ӨГҮҮЛБЭРИЙГ УНШИХ

Энэ бол хамгийн аюултай арга гэж хэлж болно. Жинхэнэ мэдээлэл нь эхний өгүүлбэрт бичигдэх албагүйг анхаар! Гэтэл зарим оюутнууд эхний өгүүлбэрийг уншаад тухайн цогцолборт байгаа мэдээллийг таамаглах гэж оролддог. Гэвч тухайн цогцолборыг уншаад үзвэл “гэхдээ...” гэдэг холбоосоор эсрэг утга санааг илэрхийлэх тохиолдол цөөнгүй. Үүний оронд цогцолбор бүрийг хурдан гүйлгэж унших чадвараа сайжруулсан нь дээр.

7. ТҮЛХҮҮР ҮГСИЙГ БУРУУ ТААРУУЛАХ

Түлхүүр үгээ ашиглаж тестийн хариултыг хайх аргыг ихэвчлэн унших шалгалт дээр хэрэглэдэг. Гэтэл зарим хүмүүс тухайн үгээ олсон л бол тэр өгүүлбэрийг нь уншаад хариултаа олчихсон гэж боддог. Энэ бол ноцтой алдаа. IELTS толгой эргүүлдэг гэж хэлсэнчлэн, өмнөх болон дараагийн өгүүлбэрийг нь заавал уншаарай. Ингэж байж л хариултаа баттай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таны олсон өгүүлбэр 100% баттай биш гэсэн үг. Өмнөх эсвэл дараагийн өгүүлбэр дээрээ өөр утгатай байх вий. 

Амжилт хүсье!

Эх сурвалж: IELTS Learning Tips

#IELTS-д бэлдэцгээе