

Стоицизм нь эртний филосифын урсгал бөгөөд таван зуун жилийн өмнө Грек болон Ромд үүсжээ.
Эртний стоикууд логик сэтгэлгээ, физик, ёс зүйгээс бүрдсэн иж бүрэн философийн систем боловсруулсан нь стоицизм юм. Ромын үед Сенека, Эпиктет, болон Маркус Аврелиус гэх зэрэг зохиолчид Стоик дүрмүүдийг энгийн хүмүүс хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох тухайд гол анхаарлаа хандуулсан байдаг.

Стоицизмын гол цөм болсон санаа нь сайхан амьдрахын тулд бид мэргэн ухаан, хэм хэмжээ, зориг, шударга ёсны ариун чанарууд дээр тулгуурласан зан чанарыг өөрсдөдөө төлөвшүүлэх хэрэгтэй. Эдгээрийг бид удирдаж чадах бөгөөд ямар ч нөхцөл байдалд амжилттай хэрэгжих бүрэн боломжтой гэдгээрээ онцлогтой.
Өөрийгөө шунал хүсэл эсвэл зовлонгоос айх айдсаас чөлөөлж, дэлхий ертөнцийг хэрхэн ажилдгийг ойлгон хийж чадах зүйлээ хийж, мөн бусдыг ялгалгалгүй шударга харьцаж чадсанаар дэлхий дээрх хүн бүрийн хүсэл болсон сайхан амьдралыг бий болгох боломжтой гэж Стоикууд үздэг.
Ариун чанарууд гэж юу вэ?
Стоицизм нь анх эртний Грект үүссэн бөгөөд дараа нь Ромд түгэн дэлгэрсэн. Уг философи нь Ромын эзэнт гүрний гурван стоик философичдын ачаар сайхан амьдрах тухай зөвлөгөөний эх үүсвэр болсон байна.
Эдгээр гурван философичид нь Ромын төрийн зүтгэлтэн, зохиолч Сенека, боолоос чөлөөлөгдөн багш болсон Эпикет, болон Ромын эзэн хаан Маркус Аврелиус нар байжээ. Тэд гурвуулаа биесээсээ тэс хөндлөн амьдралтай, аливааг бичих хэв маяг нь ч өөр байсан ч гурвуулангийнх нь амьдралыг харах өнцөг ижил байсан юм.

Стоицизмын гол санаанууд
Сайхан амьдрахыг хүсдэг хүн бүрийн хувьд зөв сэтгэлгээтэй болох нь хамгийн чухал. Бидний амьдралыг хэвжүүлж өгдөг зүйл бол амьдралд чинь яг юу болж байгаа биш харин тэр болж буй зүйлийг та хэрхэн хүлээж авч, ямар хариу үзүүлж байгаа явдал юм. Хүмүүс ихэнхдээ ямарваа нэгэн асуудал, нөхцөл байдал болон бусад хүмүүсийг удаан бодож, шударга шүүлт хийлгүйгээр маш хурдан дүгнэж орхидог.
Иймээс ихэнх тохиолдолд бидний яаран хийсэн дүгнэлтүүд үндэслэлгүй байдаг бөгөөд энэ нь бидний харах өнцгийг буруу талаас нь өнгөлж, дургүйцэл, атаархал, хорсол, айдас, уур хилэн зэрэг сөрөг мэдрэмжүүдийг бий болгодог байна.

Стоикуудын үзэж байгаагаар эдгээр сөрөг мэдрэмжүүд нь үнэн бодит зүйлсийг илэрхийлж буйн хэрэг биш харин зүгээр л бид тухайн зүйлийг ямар өнцгөөс нь харж байгаагаас болж үүсдэг. Тэгэхээр хэний ч мэдрэх дургүй уг мэдрэмжүүдийг мэдрэх эсэх нь бүхэлдээ танаас өөрөөс чинь шалтгаалах юм. Жишээ нь, танд хэн нэгэн алим өглөө гэж бодъё. Нэг талаас та үүнийг энгийн л нэг алим гэж хүлээж авч болно. Эсвэл ойрын хугацаанд алим идээгүй гэдгээ санан чин сэтгэлээсээ талархан хүлээж авч болно.
Аливааг зөвөөр шүүхийн тулд зөв зан чанарыг бий болгох ёстой
Хэрвээ та үнэхээр л сайхан амьдаръя гэж хүсэж байгаа бол өөртөө эерэг зан чанарын шинжүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Эдгээр эерэг зан чанар нь шударга үнэнч байдал, эр зориг, хэм хэмжээ болон мэргэн ухаан юм.

Ингээд сонсохоор эдгээрийг бүрдүүлэх нь тун хэцүү мэт санагдаж болох ч энгийнээр ойлгох боломжтой. Шударга ёс гэдэг бол бусадтай эрх тэгш хандах, эр зориг гэдэг бол хариуцлагаа хүлээж, асуудлаас дайжихгүй байх, хэм хэмжээ гэдэг нь хэт туйлшрахгүйгээр дунджийг баримтлах бол мэргэн ухаан нь туршлага дээр тулгуурлан зөв шийдвэр гаргах явдал билээ.
Ихэнх тохиолдолд амьдрал бидний хүссэнээр өрнөх нь боломжгүй зүйл
Амьдрал гэдэг сорилт, саад бэрхшээлүүдээр дүүрэн байдаг. Хэдийгээр одоо таны амьдрал ямар ч асуудалгүй явж байж болох ч үүрд энэ эрчдээ байна гэдэг юу л бол. Бид бүгд л өвддөг, эргэн тойронд маань байх хайртай дотны хүмүүс нэг л өдөр мөнх бусыг үзүүлнэ.
Хүн төрөлхтөн бол байгаль дэлхийн маш жижиг, тийм ч чухал биш элемент учраас өөрсдийн хүслийг гүйцэлдүүлж, байгалийн хуулийг зөрчих хүч бидэнд байдаггүй. Энэ тухай бүгд л мэддэг. Гэсэн ч юмс бидний хүссэнээр явахгүй байх үед бид уурлаж бухимдан,сэтгэлээр унадаг.
Стоицизмын судлаачид иймэрхүү асуудлуудын талаар ихээхэн бодож тунгаасан. Тэднийхээр бид гадаад нөхцөл байдал, үйл явдлыг хэт өндрөөр үнэлэх хандлагатай байдаг бөгөөд аз жаргалыг тэднээс хамруулж боддог. “Хэрвээ би тэр ажилд л орж чадвал..., тэнд амьдарвал..., тэр машиныг авч чадвал...,” гэх мэт.

Хэдийгээр эдгээр материаллаг зүйлсийг эзэмших нь таатай ч гэсэн Стоикуудынхаар бол эдний аль нь ч сайхан амьдралыг бий болгодоггүй. Харин амьдралыг сайхан болгогч зүйлс нь зөв бодол, оюун ухаан байх бөгөөд нэгэнт л зөв бодолтой болсон хүнээс хэн ч түүнийг нь булаагаад авч чадахгүй. Мөн ямар ч нөхцөл байдалд, амьдрал бидэн рүү хэдэн ч ширхэг лимон шидсэн бид гуньж гутралгүй сайхан амьдралыг цогцлоох боломжтой.

Хэрэв сайхан амьдралын хамгийн чухал зүйл нь сайн зан чанарыг төлөвшүүлэх байдаг юм бол, бид бусдыг ч мөн түүгээр нь дүгнэх ёстой. Хүмүүсийг ихэвчлэн хувааж, аль нэг бүлэгт хамааруулдаг үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс зэрэгт бид ач холбогдол өгөх ёсгүй.
Хүмүүс бүгд ижил гэдгийг ойлгох нь чухал. Үүний зэрэгцээ шаналж буй хүмүүст энэрэнгүй хандах хэрэгтэй гэдгийг ч стоицизмын философичид онцолдог. Эцсийн эцэст хэн ч ууртай, бодлогогүй, эсвэл тэвчээргүй байхыг зориуд сонгодоггүй. Бид бүгд л энэ дэлхий дээр анх удаа амьдарч байгаа, мөн дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн нэг гэдгээ санах нь бусдад сайхан хандахад тусална.

Бид энэ дэлхийн нийгэмлэгийн гишүүд гэдгийн нэгэн адил байгаль дэлхийн ч бас нэг хэсэг гэдгээ санах хэрэгтэй
Бидний сайн сайхан байдал, оршин тогтнол олон талаараа байгаль эхээс өгч буй зүйлээс буюу хоол хүнс, ус, агаар гэх мэтээс шууд хамаардаг. Байгаль дэлхийгүй бол хүн төрөлхтөн гэж байхгүй. Үүнээс бид байгалийн сайн сайханд анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг тэжээж байгаа “гар”-ыг гэмтээлгүй амьдрах хэрэгтэй.
Эх сурвалж: Aurelius Foundation
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!