Бид яагаад буруу хүнд татагддаг вэ?


Д.Даваажав | YOLO.MN
2023-05-13

Хэн нэгэнтэй шинэ харилцаа үүсгэх, нэгнээ таньж мэдэх үед түүнийг буруу эсвэл зөв нэгэн мөн эсэхийг тааж хэлж чадахгүй шүү дээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зөв хүнээс дайжиж, буруу хүн рүү татагдаж байснаа ухаарах нь бий. Тэгвэл бид яагаад буруу хүмүүст татагддаг 5 шалтгааныг хүргэж байна.

1. Түүнээс илүүг олно гэдэгт итгэдэггүй

Өөрийн жинхэнэ хайр дурлал, зөв нэгнээ олохын тулд тантай учирсан нэгэн хорвоо дэлхий дээр ганцаархнаа үлдсэн охин/залуу мэт бодож болохгүй. Бидний амьдралд маш олон хүн учрах болно. Жишээлбэл хэрэв та түүнийг зөв нэгэн гэж бат итгэсэн бол түүнд тааруулан, өөрийгөө ч хайрлахаа  мартах болно. Тэр ч бүү хэл тэр тантай яаж ч харьцсан, түүнд хайртай учраас ойлгож уучлах, аргадаж, тааруулах байх. Оронд нь түүнээс өөр, түүнээс илүү нэгэн бий гэдгийг олж харснаар буруу хүнийг хэт удаан, гүнзгий хайрлахгүй байж чадна.

2. Сэтгэл хөдлөл

Хэрэв таны харилцаж буй охин/залуу сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй хүн бол асуудал үүсэх нь цаг хугацааны асуудал. Уур нь хүрсэн үед хараалаар зүхэж, таагүй ааш гаргачихаад сайхан зантай болоод зангаа хувиргаж чамайг хэзээ ч гомдоохгүй, орхиж явахгүй мэт аашлах нь буруу хүнийг орхиж явж чадахгүй байх хамгийн том шалтгаан болдог. Учир нь та түүнд сайн, эсвэл бүр хайртай байх. Хайртай нэгэн нь аргадаж, уучлалт гуйвал хэн ч “Дахиад надад ингэж хандахгүй байх” гэсэн найдлага тээнэ шүү дээ. Гэхдээ ийм төрлийн “хоёр” зантай хүмүүс амлалтаас насан туршдаа зугтаж явдаг гэдгийг бүү мартаарай. 

3. Та хүн бүрт “ТӨГС” тохирох заяаны хань байдаг гэдэгт итгэдэг

Уолт Дисней бид бүгдийн дуртай, гайхалтай хайрын түүхүүдээр олон олон хүүхэлдэйн кино бүтээсэн. Гэсэн хэдий ч бидний багаасаа л үзэж өссөн эдгээр хүүхэлдэйнүүд дээр төгс төгөлдөр ханхүү, гүнжийг дүрсэлж бидэнд “төгс төгөлдөр”-ийг хүсэж, тэмүүлэх хүлээлт үүсгэдэг. Бодит байдал дээр хэн ч, хэзээ ч төгс байж чадахгүй. Бид өөрийнхөө биш бусдын алдааг олж харахдаа сайн шүү дээ. Харин таны учирсан “буруу” нэгэн таны төсөөлөлд бүтээсэн төгс ханхүүтэй хамгийн дөхөх нэгэн бол түүнээс зайгаа барихад хэцүү байх болно. 

4. Сэтгэл зүрхээ сонс

Бид өөрсдийн юу хүсэж буйгаа, хэнтэй хамт баймаар байгаагаа мэдэхгүй, өөрийгөө ойлгохгүй үе бишгүй. Зөв нэгнээ буруу нэгэн хэмээн андуурч алдаж явуулчихаад буруу нэгэнтэй зовж хамт байх шиг хэцүү зүйл үгүй. Тийм учраас сэтгэл зүрхээ, зөн совин мэдрэмжээ ойлгож, сонсож сохор хайраар, сэтгэлийн хөдлөлөөр биш нухацтай, ирээдүйг харсан шийдвэрийг бид гаргах хэрэгтэй болдог.

5. Түүнийг өөрчилнө гэж итгэдэг

Энэ бол хамгийн болчимгүй бодол. Хүн өөрчлөгдөж болно. Таны сонгосон буруу нэгэн зөв болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэн нэгнийг өөрчлөх гэж оролдох, өөрчлөгдөхийг хүлээснээс өөрийнхөө буруу бодлыг өөрчилсөн нь дээр юм шүү.

Эх сурвалж: awarenessact

 

#Сэтгэл зүй