Түүхэн дэх хамгийн эвгүй арван гоо сайхны тренд


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Түүхэн он цагийн туршид, бүр өнөө цагт ч гэсэн хүмүүс тухайн үеийнхээ “гоо сайхны стандарт”-д тэнцэх гэж санаанд оромгүй зүйлсийг хийсээр ирсэн.

1. Нийлсэн хөмсөг

Эхлээд нийлсэн хөмсөг. Тийм ээ тийм та зөв уншсан.

Эртний Грект нийлж ургасан хөмсөг нь цэвэр ариун байдал болон оюун ухааныг бэлгэддэг байж.

Гэхдээ мэдээж хоёр хөмсгөө нийлүүлж ургуулна гэдэг ихэнх хүний хувьд томоохон даваа байх магадлалтай тул хөмсөг нь нийлж ургах боломжгүй эмэгтэйчүүд ямааны үсийг өөрийнхөө хөмсөгний өнгөтэй ижил өнгөөр будан хөмсөгнүүдийнхээ хооронд наадаг байсан байна.

2. Хар тугалгаар нүүрээ цагааруулдаг

Дээхэн үед цагаан нүүртэй хүмүүс үзэсгэлэнтэйд тооцогддог байв. Гэхдээ мэдээж тэр үед арьс цайруулах саван гэж байгаагүй тул тэд өөр зүйлээр нүүрээ цайруулахаас өөр аргагүй болсон нь хар тугалга. Гэхдээ энэ нь шууд л хар тугалга худалдаж аваад нүүрэндээ нялахыг хэлээгүй юм шүү.

Дундад зууны үед эмэгтэйчүүд тос, энгэсэг зэргийг хэрэглэдэг байсан ба тэрхүү гоо сайхны бүтээгдэхүүнүүд дотроо хар тугалгыг агуулсан байдаг байжээ.

Харамсалтай нь тухайн үеийн эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагдахын тулд түрхэж буй тэрхүү бүтээгдэхүүнүүд нь тэднийг үхэлд ойртуулж байна гэдгийг мэддэггүй байсан байгаа юм.

3. Туузан хорхой иддэг байв

Хатан хаан Викториагийн үед маш олон хачирхалтай гоо сайхны трендүүд дэлгэрч байсан. Үүнд: Египетийн муммижуулсан цогцос идэх, сүрьеэ туссан хүмүүсийг үзэсгэлэнтэй гэж үзэх, жинхэнэ амьтны толгойг малгай болгон хэрэглэх, мөн туранхай байхын тулд туузан хорхой идэх гэх мэт.

ЮУ? ТУУЗАН ХОРХОЙ ГЭНЭ ЭЭ?

Яг зөв. Туузан хорхой. Таны биед ороод амийг чинь авах чадалтай тэр туузан өт.

Тэр үед нийгэмд хүнд жинтэй гэж тооцогддож байсан эмэгтэйчүүд туузан хорхойн өндгийг эмтэй хамт уух бөгөөд энэ нь тухайн өндгийг хүний биен дотор хагарахад хүргэнэ. Үүний дараа хорхойн өндгийг биедээ оруулсан хэн бүхний идсэн хоолыг тэрхүү хорхой нь иддэг байж л дээ.

Гэхдээ хэрвээ өт идэгч өөрийн хүссэн биеийн жиндээ хүрэх юм бол өтийг биеэсээ гаргах ёстой. Юу л буруугаар эргэв гэж тийм ээ?

4. Матрын ялгадсанд орох

Эртний Грек, Ромын үед матрын ялгадсыг гоо сайхны бүтээгдэхүүн болгон ашигладаг байжээ.

Тухайн үеийн хүмүүс матрын баас арьсанд сайн хэмээн итгээд усанд ордог ваннаа матрын шинэхэн баасаар дүүргэн дотор нь орж суудаг байв.

Заваан байгаа биз? Үнэрийг нь төсөөлөхөд ч хэцүү байна.

5. Шээсний амттай ам зайлагч

За за би арай зөөлрүүлсэн юм. Жинхэнээсээ шээсний амттай ам зайлагч байсан бол арай л дээр байх байж. Гэхдээ үгүй. Тэд зүгээр л шээсээр амаа зайлдаг байсан.

Ромчууд шээсийг шүдээ цэвэрхэн, цагаан байлгахыг хүссэн хүмүүст хэрэглэхэд хамгийн тохиромжтой гэж үздэг байсан ба шээс нь 18-р зуун хүртэл ам зайлагчийн орцод зүй ёсоор ордог байжээ.

6. Хацрын хонхорхой үүсгэгч төхөөрөмж

1936 онд Изабелла Гилберт өөрийн хацрын хонхорхой үүсгэгч машиныг бүтээсэн байна. Машин нь хүмүүсийн нүүрний хэлбэрийг засахаас гадна хацрын хонхорхой үүсгэхэд тусална.

Хэрвээ та өөрийн хацрын хонхорхойд дургүй бол энэ бүсгүй таны хацрын хонхорхойг олж авахын тулд бүр машин зохион бүтээсэн байна шүү дээ.

Тэгсэн ч уг бүтээл нь зүүхэд маш тухгүй байсан тул тийм ч удаан зах зээлд байгаагүй байна.

7. Бадамлянхуа хөл

Хамгийн эхлээд 10-р зууны үед ордны бүжигчид хөлөө бадамлянхуа болгодог байж. Энэхүү тренд нь Хятадад маш хурдацтай бөгөөд өргөнөөр тархсан ба бүр 19-р зууны сүүл үе хүртэл үргэлжилсэн.

Бадамлянхуа хөлтэй болохын тулд 4-7 насны охидын хөлийг эрхий хуруунаас бусад бүх хурууг нь чанга гэх ч нь бооно. Ингэх нь хөлийн хурууны өсөлтийг зогсоож, тухайн охин насанд хүрсэн ч жижигхэн хөлтэй байхад “тусалдаг” байжээ.

Галзуу байгаа биз? Гэхдээ үүнээс ч галзуу зүйл нь тухайн эмэгтэйн хөл 7.5 гаруй см хүртэл жижгэрч чадвал “Алтан-Бадамлянхуй” хэмээн сайшаагддаг байсан байгаа юм.

10 гаруй см хөлтэй эмэгтэйчүүдийг “Мөнгөн-Бадамлянхуа” гэх бөгөөд бага зэрэг хүндлэл хүртэнэ. Гэхдээ доромжлуулж, шоолуулахгүй. Харин 12.5 см-ээс урт хөлтэй эмэгтэйчүүдийг “Төмөр-Бадамлянхуа” хэмээх бөгөөд сэтгэл татам бус гэж тооцогддог байв.

8. Огт хөмсөггүй байх

Дундад зууны үед том духтай байх нь загварлаг харагддаг байлаа. “Загварлаг” хэмээх үгэнд багтахын тулд эмэгтэйчүүд хөмсөг, сормуус, толгойн дух хэсгээрх үсээ хусаж духаа илүү том, өргөн харагдуулахыг зорьдог байжээ.

Уг хачин трендийн бий болсон шалтгаан нь том дух эмэгтэйчүүдийг нярай хүүхэд мэт харагдуулдаг хэмээн итгэдэг байсантай холбоотой.

9. Шүдээ хараар будах

Японд шүдээ харлуулахыг Охагуро гэж нэрлэдэг. Гэхдээ уг уламжлал маягийн зүйл нь бүр дээр үед л хэрэгждэг байсан.

Яагаад шүдээ хараар буддаг байсан гэж үү?

Хариулт нь ердөө л энгийн бөгөөд тэр үед хав хар зүйлс үзэсгэлэнтэй, сайхан гэж харагддаг байсанд л байгаа юм.

Ихэнхдээ дээр үеийн япончууд шүдээ өсвөр насныхаа төгсгөл хавиар харлуулдаг бөгөөд энэ нь насанд хүрч буйг нь илтгэдэг аж. Энэхүү онцгой цаг үеэр л энгийн иргэд нь шүдээ хараар будах бол язгууртан, хаад ноёдын хувьд өдөр бүр ч хар шүдтэй явах тохиолдол элбэг байв.

10. Хар шүд...гэхдээ өтсөн

Хар шүд гэснээс Тюдорын үед Англид чихэр, амттанууд дандаа гадаадаас импортлогдон маш үнэтэйгээр зарагддаг байсан. Тийм ч учраас уг үнэтэй ч донтмоор амттай чихэр, жимснүүд хааны гэр бүлийнхний өдөр тутмын амны зугаа байжээ.

Тэр үед амны хөндийн ариун цэвэр сахих асуудал тийм ч чухалд тооцогддоггүй байсан тул өдөр бүр их хэмжээгээр шүдээ угаалгүй чихэр идэж байгаа язгууртнуудын шүд хорхойтон, харлаж эхэлсэн байгаа юм.

Ингэж явсаар хар, хорхойтсон шүд нь тухайн хүний нийгмийн статусыг харуулдаг бэлэг тэмдэг болсон байна.

Хатан хаан нэгдүгээр Элизабетийн амны хөндийн эрүүл мэнд ч тааруухан байсан бөгөөд үүнээс нь болоод тэрбээр жар хүрэхээсээ өмнө маш олон шүдээ алджээ.

Эх сурвалж: Medium

#гоо сайхны тренд